Түүний үхлийн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнүүдэд халуухан
сэдвүүдийн нэг болж, харууссан хүмүүсийн сэтгэгдэл олныг хамраад байна.
“Дэлхийн бас нэг агуу дуучин арай эрт хорвоог орхилоо” гэж алдарт дуучин
Брайн Адамс твиттертээ бичжээ. Түүнээс гадна дэлхийн бүх алдартай
дуучид тухайлбал Бруно Марс, Кейти Перри, Адел, Дюран Дюран хамтлаг
зэрэг олон алдартнууд эмгэнэлийн үгийг твиттер хуудсандаа бичсэн байна.
“Bee Gees” хэмээх ах дүү гурваас бүрдсэн хамтлаг 1970-аад онд Англи
болон Европыг донсолгож, борлуулалтаараа дэлхийн хэмжээний амжилтыг
тогтоож байв. Харин энэ хамтлагийн нэгэн гишүүн Робин Гибб уржигдар орон
нутгийн цагаар ням гаригийн 10:47 цагт өөд болжээ. Тэрээр элэгний хорт
хавдарын улмаас ийнхүү хорвоог орхилоо. “Маш хүнд хэцүү хагалгаа
хийлгэж, олон жил өвчинтэйгөө тэмцсэн бидний гэр бүлийн эрхэм хүн ийнхүү
хорвоог орхилоо” гэж гэр бүлийнхэн нь орон нутгийн сонинд мэдээлжээ.
Одоогоос хоёр сарын өмнө уушигны хагалгаанд орж, өвчний тархалт нь
намжсан гэж мэдээлж байсан ч тавдугаар сарын эхэнд уушигны үрэвсэл нь
хүндэрч, хэдэн долоо хоногийн турш ухаангүй байсаар ийнхүү хорвоог
орхисон байна. Ийнхүү алдарт Bee Gees хамтлагийн үндсэн гурван гишүүнээс
Барри Гибб ганцаараа үлдлээ. 2003 онд ах дүү гурвын нэг Морис Гиббс
насан эцэслэсэн билээ.
Робин Гибб 1949 оны арванхоёрдугаар сарын 22-нд Английн боомт хот болох
Isle of Man хотод төржээ. Тэрээр айлын таван хүүхдийн гурав дахь нь болж
хорвоод мэндэлсэн юм. Харин түүний ихэр болох Морис Гибб нь түүнийг
төрснөөс хойш 35 минутын дараа төрсөн байна. 1958 онд Гиббсын гэр бүл
халаасны мөнгө олох зорилгоор Австрали услын Күинслэнд хот руу
цагаачилсан гэдэг. Удалгүй ах дүү гурав радиод хэд, хэдэн дуугаа
өгсөнөөр олонд танигдах замнал нь эхэлсэн байна. Орон нутгийн радиогийн
хөтлөгч нэгэн залуу нэгэн удаа “Bee Gees” хамтлагийн дууг та бүхэнд
хүргэе гэсэн гэдэг. Энэ нэрний утга нь англиар “Ах дүү Гиббс” гэсэн
утгатай ажээ. Үүнээс хойш уг хамтлаг энэ нэрнийхээ доор уран бүтээлээ
туурвиж, дэлхий нийтэд танигдсан билээ. 1960 оноос олонд танигдах болж
мэргэжлийн гэрээг анх удаа байгуулсан юм. Энэ хамтлагийн олон гайхалтай
дуу байдгийг монголчууд андахгүй. Мэдэхгүйд нь хэлэхэд, дэлхий даяар 220
сая цомог борлуулсан гэхээр энэ хамтлагийн ямар байсныг мэдэх болно.
Робин Гибб хамтлагийн нэр хүнд өсөхийн хажуугаар давхар өөрийн соло
карьераа хөөхөөр болов. Гиббс 21 насандаа хар тамхи хэрэглэсэн,
худалдаалсан хэргээр Английн дээд шүүхэд дуудагдаж, чамгүй хэмжээний
мөнгөөр торгуулж байсан түүхтэй. Хэдийгээр олон асуудалтай байсан ч
түүний хамгийн анхны гоцлон дуулж амжилт үзүүлсэн цомог нь “Saved by
the Bell” юм. Энэ дуу нь гарсан даруйдаа Их Британийн хит парадад
хоёрдугаар байрт орж байжээ. Зөвхөн Их Британи даяар энэ цомог нэг сая
хувь борлогдож алтан дискний эзэн болж байв. 1978 онд дэлхий даяар
хүүхдүүдийн сайн мэдэх “Sesame Street” хүүхдийн хөтөлбөрийн дууг дуулж
олон нийтэд хүргэж, энэ нь ч маш их амжилтыг олсон юм. Гиббийн ганцаараа
гаргасан дуунууд 1984 он хүртэл гарсан даруйдаа хит болдог байлаа.
2003 оны нэгдүгээр сарын 27-нд ихрийн өрөөсөн Морисийг нас барснаас
хойш 15 өдрийн дараа өөрийн шинэ цомог “Магнет”-ыг худалдаанд гаргав.
Хэдийгээр энэ цомог нь нэг их амжилт олоогүй ч “Bee Gees”-ийн үнэн ч
фенүүдэд үнэтэй бэлэг болж чадсан юм. Түүний хамгийн сүүлд ажилласан
томоохон бүтээл гэвэл Титаник хөлөг далайд гарсаны 100 жилийн ойд
зориулан бүтээсэн “Бахархам Титаник” нэртэй аяыг Хатан хааны оркестертэй
хамтран зохиож дөрөвдүгээр сарын 10-нд олонд сонсгосон юм.
2010 онд тэрээр Австрали улсын “X Factor” нэвтрүүлгийн шүүгчээр урилгаар
ажиллаж хэд, хэдэн шалгаруултыг шүүж байсан түүхтэй. Түүний хамгийн
сүүлийн бие даасан тоглолт нь энэ оны нэгдүгээр сарын 30-нд тоглогдсон
юм. Афганистанаас эх нутагтаа ирсэн дайчдад зориулсан “Гэртээ ирлээ”
тоглолт нь “Миний биеийн байдал таагүй байсан ч би тэрхүү дайчдад
хүндэтгэл үзүүлж цөөн хэдэн минут ч болтугай тоглохыг үнэхээр хүссэн.
Тайзан дээр ямар нэгэн зовиур ажиглагдсангүй” гэж тоглолтын дараа ярьж
байжээ. Хэдийгээр өөрөө ингэж ярьсан ч тоглолт дөнгөж дуусмагц түүнийг
үйлчилгээний хоёр ажилтан сугадан машинд суулгасан гэдэг.
Түүний хувийн амьдрал тийм ч дардан байсангүй. Залуудаа хар тамхи
хэрэглэж түүнтэйгээ хорин жил тэмцсэний эцэст гарч чадсан юм. Мөн 1967
онд түүний эхнэр Моли Холс галт тэрэгний ослоор өөд болов. “Эхнэр минь
нас барахад надад үнэхээр хэцүү байсан. Тийм болохоор л би 21 жил хүнтэй
суугаагүй юм” гэж Робин ярьж байжээ. 1988 онд Двина Мерфи нь энэтхэг
гаралтай бөгөөд Хинду шашинтай хүн байв. Угтаа эхнэрийнхээ шахалтаар тэр
цагаан хоолтон болжээ. Гэр бүлийн харилцаа бүтэл муутай байгаа гэдгийг
тэр хүлээн зөвшөөрч байсан ч хоёр хос хэзээ ч салаагүй билээ. 2008 оны
арваннэгдүгээр сарын 8-нд Их Британи даяар түүнийг гэрийн үйлчлэгчтэйгээ
амрагын харьцаатай гэж шуугисан ч нэг их газар авалгүй өрнөсөн юм.
Гэхдээ тийм харьцаатай гэдгээ өөрөө нуугаагүй бөгөөд эсэргүүцсэн ямар ч
мэдэгдэл хийгээгүй билээ.
2010 оны наймдугаар сарын 14-нд Белгид болсон тоглолтын үеэр бие нь
эвгүйрхэж, хэд хэдэн удаа дуугаа тасалж байв. Дөрвөн хоногийн дараа
Англи улсын Оксфорд хотын эмнэлэгт хүргэж нарийн шинжилгээнд оруулахад
нарийн гэдэс нь үрэвссэн болохыг тогтоож яаралтай хагалгаанд оруулахаар
болжээ. Хагалгаа амжилттай болж Шинэ Зеланд болон Австралид хийх
тоглолтоо үргэлжлүүлэхээр шийдсэн байна. 2011 онд эрүүл мэнд нь дахин
муудаж Бразил болон Францад хийх аялан тоглолтоо арга буюу цуцалжээ.
Өмнө нь хагалгаанд орж байсан ч түүний нарийн гэдэс дахин үрэвссэн
байлаа. Хоёр дахь удаагаа хагалгаанд орж, эмнэлэгт хэсэг хугацааг Робин
өнгөрөөв. 2011 оны аравдугаар сарын 27-нд тэрээр “Миний өвчин бүрэн
эдгэрч байгаа. Эмч нар ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж надаа хэлсэн” гэж
Робин мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч нэг сарын дараа гэдэсний үрэвсэл нь
хүндэрч элэгний хорт хавдрын эцсийн шатанд хүрсэн байна гэдгийг эмч нар
ар гэрийнхэнд нь мэдэгдсэн юм.
Өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд тэрээр тархалтыг саармагжуулах
хагалгаанд орсоны улмаас төлөвлөөд байсан тоглолтуудаа хойшлуулжээ.
Түүний хагалгаа амжилтгүй болсон учраас дөрөвдүгээр сард дахин
хагалгаанд оров. Хамгийн сүүлийн хагалгаа нь ч үр дүнгээ төдийлэн
үзүүлсэнгүй. Тэрээр ийнхүү бүтэн нэг жилийн турш өвчинтэйгөө тэмцсэний
эцэст ийнхүү тавдугаар сарын 20-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
1994 онд Робин Гиббыг Греммигийн наадмын музейд “Хөгжмийн зохиолчдын
алдрын танхимд” залжээ. Мөн 1997 онд Bee Gees хамтлагыг Рокн Роллийн
алдрын танхимд мөнхөлсөн юм. 2002 он Робин Гиббсыг хатан хааны одонгоор
шагнасан байна. 2004 оны тавдугаар сард Манчестэрийн их сургуулийн
хөгжим судлалын ухааны хүндэт докторын зэргийг хүртээжээ.
“Тэр дэлхийд өөрийн уянгалаг хоолойгоороо танигдсан юм. Магадгүй түүний
хоолой бурханд хэрэгтэй болсон ч юм бил үү” алдарт дуучин Элтон Жонны
твиттерт бичсэн сэтгэгдлээс…
Ричард Гибб 1960 онд Их Британи, Лондон хот.
Bee Gees хамтлаг 1968 онд. Нью-Йорк хотын гудам уруудан алхаж байна. Энэ үед басс гитарчин Винс Мелони хамтлагт шинээр элсээд байв.
Робин Гибб. 1975 онд Лондон хотод тоглосон тоглолтын үеэр
1999 он. Австрали улсын Сидней хотод болсон “One night only” тоглолтын үеэр.
2003 он. Робин Гиббд “Дэлхийн урлагийн их наадам”-аас шилдэг уран бүтээлч гэсэн шагналыг олгов.
2012 оны дөрөвдүгээр сар. Элэгний хорт хавдарын эмчилгээг хийлгэж байх үедээ.
2012 оны нэгдүгээр сарын 30. Түүний хамгийн сүүлийн тоглолт. Тайзан дээр “Saved by the bell” дуугаа дуулж байгаа нь