УИХ-ын чуулган маргааш түр завсарлана

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган маргааш түр завсарлана

УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын ээлжит сонгуулийн тов зарлагдсанаас хойш буюу УИХ-ын сонгуулиас нэг сарын өмнө завсарлага авах эрхтэй байдаг аж.  Энэ дагуу УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан маргааш завсарлана. Түүнээс урьдаж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Үүний дагуу өчигдөр хэд хэдэн байнгын  хороо хуралдсан юм.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн тухай хуулийг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар шийдвэрлэлээ. Дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн чуулганы хуралдаанаар хийгээд байсан юм.

Үүний дараа Инновацийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр мөн чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж батлуулахаар шийдвэрлэв.

Донорт олгох мөнгөн урамшуулал өндөр байх нь буруу гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр эрхэм гишүүн Д.Очирбат, С.Ламбаа нарын хооронд донорын урамшууллын асуудлаар маргаан үүсэв. Бүр 1999 оны үеийн үнэлгээгээр доноруудыг урамшуулж буйг халахаар хуульд тусгасан байна. Хуулийн төсөлд тусгаснаар цусаа өгсөн донорт олгох мөнгөн урамшууллыг нэмэх нь зүйтэй гэж тусгасан. Үүнд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсанюм. Тухайлбал, Гишүүн Д.Очирбат цусаа өгсөн доноруудад 10-20 мянган төгрөгийн урамшуулал байх ёстой гэсэн бол гишүүн С.Ламбаа “Урамшууллыг ингэж өндөр тавих юм бол өвчтэй, эрүүл янз бүрийн хүмүүс, бүр гудамжны хүмүүс ч цусаа өгөх гэж ирэх болно. Тэгж болохгүй. Одоо ч гэсэн 100 хүн цусаа өгөхөд 40 нь л эрүүл, шаардлага хангадаг. 60 хүний цус шинжилгээгээр шаардлага хангадаагүй тул асгахаас аргагүй болдог. Цусаа өгсөн хүнд унааны зардал 5000 төгрөг өгдөг” гэж байлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан хавирган сар нийгэмлэг авлагагүй, үнэ төлбөргүй донорыг дэмждэг. Урамшуулал өгөхийг зөвшөөрдөггүй гэж яамны мэргэжлийн хүн хэлж байв. Иймээс унааны зардал, цус төлжүүлэх хоол, кофе нэг удаа авах мөнгө л доноруудад өгдөг аж.

Гишүүн Д.Очирбат урамшуулал хангалтгүйгээс цусны төв цусны дутагдалд байнга ордог. Цэргийн анги, оюутны байр, үйлдвэр, аж ахуйн газраар орж цус авахад хүрдэг. Иймд урамшууллыг нэмэх ёстой гэсэн байр суурь дээрээ үлдсэн юм. Мөн хүндэт доноруудыг жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэсэн бол гишүүн С.Ламбаа жилд нэг удаа сувилалд амруулах ёстой гэж байв. Д.Очирбат гишүүн С.Ламбаа гишүүнийг “Эрүүл мэндийн сайд байсан хүн байж яагаад хуулийн төслийг жадлан эсэргүүцээд байна” хэмээн загнаж ч үзлээ. Гэвч дурын, эрүүл мэндийн шаардлага хангаагүй хүн цусаа мөнгөөр өгөх гэж ирнэ. Эмнэлгийн шинжилгэний урвалж, бодис үнэтэй. Тэгээд ч 20 мянган төгрөгийн урамшуулал хуульд оруулбал авлагагүй сайн дурын донор гэдэг мөн чанар алдагдана гэлээ.

Нийтдээ 12 литр цус хандивласан буюу 35-аас дээш удаа цусаа өгсөн хүнийг хүндэт донор гэх ДЭМБ, Улаан хавирган сар нийгэмлэгийн жишиг байдаг аж. Эдгээр байгууллагуудад мөн анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүд хэлж байлаа.

хэлэлцүүлгийн дараа саналын зөрүүтэй томъёоллуудаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураахаар болж байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Их газрын чулууг тусгай хамгаалалтад авахыг хүслээ

Мөн өдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы өргөн барьсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах” тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар Чингэлтэй хайрхан уулыг улсын тусгай хамгаалалтад авах талаар тусгасан байна. Хуралдаанд оролцсон гишүүд энэхүү төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлгээр нь дэмжих горимын санал гаргаснаар дэмжигдсэн. Тиймээс Чингэлтэй хайрхан уулыг төрийн тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн учраас Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь дэмжүүлэхээр болсон. Үүний дараа тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг байгалийн цогцолбор газарт хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд нэр бүхий 15 газрыг байгалийн цогцолбор газарт хамааруулахаар тусгасан аж. Нийт 15 нэр бүхий газраас Их газрын чулуу гэх газрыг  Дундговь аймгийн Говь-Угтаал,  Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуу уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг байдаг юм. Энэ газрыг тусгай хамгаалалтад аваагүй байсан бөгөөд бусад 14 газрыг нь тусгай хамгаалалтад байдаг гэдгийг салбарын сайд нь хэлж байсан. Хэлэлцүүлгээр энэ асуудлыг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсноор байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

Шүүхий тухай хуулиудыг чуулган руу шилжүүлээ

Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж Шүүхийн захиргааны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Мөн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. Харин Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд маргаан гарсан тул дахин нягтлахаар болов. Эцэст нь тус байнгын хорооноос Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллах шийдвэрийг мөн гаргасан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж