![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/aa26b951a416d061/329523b93d6f089ebig.jpg)
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг харахад ихэнх хуулийг хэлэлцэж дуусчээ. Байгаль орчны багц хууль, Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах зэрэг томоохон хуулийн төслүүдийг баталж гаргав.
Үлдсэн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулиулаас үлдсэн гурван хуулийн төслийг хэлэлцэж батлах, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Донорын тухай, Орон нутгийн сонгуулийн хуулийн нэгдсэн төсөл зэрэг хэд хэдэн хуулийг эцэслэн батлах үлдээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү нар ээлжлэн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж амьсгаа даралгүй алх тачигнуулсаар 30 орчим хуулийг бөөндөж “төрүүлсэн”. Тэдгээрийн нэлээд олон нь зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль байсан юм.
Хэдийгээр чуулганы танхимын тэн хагас эзгүй байсан ч ирцийн самбарт 40 гаруй гишүүн байгааг харуулж, нэг гишүүн хэд хэдэн гишүүний товчлуур дунд “төгөлдөр хуур” тоглосоор бөөн хуулийг гараас гаргасан.
Одоо үлдсэн хугацаанд хэлэлцэж амжихгүй хуулиудыг дараагийн “дүү” парламентдаа ацаг болгон үлдээх гэж байна. Тэднээс томоохон нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, Засгийн газрын санаачилсан зэрэгцээ хоёр төсөл юм.
Сонгуулиас ангид, улс төрөөс гадна уур амьсгалд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж энэ удаагийн УИХ-ын гишүүд үзжээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг сонгуулийн өмнө хэлэлцвэл улс төрийн аяс орж хэвлэл, мэдээллийг улс төрчдийн гар, хөл болгож мэднэ гэсэн болгоомжлол бас бий ажээ.
Эрхэм гишүүд хоёр өдөр үүрэг хариуцлагаа урамсарлан сэтгэл хоёрдолгүй ажиллаж чадвал Шүүхийн тухай багц хуулиас үлдсэн Эвлэрүүлэн зуучлах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудын төсөл, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэргийг батална. Хэрэв ирц гүйцэхгүй бол дараагийн парламентад үлдээж таарна.
Засгийн газрын тухай хуулийн төслийг баталж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Засгийн газраас санаачилсан төсөлд УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэсэн томъёолол агуулж байгаа юм.
Хэрэв уг хуулийн төслийг энэ удаагийн УИХ баталж чадвал дараагийн дүү парламент үүнийг дагаж ажиллах ёстой. Баталж амжилгүй үлдээвэл өнөөдрийнх шиг дараагийн УИХ-аас Засгийн газар бараг тэр чигээрээ бүрдэж мэднэ.
Ямар боловч хоёр хоногт хэр бүтээлч ажиллахаас дараагийн УИХ-д хэдэн хуулийн төсөл “өвлүүлж” үлдээх нь шалтгаалах гэж байна.