Тариалалтын ажил 50 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Тариалалтын ажил 50 хувьтай байна

Энэ сарын 8-наас газар тариалангийн ажил эхэлсэн байна. Тариалалтын нөр их ажлын үеэр цаг агаар сэрүүсч байна.  Цаг агаарын энэхүү цочир хүйтрэлт газар тариалангийн ажил хэр саад бэрхшээл  учруулж буй талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Г.Одонхүүгээс тодруулсан юм.

-Тариалалтын ажил хэдэн хувьтай байгаа вэ. Хаврын тариалалт хэзээнээс эхлэв?

-Энэ жил цаг агаар харьцангуй дулаан байсан  болохоор хаврын тариалалт өмнөх жилүүдтэй харьцуудахад харьцангуй эрт эхэлсэн. Энэ сарын 7-ноос газар тариалангийн гол бүс нутгуудад тариалалтын ажил эхэлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар тариалалтын ажил 50 хувьтай явж байна.

-Энэ жил хичнээн мянган га талбайд тариалалт хийхээр болсон бэ?

-318 мянган га талбайд улаан буудай, 15 мянган га талбайд төмс, найман мянган га талбайд хүнсний ногоо тариалахаар болсон. Ирэх намар  490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авах урьдчилсан тооцоог гаргасан. Энэ жил хаврын тариалалт харьцангуй эрт эхэлсэн болохоор ургац арвин хурааж авах болов уу гэсэн тооцоо байна.

-Шатахууны нөөц хангалттай байгаа юу?

-Хаврын тариалалтад шаардагдах шатахуун нийлүүлэх гэрээг “НИК” компанитай байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тариаланчиддаа 50 хувийн урьдчилгаатай өгч үлдсэн 50 хувийг намрын ургацаас нь бүтээгдэхүүнээр тооцож авахаар гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 300 орчим аж ахуй нэгж байгууллага 1000 гаран тонн шатахуун зээлээр авсан байгаа. Одоогоор хаврын тариалалтад зориулж, нийтдээ таван мянган тонн шатахууны гэрээ байгуулсан. Нийтдээ 17 тонн орчим шатахуун хаврын тариалалтад хэрэгтэй болов уу гэсэн тооцоо бий. Үр тариа болон ургамал хамгааллын бодисыг манай яам тариаланчдад 50 хувийн урьдчилгаагаар олгож байгаа.

-Өмнө нь 30 хувийн урьдчилгаагаар шатахуун олгодог байсан биз дээ. Энэ жил яагаад 50 хувийн урьдчилгаа авах болов?

-Нэг үеэ бодвол тариаланчдын санхүүгийн байдал харьцангуй сайжирсан. Тиймээс шатахууныг 30 хувийн урьдчилгаагаар олгодог байснаа энэ жилээс 50 хувийн урьдчилгаагаар олгодог болсон байна лээ.

-Цаг агаар гэнэт цочир хүйтэрчихлээ. Тариалалтад ямар нэгэн байдлаар нөлөөлөх болов уу?

-Ямар нэгэн хүндрэл учрахгүй гэж бодож байна. Цаг агаар  эрс  хүйтрээгүй болохоор хаврын тариалалт хүндрэл учруулахгүй гэж бодож байна.

-Монгол Улс энэ жилээс эхлэн дотоодын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайгаа урд хөрш рүүгээ экспортлохоор болсон гэсэн?

-Тийм ээ, манай улаан буудайн чанар харь­цангуй сайн. Янз бүрийн ургамал хамгаалал, бордоо бага хэрэглэсэн учраас цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэдгээр хятадууд нэлээд сонирхож байгаа.  Тиймээс  дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарсныг гадны орнууд руу гаргах төлөвлөгөө бий. БНХАУ-тай гэрээ байгуулаад 100 мянган тонн буудай экспортлох гэрээ байгуулчихсан ажиллаж байна.

Н.ГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж