”Тиранозаурус Батаар”-ыг өөрийн болгож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

”Тиранозаурус Батаар”-ыг өөрийн болгож чадах уу?

Төв Ази тэр дундаа Монголын нутаг дэвсгэрт 75 сая жилийн тэртээ амьдарч байсан байж болзошгүй “Тиранозаурус Батаар” үлэг гүр­вэлийн олдворыг Монголын газар шороо­ноос олдсон гэдгийг нотлохын тулд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яамтай хамтран бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд Ё.Отгонбаяр хэвлэлийн хурал хийх үеэрээ өчигдөр сэтгүүлчдэд өгөв. Хэвлэлийн хуралд академич Р.Барсболд мөн оролцсон юм. 

Сайдын тайлбарласнаар өнгөр­сөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дээрх асуудлын хүрээнд мэдээлэл солилцсон. Улмаар Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамаараа дамжуулан энэ сарын 20-нд зарлагдсан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг албан ёсоор хүсч нот бичиг хүргүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт тавьж АНУ-ын Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасныг ч дурдсан юм. Гэвч дуудлага худалдаа товлосон өдрөө буюу энэ сарын 20-нд болж, “Тиранозаурус Батаар” нэрээ нууцлахыг хүссэн шинэ эзний мэдэлд шилжсэн. Одоо ганц найдвар үлдсэн нь Монголын Засгийн газрын хувьд энэхүү аварга “Тиранозаурус Батаар”-ыг өөрсдийн нутаг дэвс­гэрээс олдсон гэдгийг нотлох шаардлага тулгарч буй. Ингэж чадвал аварга олдвор Монголын үнэт өв болж үлдэх юм. Ямар ч байсан,  АНУ, Канадын эрдэмтэдтэй хамтран аварга амьтны араг ясыг судалж гарал үүслийг нь тогтоохоор болжээ. Хэрвээ судалгааны баг “Тиранозаурус Батаар”-ыг Мон­голынх гэдгийг нотолж чадвал хил даван харийн нутагт очсон аварга амьтны олдворыг эх нутагт нь эргүүлэн авчрах боломжтой. Харин араг яс нь өндрөөрөө 2.4 метр, урт нь 7.3 метр шахам хүрэх энэхүү аварга олдвор ямар замаар хууль хяналтын байгууллага хийгээд гаалийнхны овоо хараанаас мултран хилийн дээс гарав гэдэгт яамныхан хариулт өгөхөд бэлэн биш байна. Эхний удаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзунаар ахлуулсан Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн үндэсний комисс, Монголын палеонтологийн хүрээ­лэн­­­гийнхний хамтарсан ажлын хэсэг яаралтай  хуралдаж, зарим нэг гар­галгаа хийжээ. Хамтарсан ажлын хэсгээс Монголд хийгдсэн археологи, палеонтологийн экспедицүүдийн олдворт энэхүү “Тиранозаурус Батаар”  бүртгэгдээгүй нь хууль бус малтлага хийсэн байх үндэслэлтэй гэж үзэн хууль хяналтын байгуул­лагад хандахаар болсон байна. Мөн ЮНЕСКО-гийн 1976 оны конвен­циор Монголын гаралтай олдвор гэдэг нь батлагдвал тухайн улсад нь буцааж өгөх заавартай байдаг учир ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковад хандсан захидал явуулж байгаа гэдгийг энэ үеэр дуулгасан юм. Гэвч АНУ-ын Даллас хотын шүүхээс гаргасан шийд­­вэрийн дагуу Монгол Улс энэхүү үнэт олдворыг арав хоногт багтаан нотлох шаардлагатай. Цаг хугацаа маш давчуу байгаа үед дээрх олдворт судалгаа хийж нотлох боломж байгаа эсэхээр академич Р.Барсболдоос сэтгүүлчид лавлахад “Цаг хугацаа давчуу ч гэлээ нотлох боломж бүрэн байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр “Олон улсын сээр нуруутны палеонтлогийн нийгэмлэгийн ерөнхийлөгч саяхан манайд илгээсэн захидалдаа, шүдийг нь гэмтээсэн байсан нь мэргэжлийн хүмүүс биш учраас хулгай хийхдээ яарч хууль бусаар олж авсны шинж тэмдэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.  Мэргэжлийн хүмүүс малтлага хийх бол энэ аварга амьтны шүдийг гэмтээхгүй бүрэн бүтэн гаргаж ирэх байсан” гэж захидалдаа дурдсан байсан гэсэн юм. Олон улсын сээр нуруутны палеонтлогийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсад ирж дээрх амьтны чиглэлээр судалгаа хийж байсан. Монголын нутаг дэвсгэрээс ийм амьтны араг яс олддог гэдгийг нэлээд сайн мэдэх хүмүүсийн нэг” гэж тодотгсон юм. Гэхдээ Р.Барсолд академич “Бид барьж үзээгүй байна.  Энэ махан идэшт аварга том биетэй амьтны олдвор Монголоос өөр газраас олдоогүй. Гэхдээ үүнийг мэргэжлийн хүмүүс үзэж харж байж хөдлөшгүй тогтоох хэрэгтэй. Гол нь мэргэжлийн хүмүүс энэхүү аварга амьтны араг ясыг хараад бүтцээр нь тог­тоох боломжтой” гэдгийг ч хэлж байлаа.

Харин нэг сая ам.доллараар худал­даж авсан гэх нэрээ нууцлахыг хүсэгч Монголын талд энэхүү аварга амьтны олдворыг тийм ч амар буцаагаад өгчихгүй бололтой. Ямар ч байсан дуудлага худалдаа зохион байгуулдаг Херитейжийн ерөнхийлөгч Грег Рохан байгууллагаа төлөөлж хэлсэн үгэндээ “Бид энэ араг яс хууль ёсны дагуу Америкт орж ирсэн гэдгийг батлах болно. Олдворыг нааш нь авчирсан хүмүүс маань ч найдвартай хүмүүс. Тиймээс худалдан авагчиддаа сэтгэлээ тайван байлгахыг хүсч байна. Олдворыг гаргасан гэх баримт байхгүй гэж Монголын Засгийн газар үзсэн байна лээ. Бид энэ байр суурийг нь хүндэтгэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг АНУ-ын шүүх гаргах болно” гэсэн байна. Үүнд нэг зүйлийг уншигч та анзаарсан болов уу, “Олдворыг гаргасан гэх баримт байхгүй гэж Монголын Засгийн газар үзсэн байна лээ” гэж мэдэгдсэн нь Монголын нутагтай энэхүү аварга амьтан холбоогүй шүү гэдэг мессежийг эхлээд өгч байх шиг. Гэхдээ арав хоног дутуу байна, энэ хооронд палентологчид судалгаа хийж, аль улсын газар шорооноос малтагдаж гарсан олдвор вэ гэдгийг тогтоох хүртэл харах л үлдлээ. Тодруулж хэлбэл, судлаачид энэхүү аварга биетийн гарал үүслийг тогтоож чадсан цагт АНУ-ын Даллас хотын шүүхээс гаргах шийдвэр нэн тэргүүнд хамаарах болж байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж