Яах аргагүй асгарч орхисон тэр нулимснаас, Н.Цэвэгнямын ялалтаас эх орноо санаж уяссан эр хүний сэтгэл үнэртэх шиг санагдлаа. Энэ залуу тэнд амьдраад 20 жил болжээ. Хорин жилийн хөдөлмөр, шантраагүй тэвчээр, тэр бүр ил гаргаад ярьж байгаагүй хүсэл, зорилгоо идэр бус хижээл насандаа уудалж гаргалаа.
Асёшёорюү, Хакухо, Харумафүжи, Какурюү, Кёкүшюзан, Кёкүтэнзан, Токитэнкү. Тэд бүгд өөр өөрийн түүхтэй, өөр өөрийн ялалттай. Кёкүтэнхо эднээсээ ялгарах нь Монгол сумочийн хувьд хамгийн урт түүх бичиж яваа бөх. Анх монгол хүн хэрхэн тэр тэмцэл дунд орж очсоноос эхлээд хоёрын хоёр их аварга төрүүлсэн бүх цаг хугацаанд Кёкүтэнхо дохё дээрээ байсан. Тэр бас бусдаасаа ялгарах өөр нэг онцлогтой. Сумод очсон дийлэнхи залуус удам дамжсан бөхчүүд байдаг бол Кёкүтэнхо Н.Цэвэгнямд тийм гарал байхгүй. Кёкүтэнхо цэвэр өөрийн хүч хөдөлмөр, ухаанаар Японы үндэсний өв соёл, бөхийн урлагт суралцсан тамирчин юм.
Монгол хүн мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд зодоглож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Б.Энхбат нарын арван долоо, наймхан настай зургаан хүү хорин жилийн өмнө гэрээсээ явж байжээ. Одоо бүх зүйл өөр болж. Энэ хугацаанд их аварга, озэки, сэкиваки цолтнууд монголчуудын дундаас төрж, хатуухан хэлэхэд, Монгол хүний бяр хүчээр арлын орны үндэсний “тулаан“ амь зогоож байна. Асашёорюү зодог тайлсан ч, Хакухо өвдөг шороодсон ч, Харумафүжи унасан ч “БИ БАЙГАА ШҮҮ” гэж Кёкүтэнхо омог бардам дугарлаа. Тэр олон залуу аварга, арслангуудын дундаас тэмцэж, тэвчиж түрүүлснээрээ Кёкүтэнхо Н.Цэвэгням Монгол бөхчүүдийн түүхэн дэх 50 дахь түрүүг авчээ. Бас бахархмаар амжилт. Нэг нь эс чадвал, нөгөө нь тэмцэхээр босдог Монгол эрчүүдийн эрэмгий зан гэж онгирмоор ч юм шиг санагдаад, сайхан байна аа.
Баруун жигүүрийн маэгаширагийн долоогоос босч барилдан, 12 даваа, гурван унаатайгаар нацу башёд түрүүлсэн Кёкүтэнхо 1992 оны гуравдугаар сараас мэргэжлийн сүмод хүч сорьсон бөгөөд өдгөө сүмогийн ертөнцөд хамгийн ахмад бөхийн тоонд багтаж буй. Тэрбээр нацү башёгийн 13 дахь өдөр Саданофүжиг өвдөг шороодуулснаар мэргэжлийн сүмогийн дэвжээнд 800 дахь ялалтаа байгуулсан юм. 121 башёд барилдан 1584 барилдаан хийхдээ 800 удаа ялж, 784 удаа дийлдэн, 22 барилдааныг өнжсөн бөгөөд /13 дахь өдрийн байдлаар/ сэкивакэ цолыг гурван удаа, комүсүби цолыг есөн удаа хүртэж байжээ. Энэ бол яахын аргагүй ТОМ амжилт. Эргээд харахад холыг туулсан урт замд хийх ажил билээ. Кёкүтэнхо Н.Цэвэгнямаар бахархаж байна.