…Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны “Хадгаламж” банкны гадаа нэг сая төгрөгийн эхний тараалт болох 350 мянган төгрөгийг олгож байгаа эсэхийг лавлахаар цугласан настангууд “Хүүхээн, нөгөө сая төгрөгийг өгч байгаа гэв үү” гэхчлэн ам амандаа аядуухан бувтнана. Олон дахин, дахин дахин ахмадууд ирж, асууж, лавласан нь банкны ажилтнуудыг “Лхагва гаригт олгох болсоныг анхаарна уу” гэсэн зарлалыг гаргахад хүргэжээ. Хэдэн минутын дараа гаргасан зарлалаа заан “Тэндээс харчих” гэж харагдав. Аанай л 13 дугаар хороололд байрлах “Хадгаламж” банкны салбарт ийм явдал өрнөнө. Хэдийгээр захын дүүргүүдэд хүний хөгжлийн мөнгийг тараахад дугаарладаг шиг урт дараалал үүсээгүй ч таяг тулсан настангууд баахан бичиг, цаас барин хүлээн суухыг харахад мөнгөө авахаар үнэхээр их хүлээжээ. Нэг сая төгрөгийг хэзээ тараах мэдээлэл өчигдөр өдрийн бага үдэд очсон болохоор үдээс хойш хүмүүс асууж очих нь багассан байлаа.
Мэдээгүй буурай нарт анхааруулахад, удаан хүлээлгэсэн 350 мянган төгрөгийг маргаашнаас тарааж эхэлнэ. Энэ талаар мэдээллийг тэр болгон түгээгээгүйгээс ахмадуудад багагүй чирэгдэл болж байгаа нь мэдээж. Чухам энэ талаар асуух гэж л хаа байсан Цагаан хаалганы урд талд байрладаг Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газар руу Яармагаас ирдэг тухайгаа хөгшчүүл хэлнэ лээ.
Нэг сая төгрөг. Одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлээд байгаа иргэдийн олонхи нь нэг сая төгрөгийг бэлнээр авахаар өргөдлөө ирүүлээд байгаа ажээ. Хувьцаа авах хүсэлтэй цөөхөн хүн байгааг албаны хүмүүс анхааруулж байлаа. “Одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлсэн 240 мянган хүн бий гэнэ. Дийлэнх нь нэг сая төгрөгийг бэлнээр авах хүсэлтэй байна. “Эрдэнэс Тавантолгой”-г эзэмших асуудал бол маш их ач холбогдолтой. Хэрвээ тухайн компани ашигтай ажиллавал ноогдол ашиг хүртээд явах боломжтой. Хэрвээ та одоо олгох нэг сая төгрөгөөр Засгийн газартаа хувьцаагаа худалдчих юм бол дахиад нэг сая шиг мөнгө тараагдахгүй. Тийм болохоор иргэд маш сайн бодох л хэрэгтэй” гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн ярьсан юм.
Иргэд хувьцааг сонгох нь угтаа зөв сонголт ч байж болох. “Эрдэнэс Тавантолгой” ашиглалтанд ороод, ашигтай ажиллаад эхэлбэл орлогоос нь та мөнгө хүртэнэ. Жил бүр ноогдол ашиг бүрээс та тодорхой хэмжээний мөнгө хүртэнэ гэж ойлгож болно. Угтаа нэг саяыг гурав хувааж авахаас илүү ашгийг танд өгнө гэж ойлгох хэрэгтэй. Ахмадуудын хувьцаа авахаас татгалзаж байгаа нэг шалтгаан нь 1990 онд тараасан цэнхэр, ягаан тасалбар гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. “Ахмад настнуудад 1990 оны цэнхэр, ягаан тасалбар шиг болчих вий гэсэн айдас байх шиг байна. Хэрвээ та хувьцаа авлаа гэхэд ашигт ажиллагаанаас хувь хүртээд байх боломжтой. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй” гэж Д.Чойжилсүрэн ярив.
Нэг сая төгрөгийг бэлнээр авах хүсэлтээ ирүүлсэн хүмүүс лхагва гаригт “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө авдаг байсан банкны салбараас Хүний хөгжил сангийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очоод авах боломжтой аж.
Та лхагва гаригаас хожимдож хүсэлтээ ирүүлсэн ч гэсэн бэлнээр авах эрх нь нээлттэй байх аж. Гэхдээ та энэ сардаа багтаад хүсэлтээ заавал ирүүлэх ёстой гэдгийг санахад илүүдэхгүй. “Энэ сардаа багтаад хүсэлтээ ирүүлвэл боломж нь нээлттэй. Хэрвээ тухайн хүнээс ямар нэгэн хүсэлт ирээгүй бол тухайн хүнийг хувьцаа эзэмших юм байна гэж ойлгоно” гэдгийг ч холбогдох хүмүүс хэлнэ лээ. Хэрвээ та хараахан хүсэлтээ илгээгээгүй байгаа бол харьяа дүүргийнхээ хөдөлмөр халамжийн хэлтэст өргөдлөө бичгээр ирүүлэх ёстой юм.
Бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хүнд нэг сая төгрөгийг бэлнээр авах боломж нь бий. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс хэвтэж байгаа эмнэлгийн тодорхойлолт өвчний түүх иргэний үнэмлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлэх юм байна. Харин эрх чөлөөгөө хасуулсан хүний шүүхээс гаргасан ялын дүгнэлт, иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримтыг бүрдүүлэх шаардлага аж.
Харин гадаадад байгаа иргэдэд 1072 хувьцаа эзэмших боломж бүрэн байгаа аж. “Гадаадад байгаа иргэд 1072 хувьцааг эзэмшинэ. Хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй хүн байвал худалдаад зарагдсаных нь дараа мөнгөө авах хувилбар бий. Хэрвээ тухайн хүүхэд гадаадад төрсөн бол Монголд мөрдөгдөж байгаа хуультай адил журам үйлчилнэ” гэж Д.Чойжилсүрэн ярив.
Хэрвээ танай хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бол нэг сая төгрөгийг авах боломжтой. Сануулах бас нэг зүйл байгаа нь хэрвээ танай гэр бүлээс 2012 онд нас барсан хүн байвал бичиг баримтыг нь авч ирээд нэг сая төгрөгийг авах боломжтой. 2011 онд нас барсан бол мөнгө авах боломжгүй аж.
Удаан хүлээлгэсэн нэг сая төгрөгийн эхний ээлжний тараалт болох 350 мянган төгрөгийг маргаашаас тарааж эхэлнэ. Хариуцсан байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлсэнээр мэдээлэл давхардсан, нэг нэрэн дээр хоёр, гурваараа бүртгүүлсэн тохиолдол одоогоор гараагүй байгаа аж.
Эрхэм уншигч та хэрвээ сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт илгээсэн бол лхагва гаригт бичиг баримттайгаа очоорой.