байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбооны ерөнхийлөгч,
Биологийн ухааны доктор Ж.Батболдтой ярилцлаа. Тэрээр Байгаль орчны
иргэний зөвлөлийн анхны тэргүүнээр 2008-2010 онд ажилласан, байгаль
хамгааллын салбарт хорь орчим жил ажиллаж байгаа нэгэн.
-Манай нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахаар болж байгаа
гэж ноднингоос хойш шуугилаа. Тэр худлаа гээд байхад харин та улам л
шуугиулаад байх юм. Үнэн юм уу?
-Энэ дуулиан анх манайд биш гадаадын нэр хүндтэй хэвлэлүүд дээр гарсан.
Засгийн газар 2009 оноос "Монгол Улсын цөмийн санаачилга" төсөл
эхлүүлсэн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд НҮБ-ын индэр дээрээс
"Монгол Улсад цөмийн хаягдал булшлах асуудал байх ёсгүй" гэдгээ
илэрхийлсэн. Мөн хоёр ч удаа энэ асуудлаар зарлиг гаргасан. Гэвч 2012
он гарангуут Ерөнхий сайд Японд айлчиллаа. Тэр үеэр мөн л гадаадын
хэвлэлүүд "Монгол Японоос цөмийн технологи авахаар хэлэлцээр хийж
байна" гээд унасан.
-Атомын станцтай болох, цөмийн хаягдал булах хоёр чинь тусдаа асуудал юм биш үү?
-АНУ, Японоос цөмийн технологи авна гэсэн даруухан үгний цаана бүх
учир бий. Тийм станц барьчихаад гарсан хаягдлаа монголчууд Японд
аваачиж асгахгүй нь мэдээж. Тэгэхээр энд хүссэн хүсээгүй нэгээр
тогтохгүй хогийн сав байгуулах хэрэгтэй болно оо доо. Тэр сав яваандаа
дэлхийн том гүрнүүдийн хогоо асгадаг газар болоход бид яаж ч чадахгүй.
-Уг нь бага оврын ч болтугай атомын станцтай болчихвол маш бага зардлаар цахилгаан гаргаж байна гээд байгаа юм даа?
-Үгүй юм байна лээ. Улс төр дэх олигархиудын мөнгө босгодог луйвар ард
нь явдгийг мэдэж авсан. Атомын станц, уран олборлох энэ тэр чинь
эхлээд харахад архины үйлдвэрээс ч өртөг багатай ашиг ихтэй. Энийг хэн
нэгэн хувийн компани хийчихнэ. Харин дараа нь цөмийн хаягдлыг хэрхэхийг
улс даадаг. Түүнд төсвийн хамаг мөнгөө зарцуулж эцэстээ атомын станцаа
хаахад хүрч байгаа Герман, Японы жишээг хар л даа.
-Нээрэн германчууд яагаад цөмийн энергиэсээ татгалзах болсон юм бол?
-Ашиглаад орхисон нүүрсний гүний уурхайдаа станцын хаягдлаа
байршуулаад тэр нь ч найдвартай болоогүй. Одоо 100 жилийн турш асар их
хөрөнгө хаяж булшилсан хаягдлаа усаар хөргөх, дахин дахин битүүмжлэх
зэрэг лайны ажилтай болчихсон. Тэр ажлыг жил бүр төрөөс төсөв гаргаж
хийнэ. Хэтдээ нүүрснээс эрчим хүч гаргадаг зардлаас давах тооцоо
гарсан. Одоо энэ байгаа хаягдал, булштайгаа л ноцолдъё. Дахиж л цөмийн
энергиэр тоглохоо байя гэж хаширсан. Эрдэмтэд "Маш хямд гэж ойлгуулж
ирсэн цөмийн үйлдвэрлэл байгуулагдсан цагаасаа хойш, сүүлийн 60 жил
төрийн татаас дээр тогтож байсан" тооцоог нээлээ.
-Тэгвэл зөвхөн уранаа олборлоод л байж байвал дээр гэсэн үг үү?
-Ураныг олборлох технологи нь орд газар луугаа ойрхон зайтай өрөмдлөг
хийгээд дээрээс нь хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусгаж авдаг.
Газрын гүнд бусад аюултай хүнцэл зэрэг хор нь тунарч үлдээд тэр хавийг
хордуулдаг. Тэнд худаг усны ундрага судал байж таарвал байгальд 40
мянган жилд нөхөж баршгүй гай нүүрлэнэ. Мэдээж дороо усгүй буюу бусад
баялаггүй газар гэж ховор. Эрт орой нэгэн цагт задрах, газар хөдлөх
үеэр Чернобыль шиг юм болно. Энэ бол наад захын аюул. Яг ашигтай энэ
хэсэгт нь бизнесменүүд ороод бусад гай лайг төр засгаар үүрүүлчихдэг
тийм тогтолцоог олигархиуд мэдчихээд биднээс нуугаад байна.
-Энэ талаар ямар хууль эрх зүй байдаг билээ?
-"Цөмийн энергийн тухай" хуулийг 2009 оны зун бүх хүн амарсан хойгуур
долдугаар сарын 16-нд чуулганаар оруулаад сэмхэн баталчихсан
байдаг. Ердөө нэг өдрийн дотор эхний ба эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн
байгаа юм. Тэр үед П.Алтангэрэл зэрэг гишүүд нухацтай үзье гэж хэлээд
бараагүй. Дэмбэрэл дарга нь дээрээс яаралтай батал гэж шахаад байна аа
гэж зүтгүүлсэн. Харин Ерөнхий сайд байсан С.Баяр хэдийнэ Японтой
гэрээгээ хийгээд эхэлчихсэн байсан юм билээ. Одоо би энэ хуулийг бүхэлд
нь буруутгаж Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлдэж байгаа.
-Үндсэн хуулиас гадна нөгөө "урт нэртэй" хууль уран ухахад нь саад болмоорсон…
-Гол мөрний ойролцоо уурхай ашиглахыг хорьсон энэ хуулинд Үндэсний
хэмжээний стратегийн уурхай хамаардаггүй. Жишээлбэл Эрдэнэт, Оюутолгой
гэх мэт. Тэгсэн чинь уран нь болбоос том жижгээс үл хамааран стратегийн
уурхай мөн гээд заачихаж байгаа юм. Харин ч бүр гол усны ай сав дотор
хуулийн хүрээнд цацраг идэвхт бодис цацаад сууж байх нь.
-Цөмийн бусад аюулын талаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Одоо
Монголд уран олборлох, хайх лицензийн зөвшөөрөл олгоод л байгаа юу?
-16 аж ахуйн нэгжид 116-г өгсөн байна билээ. Талбай нь бол асар том. Төв
аймгийн Баян суманд зөвшөөрсөн нэг лицензийн талбай гэхэд л 2652 мянган
га, Баянжаргаланд 573 мянган га гээд явж өгнө. Манай улсын 14 аймгаас
уран илрээд шуналтнуудын шүлсийг гоожуулж байна.
-Байгаль хүн амьтанд хоргүй технологиор уран олборлох, цөмийн энерги хэрэглэх арга юу байна?
-Хүн төрөлхтөн ойрын үед мөддөө тийм технологи нээх боломжгүй. Тэр бүү
хэл нэгэнт ашигласан цөмийн хаягдлаа булшлах арга чаргууд улам мухардаж
байна. Энэ чөтгөрийн галыг Чернобыльд алдаад хот орчмынхон бүгд
зугтаасан. Тэнд орон сууцны барилга, машин унаа, аягатай цайгаа хүртэл
орхиод явснаас хойш тэр л янзаараа 26 жил болж байна. Бид энэ осол
болсон өдрөөр төр засагт хандаж жагсаал хийсэн.
-Танай "Цөмийн аюулгүй Монголын төлөө" хөдөлгөөнөөс тавьсан шаардлагыг эрх баригчид хүлээж авсан уу?
-Засгийн газар ба МАН-ын томчуул яг бидний эсрэг зогсч байна. Харин улс
төрийн бусад хүчнүүд атомын цахилгаан станцаас татгалзахаар боллоо.
Ардчилсан намын 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн ажлын
хэсэгт миний бие оролцсон. Ямар ч байсан АН атом цөмийн аюулыг эх
нутгийнхаа байгаль орчинд бий болгохгүй гэж амлахаар болсон. Энэ бол
том үр дүн.
-Их аймаар юм сонслоо. Аюул нь шууд нүдэнд харагдахгүй болохоор
олон нийт цочирдохгүй байнаа даа. Харин таны хувьд энэ чиглэлээр тууштай
тэмцэнэ гэж бодож байна уу?
-Байгаль хамгаалах олон асуудал дотроос явж явж хамгийн аюултай нь энэ
цөмийн хог хаягдал булшлах гэсэн санаархал мөн. Манайх сул дорой
засаглалтай байна. Асар их мөнгө богино хугацаанд босгохыг
санаархагчид засаглал сулаар далимдуулж яахаас ч буцахгүй байгаа нь
сэтгэл түгшээж байна. Ингэж байгаад бид эх нутагтаа амьдрах боломжгүй
болтлоо хордчихвол яана. Чөтгөрийн гал гэгддэг ийм осолтой
тоглоомноос түрүүч гараад байхад бид зөрөөд орж байх ч гэж дээ.
Монголоор дүүрэн байгаа нүүрсээ бид түлж барахгүй. Ядаж тэрнээсээ эрчим
хүч гаргаж утаагаа баагуулаад сууж байх нь дүүрч. Биднээс няхуур
хянамгай Япон, Германчууд гэнэ алдаж атомын цахилгаан станцдаа осол
гаргалаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"