Донорын урамшуулал маргаан тарив

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Донорын урамшуулал маргаан тарив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр эрхэм гишүүн Д.Очирбат, С.Ламбаа нарын хооронд донорын урамшууллын асуудлаар маргаан үүсэв. Бүр 1999 оны үеийн үнэлгээгээр доноруудыг урамшуулж буйг халахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлд цусаа өгсөн донорт олгох мөнгөн урамшууллыг нэмэх асуудал тусгасан нь маргааны бай болсон юм. Гишүүн Д.Очирбат цусаа өгсөн доноруудад 10-20 мянган төгрөгийн урамшуулал байх ёстой гэсэн бол гишүүн С.Ламбаа “Урамшууллыг ингэж өндөр тавих юм бол өвчтэй, эрүүл янз бүрийн хүмүүс, бүр гудамжны хүмүүс ч цусаа өгөх гэж ирэх болно. Тэгж болохгүй. Одоо ч гэсэн 100 хүн цусаа өгөхөд 40 нь л эрүүл, шаардлага хангадаг. 60 хүний цус шинжилгээгээр шаардлага хангадаагүй тул асгахаас аргагүй болдог. Цусаа өгсөн хүнд унааны зардал 5000 төгрөг өгдөг” гэж байлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан хавирган сар нийгэмлэг авлагагүй, үнэ төлбөргүй донорыг дэмждэг. Урамшуулал өгөхийг зөвшөөрдөггүй гэж яамны мэргэжлийн хүн хэлж байв. Иймээс унааны зардал, цус төлжүүлэх хоол, кофе нэг удаа авах мөнгө л доноруудад өгдөг аж.

Гишүүн Д.Очирбат урамшуулал хангалтгүйгээс цусны төв цусны дутагдалд байнга ордог. Цэргийн анги, оюутны байр, үйлдвэр, аж ахуйн газраар орж цус авахад хүрдэг. Иймд урамшууллыг нэмэх ёстой гэсэн байр суурь дээрээ үлдсэн юм. Мөн хүндэт доноруудыг жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэсэн бол гишүүн С.Ламбаа жилд нэг удаа сувилалд амруулах ёстой гэж байв. Д.Очирбат гишүүн С.Ламбаа гишүүнийг “Эрүүл мэндийн сайд байсан хүн байж яагаад хуулийн төслийг жадлан эсэргүүцээд байна” хэмээн загнаж ч үзлээ. Гэвч дурын, эрүүл мэндийн шаардлага хангаагүй хүн цусаа мөнгөөр өгөх гэж ирнэ. Эмнэлгийн шинжилгэний урвалж, бодис үнэтэй. Тэгээд ч 20 мянган төгрөгийн урамшуулал хуульд оруулбал авлагагүй сайн дурын донор гэдэг мөн чанар алдагдана гэж байлаа.

Нийтдээ 12 л цус хандивласан буюу 35-аас дээш удаа цусаа өгсөн хүнийг хүндэт донор гэж үздэг ДЭМБ, Улаан хаьирган сар нийгэмлэгийн жишиг байдаг аж. Тэдэнд анхаарал тавих ёстойг гишүүд хэлж байв.

Саналын зөрүүтэй томъёоллуудаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураахаар болж байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж