Т.Дэлгэрмөрөн: Надад цаашид дуулах хүсэл ч алга

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөн: Надад цаашид дуулах хүсэл ч алга

“Номин
талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Сэрүүлэг” сониныг шүүхэд
өгөхөөр болжээ. Тэрбээр тус сонины сүүлийн дугаарт хэвлэгдсэн
“Т.Дэлгэрмөрөн нялх биетэй эхнэрээ хэвтэрт ортол нь зоджээ” гэсэн
мэдээллийг түүний нэр хүндэд халдсан, ор үндэсгүй худал зүйл гэдгийг
батлахаар өөрийн эхнэр Д.Энхбадам болон ээж Д.Эрдэнэчимэг, өмгөөлөгч
нарын хамт хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн байв. Т.Дэлгэрмөрөн болон
түүний эхнэр Д.Энхбадам нартай ярилцлаа.

-“Сэрүүлэг” сонин дээр гарсан мэдээлэлтэй холбогдуулж редакцийнхантай нь уулзсан уу?

-Уулзсан. “Т.Дэлгэрмөрөн нялх
биетэй эхнэрээ хэвтэрт ортол нь зоджээ” гэсэн гарчигтай тэр мэдээллийн
тухай би ээжээсээ анх сонссон. Чи харсан уу?

-Уншсан.

-Намайг шар сонинууд хангалттай муу
хэлдэг л дээ. Нуугаад яахав, хүмүүс ихэвчлэн Дээгийгийн тухай саар
мэдээлэл олж уншдаг байх. Шар сонинууд тэгж ойлгуулдаг. Би тэр болгоныг
тэвчээд өнөөдрийг хүрсэн. Гэхдээ энэ удаа үнэхээр дуугүй байж
чадсангүй. Миний эхнэрээр, бидний босгож байгаа амьдралаар оролдож,
шавар шавхаатай зуурахыг үнэхээр тэвчиж чадахгүй байна. Сонины редакци
дээр очиж уулзсан. Эхлээд очиход ямар сэтгүүлч бичсэнийг, тэр
мэдээллийг хэдний дугаартаа хэвлэснийг бүхэл бүтэн сонины нийтлэлийн
бодлого хариуцдаг ерөнхий нарийн бичгийн дарга нь мэдэхгүй л сууж
байсан. Болохгүй биз дээ. Хүний амьдралаар ингэж хурууныхаа үзүүрээр
тоглож болдог юм уу. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ирж, оролцоод тэр
мэдээллийнхээ талаар өөрсдийн байр суурь ч байдаг юм уу, мэдээлэл олж
авсан эх сурвалж байдаг бол тэр талаараа хэлээч гэж хэлсэн. Хэн ч
ирсэнгүй ш дээ. Би өнөөдөр зориуд эхнэртэйгээ хамт энэ хуралд ирлээ.
Тэр хүн хэвтэрт ороод зодуулж нүдүүлсэн байна уу гэдгийг хүмүүс хараг л
дээ. Үнэнийг хэлэхэд би тэр сониныг хараад шоконд орсон. Надад одоо
дуулах хүсэл ч алга.

-Үгүй байлгүй дээ, Дээгий. Хэзээ ч дуулахгүй гэж л битгий хэлээрэй?

-Үнэндээ би голдоо ортол гомдож
байна. Миний дуучин байх, ард түмэн намайг таньдаг байх хувийн амьдралд
минь ингэж аймаар дарамт авчрах ёстой юм бол би дуулахгүй байж чадна.
Би дуучин байхаас татгалзаад, эхнэр, охин хоёртойгоо чимээгүй амьдарч
болно биз дээ. Үнэнийг хэлэхэд би одоо тоглолтын бэлтгэл хийгээд дуулах
гэхээр уйлчих гээд хоолой зангираад байна. Би дуулмааргүй байна.
/хоолой нь зангирав/.

Уг нь гуравдугаар сард
эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт хийхээр бэлтгэж байсан. Яг
өнөөдөр бол тэрийгээ цуцалдаг ч юм билүү гэж бодож байгаа. Мэдэхгүй
ээ…Ямар ч байсан хэсэг хугацаанд тайвширч байгаад шийд гаргана. Би
сүүлийн хэд хоног энэ нервнээс болж унтаж ч чадаагүй.

-Эхнэрийн чинь гэр бүлийнхэн гадаадад амьдардаг. Тэд нар энэ мэдээллийг мэдсэн үү?

-Мэдсэн. Ярьсан. Бүгдээрээ санаа нь
зовж, гайхаж, магадгүй намайг үзэн ядаж хүлээж авсан байх. Хөөрхий дөө,
энэ бүсгүй сонины хов живийн бай болсон Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр
болсноороо гэр бүл, найз нөхөд, таньдаг таньдаггүй хүмүүсийн өмнө
эмэгтэй хүнийхээ хувьд ийм эвгүй байдалд орох утгагүй биз дээ. Тэр чинь
эмэгтэй хүн шүү дээ. Эх хүн. Охиноо асраад, энэ айлын гал голомтыг авч
яваа эзэгтэй хүн. Би эхнэрээ жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Яагаад
Т.Дэлгэрмөрөн ээжийн тухай, бүсгүйчүүдийн тухай дуу дуулах дуртай
байдаг юм бэ. Би эх хүнийг шүтдэг. Ээжийгээ нэгдүгээрт, энэ эмэгтэйг
удаад нь хайрлаж явдаг болохоороо би эмэгтэй хүнийг шүтдэг. Би ханийгаа
хэвтэрт ортол нь зодох тэнэг толгой биш. Намайг муу хэлж болно. Бүх
хүмүүст Дээгий таалагдах албагүй. Гэхдээ би ээж, эхнэр, охин гурваа
хайрлахтайгаа ухамсартай хүн. Бод л доо, Т.Дэлгэрмөрөн дуулж чадахгүй,
дуучин биш, архичин, тамхичин. Юу ч гэж бичиж, ярьж болно. Гэхдээ би
гэр бүлээрээ тоглуулахгүй. Яагаад гэвэл миний гэр бүл энэ амьдралын
минь утга учир.

-“Сэрүүлэг” сониныг шүүхэд өгч байгаа гэж ойлголоо?

-Өгч байгаа. Монголын сэтгүүлзүй
ийм бохир байгаасай гэж би хүсэхгүй байна. Надад сэтгүүлч найз нар
байдаг. Гэтэл Монголын сэтгүүлчид, Монголын хэвлэл, мэдээлэл ийм
арчаагүй аргаар амь тариа залгуулдаг гэж нийтэд ойлгогдож, тэр
хүмүүсийн хөдөлмөр хэдэн чөлөөт хэвлэлийн нүүр царайгаар хэмжигдээсэй
гэж бодохгүй байна. Рок, попынхныг зөндөө л мөлжиж амьдарлаа ш дээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж байдаг. Магадгүй, нэг хүний хувийн
амьдралын тухай эрэн сурвалжлаад бодитой мэдээлэл цацаж байвал тэр
надад таалагдаагүй байсан ч сэтгүүлч сайн ажиллажээ гэж би бодно.
Үнэхээр Дээгий эхнэрээ зодчихсон юм уу, хэрэг төвөг хийчихсэн бол тэр
тухай бичиж болно ш дээ. Чөлөөтэй. Үнэн бөгөөд баримттай мэдээлэл
хүргэж байвал тэр нь тэр сэтгүүлчийн ажил. Би хүндэлнэ. Намайг Лхагваа
ахыгаа барьж өгөөд шоронд оруулсан гэж бичээд л нийгэмд тийм ойлголт
өгчихсөн биз дээ. Би мянга “Тийм зүйл болоогүй ш дээ” гэж хэлээд хүмүүс
намайг биш сэтгүүлчдийн худал мэдээлэлд итгэчихсэн байдаг. Тэр мэдээлэл
намайг бас л сэтгэл санаагаар навс унагаж байсан. Сая тэр “Сэрүүлэг”
сонин дээр “Дээгий орон нутагт тоглолтоор явахдаа хамт ажилласан
хүмүүсийнхээ хөлсийг өгөөгүй” гэж бичсэн байгаа биз дээ. Муулах шалтаг
нэмж хайж олсон нь тэр. Гэтэл би Хөвсгөлд, Өмнөговьд тоглолтынхоо
орлогыг хандивлаад буцаж байсан. Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөөд,
цэцэрлэг, сургуулиа засаарай гээд явсан. Яагаад заавал хүний мууг үзэх
гээд байдгийг ойлгохгүй юм. “Сэрүүлэг” сонин уг нь Монголын чөлөөт
хэвлэлийн уншигчдыг гомдоох нь. Худал мэдээлэл нийтэлдэг энэ сониныг би
шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ ээ. Мөрөөрөө яваа олон хүний амьдралд
үзэгний үзүүрээр сэв суугаасай гэж хүсэхгүй байна.

Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Д.Энхбадам: Тэр хүмүүсийг уучлал гуйх байх гэж хүлээсэн

-Таныг өнөөдөр болсон хэвлэлийн хуралд хамт ирнэ гэж бодсонгүй?

-Ирсэн нь дээр гэж бодсон. Гэр
бүлийг маань ингэж муухайгаар гутаан доромжилж байхад хамтдаа
сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн нь зөв байх гэж ярилцаад бид хоёр очсон.
Хэдхэн хоногийн өмнө намайг нөхөртөө зодуулаад хэвтэрт орчихсон мэтээр
бичсэн болохоор эрүүл саруул байгаагаа харуулсан нь зөв байсан байх гэж
бодож байна.

-Сонин дээр гарсан мэдээллийг та яаж хүлээж авсан бэ?

-Эмэгтэй хүнийхээ хувьд маш их
эмзэглэж, цочирдсон. Хань ижил, гэр бүлээ олон хүнд сөргөөр
ойлгогдоосой гэж хэн ч хүсэхгүй биз дээ. Сонинд бичдэг шиг бохир
амьдрал бидэнд байхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна.

-“Сэрүүлэг” сониныхоныг энэ хуралд ирж оролцооч гэж хэлсэн гэсэн?

-Тэгж хандсан. Ирнэ гэдгээ ч хэлж
байсан. Харамсалтай нь ирээгүй байна. Хувь хүнийхээ хувьд би тэр
сэтгүүлчийг албан ёсоор уучлал гуйх соёлтой, ухамсартай байгаасай гэж
хүлээсэн. Гэхдээ тэгдэггүй юм байна. Тиймээс бид хоёр албан ёсоор худал
мэдээллийн талаар тайлбар хийхээр сэтгүүлчидтэй уулзаж байгаа юм.

Т.Дэлгэрмөрөн гэж хүнийг хүрээлдэг,
уран бүтээлчийнх нь хувьд үнэлдэг хүмүүсийг би цөөхөн гэж бодохгүй
байна. Миний хань хөдөлмөр, сэтгэлээ шингээж бий болгосон өөрийн гэсэн
орон зай, нэр хүндтэй, олон хүний итгэл дааж яваа уран бүтээлч хүн
гэдэг утгаар нь би түүнийг илүү хүндэлдэг. Дээгий хүмүүсийн боддог шиг
эхнэр, хүүхэддээ хатуурхаж, гэр бүлээ үл ойшоодог эр хүн биш ээ. Олон
удаагийн шар, бор мэдээллийг бид нүдээ аниад өнгөрөөдөг байсан. Энэ
удаа би олны өмнө анх удаа ханийнхаа тухай хэдэн үг хэлмээр санагдсан.
Бид хоёр танилцсанаас хойш арваад жил болж байна. Нийлсэн, салсан, одоо
сүүлдээ зодолддог, нүдэлддэг гээд олон цуу яриан дунд амьдарч үзлээ.
Миний нөхөр ээж, аавдаа хайртай хүү нь. Гэр бүлдээ халамжтай сайн хань
байж чадаж байгаа. Энэ амьдралдаа би сэтгэл хангалуун байгаа. Бидний
төлөө санаа зовдог хүмүүст хандаж хэлэхэд, бид сайхан амьдарч байгаа.
Хүүхдэрхүү зан, хүнлэг чанар, зөөлөн сэтгэл нь үргэлж мэдрэгдэж байдаг
ханьдаа би хайртай. Дуучин хүнд өр нимгэн, сайхан сэтгэл үргэлж байдаг
гэдэгт би итгэдэг.

-Охин нь том болж байна уу?

-Одоо ой гурван сартай болсон. Охин бид хоёр гэртээ л өнжиж байна даа.

Б.БАДМАА /2009 оны 2 сарын 11/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж