-Орон сууцны банк байгуулах шаардлагын тухай тодруулна уу?
-Зах зээлд хямд өртөгтэй орон сууцны зээл олгодог болгох, барилгын өртгийг үнийн хөөсрөлт болгохоос сэргийлэх зорилгоор орон сууцны банк байгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Өмнө нь иргэд арилжааны банктай хамтраад орон сууцны худалдан авах зориулалтаар зээл авдаг байсан. Одоо төрийн оролцоотой үүнийг зохицуулснаар иргэдийг илүү хамруулж чадах уян хатан зээлийн нөхцөлийн эхлэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, урд нь зөвхөн дунд болон дундаас дээш орлоготой иргэд өөрсдөө арилжааны банкинд ханддаг байсан бол орон сууцны тусгай банк нь бага болон багаас дээш орлоготой иргэдэд илүү хандаж буйгаараа онцлог юм. Ингэхдээ зөвхөн нэг талаараа төрөлжиж, орон сууцны зээлийн банк гэдгээр дагнах нь илүү үр өгөөжтэй гэж үзэж байгаа юм.
-Орон сууцны банк байгуулахдаа Төрийн банкны охин компани байдлаар байгуулах талаар яригдаж байна?
-Төрийн дэмжлэгтэйгээр ийнхүү орон сууцны банк байгуулж байгаа учир төрийн эсвэл Хөгжлийн банкны охин компани байдлаар байгуулбал болох юм гэсэн санаа байгаа. Энэ нь дээрх хоёр банкаар шууд орон сууцны зээлийн асуудлыг эрхлүүлэхгүй гэсэн үг юм. Учир нь арилжааны банкаар хийх боломжгүй том хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкаар дамжуулж байхаар анх байгуулсан. Энэ бодлогын дагуу л байна. Тиймээс энэ орон сууцны зээлийг арилжааны банкаар бус төрийн зохицуулалттайгаар хүргэх нь зөв гэдэг дээр тогтоод байна.
-Энэ нь одоогийн орон сууцны зээл олгож байгаа банкны үйл ажиллагаанд нөлөөлөх болов уу?
-Одоогоор зээл олгож байгаа банкны үйл ажиллагаанд ерөөсөө нөлөөлөхгүй. Бид энэ тал дээр хяналт, хязгаарлалт хийнэ гэсэн зүйлгүй. Гол нь арилжааны банктай тохиролцож, банкны баталгаагаа хийж чадахгүй байгаа иргэдийг анхаарч байгаа хэрэг учраас арилжааны банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж, иргэд ч арилжааны банктай харилцаж болно.
-Орон сууцны банкны үйл ажиллагааг хэдийд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?
-Банк нэг өдрийн дотор босдог юм биш гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн гол нь орон сууцны банк байгуулахдаа асуудал байгаа юм биш. Зах зээлд байгаа орон сууцны эрэлт нийлүүлэлтийн зохист харилцааг бий болгох хэрэгтэй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлбэл үнийн хөөсрөлт багасна. Ингэхийн тулд хямд өртөгтэй, иргэдийн хэрэгцээг хангах бүтээн байгуулалт ихээр хийх болох учраас эхэндээ дэд бүтэц болон газрын асуудал байна. Үүнийг задалбал, төрөөс барилга барих дэд бүтцийг шийдэж, газар чөлөөлөлт болон газрын үнийг зохистойгоор шийдвэл барилгуудыг барих боломж нээгдэх нь. Үүний тулд тавдугаар цахилгаан станц барих, газар чөлөөлөлтийн ажлуудыг хийж байна. Энэ үр дүнг үзвэл тэрхүү бэлэн байгаа орон сууцнаас иргэд хүссэнээрээ сонгож, орон сууцны банкинд хандаж болох нь гэсэн үг юм. Одоогийн байдлаар орон сууцны банк байгуулах техник эдийн засгийн үндэслэл, бүхий л нөхцөлийг судлан, бэлтгэл ажлын шатанд явж байна.
-Гадны улс орнуудад энэ туршлага хэр байдаг юм бол?
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа Франц, Герман улсад орон сууцны зээлийн банк байгуулж байсан. Төдийлөн үр ашгаа өгөөгүй ч гэсэн энэ салбарт нэгээхэн ахиц гарч байсан. Харин манай улс үүнээс 70 жилийн дараа улсдаа нэвтрүүлэх гэж байна шүү дээ.