ХУД-ийн Соёлын өдрүүд Өвөрмонголд боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

ХУД-ийн Соёлын өдрүүд Өвөрмонголд боллоо

Төрийн соёлын бодлогыг орон нутагт чанартай хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дүүргийн ИТХ, Соёлын ордон, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хан-Уул дүүргийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран  “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төслийг дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлсэн билээ.

Тус  зорилтот  төслийн сүүлчийн үе шат болох Хан-Уул дүүргийн Соёлын өдрүүд арга хэмжээг тавдугаар сарын 15-19-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Соёлын ордон, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Эрээн хотын Засгийн ордон, Соёл, спортын товчоо хамтран БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Эрээн хотод зохион байгуулжээ. Соёлын өдрүүдийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Отгонбагана, Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул С.Батхуяг, Эрээн хотын дарга Бао Сун Мин, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Уранзаяа, Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баттулга нарын албаны хүмүүс оролцсон байна.

Энэхүү арга  хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Батбаяр, хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшн, дүүргийн Соёлын ордны дэргэдэх “Монгол”, “Аccord” хамтлаг,  ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” цэнгээт бүжгийн хамтлаг,  Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Уран хэлхээ” бүжгийн хамтлаг зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, үндэсний  соёл, урлагаа сурталчлаад иржээ. Мөн  энэ үеэр хоёр талын төр захиргааны байгууллагын албан хаагчид ширээний теннис, сагсан бөмбөгийн төрлөөр спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн уран бүтээлчдийн төлөөлөл дүрслэх урлагийн бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, сонирхуулжээ.

Б.Зулаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж