АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоны “АНУ – Монгол Улсын дипломат харилцаа 1987-2012” хэмээх шинэ ном худалдаанд гарлаа. Тус номыг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан, “Монголын Их Хатдын нууц товчоо” , ”Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” зэрэг номын зохиолч Жак Уэтерфордын сангаас эрхлэн гаргажээ.
Номын тухайд зохиолч Жак Уэтерфорд “Хоёр улсын хоорондын харилцааны талаар ном бичсэнээрээ Элчин сайд Жонатан Эдлтон түүхэнд чухал хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр энэ ном хэвлэгдэн гарснаар хоёр улсын хооронд харилцааны нэгэн шинэ хуудас нээгдлээ. Америкт нэгэн сонирхолтой түүх бий. 1787 оны зуны нэгэн өдөр арван гурван муж улсын хурлын төлөөлөгчид АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулан хэлэлцэхээр цугларчээ. Төлөөлөгчид нэг нэгэнтэйгээ санал зөрөлдөж шийдэлд хүрсэнгүй. Тэгтэл насаар ахмад Бенжамин Франклин хуралд суусан олонд хандан нэгэн домгийг ярьж өгчээ. Омгийн нэгэн настан залуу эрд сум өгөн хугалаад хаяхыг хүсчээ. Залуу эр дор нь хугалав. Дараа нь өвгөн багц сум өгөөд хугал гэтэл залуу чадсангүй. Ингээд Франклин “Хэрвээ муж улсууд дангаараа байвал нэг сум лугаа адил хэврэг байна. Харин хамтдаа нэгдэж чадваас багц сумтай адил үл дийлдэнэ” хэмээн учирлажээ. Ийнхүү Америкийн ард түмэн арван гурван сумыг багцлан атгасан бүргэдийн зурагтай Төрийн тамгаа бүтээсэн түүхтэй. Эвийн хүчийг өгүүлсэн ийм нэгэн домог Монголд бий. Энэ нь Алунгоо эхийн эвийн таван сумны домог бөгөөд Монгол түмнийг нэгтгэн эх дэлхийн түүхэнд хүчирхэг үндэстэн болоход нь тусалсан. Үүний адил дээрх домог Америк түмнийг нэгтгэн шинэ зууны хүчирхэг гүрэн болоход тусалжээ. Монголчууд, Америкчуудын оюун санаа өөр хоорондоо хэрхэн ойр холбоотой байгааг багц сумны энэхүү домог харуулах биз ээ” хэмээжээ. Тус ном Интер номын дэлгүүрийн бүх салбаруудаар өнөөдрөөс эхлэн худалдаагдах аж.