“Хүүхдийн боловсролд ардчиллыг суулгах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн боловсролд ардчиллыг суулгах хэрэгтэй”

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгээс ардчиллын боловсролыг Монгол Улсад нутагшуулах, гадны орнуудтай гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилготой форумыг өнөөдөр, маргааш хоёр өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна. Форумд ардчилалд шинээр хөл тавьж байгаа орнууд болон ардчиллын боловсролын өндөр туршлагатай орнуудын 30 гаруй, манай улсаас 30 төлөөлөгч, мэргэжилтэн тус тус оролцож байгаа юм.

Арчиллын боловсролын форумыг ийнхүү нутагтаа хийж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ЮНЕСКО-гийн захирал Ирина Боковагийн санаачилгаас үүдэлтэй гэнэ. Түүнчлэн манай улс 2011 оны долдугаар сарын 1-нээс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа бөгөөд нийгэмлэгт 140 гаруй орон хамрагддаг байна. Форумд хүрэлцэн ирсэн гадаадын төлөөлөгч дунд ардчиллын замаар туйлбартай явж буй Энэтхэг, Индионез, Польшийн төлөөлөгчид ихээр байсан бөгөөд Монгол Улсыг ардчиллын замаар ахицтай хөгжиж яваа тухай тус тусын илтгэлүүддээ дурдаж байлаа.

Энэ талаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ажлын албаны зөвлөх Д.Гансүхээс тодрууллаа.  

-Ардчиллын боловсролын асуудалд төрийн хэмжээнд ач холбогдол өгч байна. Одоогоор Монгол Улс энэ асуудлаар ямар төвшинд байна вэ?

-Монгол Улс 2011 оны долдугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж эхэлсэн, энэ нь 2013 он хүртэл үргэлжлэх юм. Энэ нийгэмлэг анх 2000 онд Варшавт байгуулагдсан. Өнөөг хүртэл 140 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын эвсэл юм. Нийгэмлэг бол ардчилсан боловсролын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгодог. Манай улсын хувьд ардчилыг зөвхөн улс төрийн салбарт түлхүү ойлгоод байх шиг, ялангуяа сонгуулиар төсөөлж ирсэн. Харин одоо бол ардчиллын чанар гэдгээр дэлхий дахинд ойлгох болжээ. Ер нь ардчиллын боловсрол гэдэг нь ардчиллын хэв маягийг боловсролоор дамжуулж ойлгоно гэсэн үг юм. Ингэхдээ иргэдээ, хүүхэд багачууддаа багаас нь зөв ойлголт өгөхийг хичээх хэрэгтэй.

-Ардчиллын боловсролыг дэлгэрүүлэхийн тулд ямар ажил хийвэл оновчтой байх вэ?

-Ардчиллын үнэт зүйлс, хэм хэмжээг үүрэг эрх зүйн харилцаагаар зохицуулахыг онцлоод байна. Яг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд хүүхэд багачуудын хичээлийн программд оруулж өгөх хэрэгтэй. Одоогоор бол иргэний боловсрол гэдэг хичээл орж байгаа бол яг нарийвчлан ардчиллын боловсрол сэдвээр хичээл оруулах хэрэгтэй. Хүүхэд багаасаа зөв төлөвшсөнөөр эрх үүргээ зөв тодорхойлдог болох юм. Мөн энэ асуудлыг тусгайлан эрхлэх Ардчиллын боловсрол гэдэг төв байгуулж болох юм. Энэ талаарх санал ч гарч байна.

-Гадаадын орнуудад ямар байдаг юм бэ?

-Ерөнхийдөө гадаадын улс орнуудад ардчиллын үзлийн чанарын тухай анхаардаг болчихож. Тухайлбал, АНУ-д ардчиллын боловсролын тодорхой захиргаа байдаггүй бөгөөд энэ боловсролыг иргэний боловсролтой нягт уялдуулан үзээд байна. Учир нь иргэн бол ардчиллын үндсэн гол хүчин зүйл. Тэгэхээр иргэнийг багаас нь зөв төлөвшүүлэх шаардлага байна. Их Британид ардчиллын боловсрол гэхээр илүү амар хялбар аргаар ойлгож байх жишээтэй. Багш, сурагчдын тэнцвэрт харилцааг тэнд онцолдог. Энэ нь шууд утгаараа тухайн хүүхэд өөрт хэрэгтэй ямар хичээл, программ хэрэгтэй байгаагаа өөрөө сонгож, багшаараа заалгах юм. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж