Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

ДХИС-ийн сонсогч оюутнуудын төлбөр тооцоотой холбоотой буруу зөрүү ойлгогдохоор мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтлэгдсэн байна. Иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл хүргэхийн тулд зарим нэгэн тайлбарыг өгч урьд нийтлэгдсэн мэдээллийг залруулахыг хүссэн юм.

2011 оноос сургалтын төлбөр хэлбэрээр “Хүний хөгжил сан”-аас хишиг хувь хүртээх тухай журмын дагуу их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар 500000 төгрөгийг олгох болсон.

2012 онд энэ журам хэвээр үйлчилж тус сургуулийн оюутнуудын судалгааг сургалтын төрийн санд хүргүүлж,  баталгаажсан  232  оюутны сургалтын  төлбөр хуваарийн дагуу  санхүүжилт хийгдэж, төгсөх курсын оюутнуудад төлбөрийн зөрүүг олгоод байна.

Оюутан суралцагч нь оршин суух нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгждээ /харъяалах хороондоо/ өргөдөл гарган, бүртгүүлэх үүрэгтэйгээс гадна сургууль суралцагчийн талаарх судалгааг хийж сургалтын төрийн санд хүргэхээр заасан байдаг юмаа. Гэвч манай сургуулийн тодорхой тооны оюутан суралцагчид дээрх үүргээ биелүүлээгүйгээс сургалтын төрийн санд төлбөр авах нэр нь баталгаажаагүй тул манай дансанд төлбөр шилжээгүй хүлээгдэж байгаа болно.

Засгийн газрын 2012.01.18-ны 19 дүгээр тогтоолын 6.1 дэх хэсэгт “Дээд боловсролын байгууллага нь үндэсний тэтгэлэг авах суралцагчийн дэлгэрэнгүй судалгааг улирал бүр гаргаж, Сургалтын төрийн санд хүргүүлнэ.”, 6.3 дахь хэсэгт “Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагын санал, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн санхүүжилтийг улирал  тутам тухайн дээд боловсролын сургалтын байгууллагад шилжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Дээрхи журамд зааснаар тус сургууль нь I, II, III  сарын судалгааг хүргүүлж, суралцагчийн тэтгэлэгийг хугацаанд нь олгосон. Өнөөдрийн байдлаар II улирлын суралцагчийн тэтгэлэг авах оюутнуудын дэлгэрэнгүй судалгааг Сургалтын төрийн санд хүргүүлсэн боловч санхүүжилт орж ирээгүй байна. Энэ тухай сургалтын төрийн сангаас тодруулахад энэ сарын 20-ноос үндэсний тэтгэлэгийн IV, V, VI сарын санхүүжилтийг хийнэ гэсэн тайлбар өгсөн. Санхүүжилт орж ирсэн тохиолдолд IV, V сарын суралцагчийн тэтгэлэгийг  оюутнуудын нэрийн дансанд шилжүүлж, шуурхай олгох болно.  

Засгийн газрын тогтоолоор сургалтын төрийн сангаас оюутнуудад зориулан олгож байгаа хишиг, тэтгэлэгийг хэн нэгэн албан тушаалтан дур мэдэн өөр зорилгоор захиран зарцуулах,  ашиглах боломжгүй байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж