БНСУ-ын залуу одод болон Ази тивийн шинэ, залуу, авьяаслаг уран бүтээлчдийн дунд “KBS World” телевизээс зохион байгуулдаг “Dream team” тэмцээн саяхан болж өнгөрлөө. Өнгөрсөн жил тус уралдаанд “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогч Д.Ану, Э.Мишээл нар оролцсон бол энэ удаад залуу дуучин Мино буюу Т.Номин, С.Амарбаясгалан нар оролцжээ.
“Dream Team ” нэвтрүүлэг нь тухайн улсад шинээр төрөн гарч буй авьяаслаг уран бүтээлчдийг урьж оролцуулдаг бөгөөд “Сансар КаТВ” залуу уран бүтээлчдийг сонгох ажлыг гардан хийсэн байна. Энэ өрсөлдөөнд Монгол, Сингапур, Хятад, Япон, Тайландын уран бүтээлчид нэг баг болсон бөгөөд Азийн орнуудаас хамгийн стильтэй дуучнаар Мино шалгарчээ. Дашрамд дуулгахад Мино “Romance” нэртэй шинэхэн дуундаа клип хийлгэсэн бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэнэ.
М.Айри