Х.Тэмүүжин тойроггүй үлдэв

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин тойроггүй үлдэв

Баянгол
дүүргийн Ардчилсан нам өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуульд тус тойргоос
нэр дэвших хүмүүсийг тодруулжээ. Тус намын хорооны гишүүдийн шийдвэрээр
УИХ-ын сонгуулиар Баянголын тойрогт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа
нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, тус тойргоос өмнө нь
УИХ-д нэр дэвшиж сонгогдсон Х.Тэмүүжин гишүүн тойроггүй үлджээ. Энэ
тохироо бүр өнгөрсөн шөнө хийгдэж, намын анхан шатны байгууллагууд буюу
үүр, хороодоос С.Эрдэнэ, С.Одонтуяа нарыг нэр дэвшүүлэх саналаа дүүргийн
намд ирүүлжээ. Дүүргийн намын дарга С.Эрдэнэ түүнийг өнгөрсөн жил
Баянголын ҮЗХ-ны гишүүнээс хассан бөгөөд үүнийх нь шалтгааныг намынхан
нь “Ирэх сонгуулийн нэр дэвшүүлэлтийг харсан шийдвэр байна. Х.Тэмүүжин
ороод ирвэл С.Эрдэнэ өөрөө тойргоосоо гарч чадахгүй. Тиймээс С.Одонтуяаг
дагуулж гараад МАН-д золиос болгож өгөөд өөрөө сонгогдох гэж байна”
хэмээн тайлбарлаж байсан. Энэ ч үнэн болж таарав.

Тиймээс УИХ-ын
гишүүн Х.Тэмүүжин намын хорооны хурлыг орхин гарахдаа хоёр нэр
дэвшигчдээ “Та хоёрт хоёуланд нь амжилт хүсье. Нэгийгээ битгий
үлдээгээрэй, хоёулаа УИХ-д гараарай. С.Эрдэнэ дарга та намайг намын
гишүүдэд гурван жил муулсан. Тэглээ гээд таны нэр хүнд өссөн юм алга, би
ч муудсан юм алга. Харин сонгуулийн үлдсэн хугацаанд дахиж тийм зүйл
хийгээрэй, танд л муу болно шүү. Нам намайг арай ч нэг бие даах байдал
руу явуулчихгүй байлгүй дээ” гэсэн үг хаяад гарчээ. Хэрвээ Ардчилсан
намын ҮЗХ Баянгол дүүргийн намын шийдвэрийг энэ хэвээр нь баталбал
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тойроггүй хоцорч, нэг бол намын листэд жагсах,
үгүй бол бие даахаас өөр сонголтгүй болно. Тиймээс Х.Тэмүүжин гишүүн ч
бас “хаяагаа манасан” хариуг С.Эрдэнэ даргад өгсөн байна. Удахгүй болох
УИХ-ын сонгуулиар бие даагч Х.Тэмүүжин, Ардчилсан намын нэр дэвшигч
С.Эрдэнэ хоёрын хэн нь хол явах вэ гэдэг дээр Ардчилсан намын дарга нар
мөрий тавих л үлдлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж