Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн цахим хэрэглэгчдийн тал хувь нь болох 900 сая хүн “Facebook”-т “донтогчид” гэж болно.  Олон нийтийн энэ сүлжээ өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна.

“Надад таалагддаг. Маш хурдан дасдаг нь үнэн шүү. Бүх цагаар л үйл явдал дунд байх хүслээс л тэгдэг болов уу”. “Би өдөр бүр Facebook-т ордог. Хоногт арваад удаа орж байгаа. Тэр миний ажил хэрэгт тустай. Бас өөрт минь”. “Би өдөр хоёр цагаар сүлжээнд байдаг. Янз бүрийн орнуудын найз нөхөдтэйгөө харилцдаг. Эцэг эхтэйгээ ч холбогддог”. “Facebook олон нийтийн асар том сүлжээ боллоо. Би түүнийг бизнесдээ ашиглан түншүүдтэйгээ харилцдаг. Түүнгүйгээр би гар мөчгүй л гэсэн үг. Маш ашигтай сайт юм”. Facebook-ийн хэрэглэгчдийн сэтгэгдэл энэ мэт хөвөрнө.

Алдарт сүлжээний “эцэг” Марк Цукерберг дэндүү энгийн үнэн болох хүмүүс хоорондоо харилцаж, асуудал, санаа бодол зэргээ солилцох хүслийг овжин мэдэрч чадсан юм. Үүнээс улбаалан тэр мөнгө олж болно гэдгийг ухаарсан хэрэг.
Харвардын 19 настай оюутан 2004 онд өөрийн оюутны сүлжээгээ нийтэд тавив. Амжилт нүд ирмэх зуур урсаад иржээ. 2010 онд Америкийн “Time” сэтгүүл Цукербергийг оны онцлох хүнээр нэрлэсэн юм. Есөн жилийн турш оршин тогтнож байгаа Facebook сүлжээг бүтээгч хэдхэн хоногийн өмнө 28 нас хүрсэн. Тэрбээр өдгөө том компанийн ерөнхий захирал бөгөөд залуу тэрбумтан юм.

“Марк Цукерберг маш залуу захирал гэдгээрээ бусдаас өөр. Тэрбээр босс хүн ямар байдаг вэ гэсэн нийтийн төсөөллийн хүрээнээс хальсан нэгэн” хэмээн Колумбийн их сургуулийн бизнес сургуулийн Кэтрин Филлипс ярьж байна.

Facebook сүлжээний амжилттай маргах зүйл үгүй. Гэхдээ уг сүлжээнд өөрийн гэсэн асуудал байгаа. Тэдний нэг нь реклам. Реклам өгөгчид сүлжээг орхисоор байна. Ихэнх хэрэглэгчдэд баннер сонирхолгүй бөгөөд ер нь түүнгүйгээр оршихыг боддог. Саяхан “General Motors” компанийн удирдлага Facebook-т  реклам тавиулж, мөнгө зарахгүй гэсэн байв. Болж буй энэ хэрэг явдлыг бизнесийн шинжээч Мэтт Донован тайлбарлахдаа “Энэ бол нэлээд ирээдүйтэй маш залуу сүлжээ. Тэр хэзээ төрсөн хугацаанаасаа үл хамааран дөнгөж 5-6  жилийн нас хүрч байгаа. Том компаниуд одоогоор энэ бүлгийн хүмүүстэй хэрхэн холбогдох тэдэнд ямар аргаар рекламаа хүргэх талаар л ойлгохыг хичээж буй” гэв. Пало-Альтод хэдэн мянган хүнийг ажилтай байлгаж байгаа ирээдүйн тэрбумтан компанийн талаар одоо асуудал тодорч байна.

Олон нийтийн Facebook сүлжээний хувьцааны худалдаа NASDAQ бирж дээр анхны үнээс 13 хувийн өсөлттэйгээр эхлэв. Шинжээчид хувьцааны үнийг өсөлт нь 92 хувь ч болж магадгүй гэж байна. Гарааны үнэлгээний 104 тэрбум ам.долларын үнэлгээ нь тус компанийн жилийн орлогыг 28 дахин болгосонтой тэнцэж байгаа. Ийнхүү Facebook энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн үнэтэй компани болов. Энэ  арилжаа нь интернэт компаниудын өргөн цар хүрээтэй хувьцааны арилжааг эхлүүлнэ эсвэл зах зээлийг нь сүйтгэнэ гэж шинжээчид дүгнэжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж