Иргэд эрчим хүчний тухай хууль, дүрэм, журам тогтоолыг жилдээ нэг удаа ч болов эргүүлж, тойруулж, гарчиглах нь ахуй амьдрал, ажил хөдөлмөрт туйлаас нэмэртэй тухай мэргэжилтнүүд зөвлөдөг. Эрчим хүчний салбар “Эдийн засагжих” тооцоог хууль эрх зүйн орчинд нэвтрүүлж, гүнзгий шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Чухам энэхүү өөрчлөлт шинэчлэлт салбарын өнөөгийн төрх, маргаашийн өрсөлдөх чадварыг бий болгох биз ээ.
“Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2010 оны УИХ-ын 72 дугаар тогтоол хэрэгжсэнээр тус салбар эрүүлжих, зах зээлийн эдийн засагт өөрийгөө аваад явчих эрх зүйн болоод эдийн засгийн чадамж бүрдэх ажээ.
УИХ-ын 72 дугаар тогтоолын үр дүнд дараах өөрчлөлт гарчээ.
– Салбарын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж эхэлжээ.
– Гадаадын урт хугацаат зээлээс хамааралтай валютын ханшны зөрүүг засгийн газар хүлээх юм.
– Хэрэглэгчдийн төлбөрийн чадвараас хамаарч, борлуулах эрчим хүчний үнийн өсөлтийн тодорхой хувийг улсын төсвөөс санхүүжүүлж татаас өгдөг болов.
– Эрчим хүчний үнэ тарифыг 2014 оноос чөлөөлнө.
НЭГ АСУУДАЛ…
“Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, менежментийг сайжруулах, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг хямдруулах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлнэ” хэмээн 72 дугаар тогтоолд тэмдэглэжээ. Мөн улсын төсвөөс түлш эрчим хүчний компаниудад олгож буй татаас, хөрөнгө оруулалтын хэмжээгээр салбарын үйлдвэрүүд хоорондын хуучин өрийн сүлжээг бүрэн хааж, балансыг цэвэрлэх ажил өрнөж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд салбарын санхүүгийн байдал доройтож ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж байсан бол дээрх тогтоолын дүнд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарч буйг мэргэжилтнүүд тэмдэглэдэг. Тус тогтоолд зааснаар дараах хоёр шийдвэр амжилттай хэрэгжиж, нэг асуудлыг хэлэлцэж байна.
АМЖИЛТ
1. Эрчим хүчний салбарын эдийн засаг, санхүүгийн байдлыг зөв гольдиролд оруулсан.
2. “Эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар тус салбарыг зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг гүнзгийрүүлсэн.
АЛХАМ
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль удахгүй мэндлэх нь. Азийн хөгжлийн банк, германы техникийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ЭБЭХЯ-ны ажлын хэсэг хуулийн төслийг бэлтгэжээ.
Эрчим хүч хэмнэх нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа. Бага нүүрс хэрэглэх тусам утаа багасна, техникийн элэгдэл, хорогдол буурна. Тиймээс цахилгаан дамжуулалт, түгээлт, хэрэглээний бүхий л түвшинд эрчим хүч хэмнэх хууль эрх зүйн орчин бүрдэх аж. Мөн эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд түлш эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхыг сайжруулах, өр, авлагаас салгаж, зах зээлийн горимоор ажиллуулахаар тооцжээ. Үүний дүнд нь авлага, өглөгийн харьцаа өнөөдөр хэвийн горимд орж яваа гэнэ. Тухайлбал, өмнө нь өглөг нь авлагаасаа 30 гаруй тэрбум төгрөгөөр зөрдөг байсан эрчим хүчний салбарын өглөг өнөөгийн байдлаар 32 тэрбум төгрөгөөр буурчээ. Уурхай, станцын хоорондох өрийн асуудал энэ оны эцэс, дараа оны дунд гэхэд бүрэн арилах боломж харагдаж байгаа гэнэ.
ХУУЛЬД ДАХИН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
“Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд огт шилжээгүй гэж үзэж болохгүй. 2001 онд эрчим хүчний тухай хууль гарснаар манай салбар зах зээлийн арилжааны хэлбэрт шилжиж, төрийн үйлдвэр, компаниуд удирдлага, санхүүгийн хувьд бие даасан хэлбэрт орсон. Хуучин босоо удирдлагатай буюу нэг тогооны зарчмаас хэвтээ бүтэцтэй буюу компанийн өөрийн удирдлагын зарчимтай болсон” гэж эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэв хэллээ. Эрчим хүчний тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд орох үйл явцыг хурдасгах, эрчим хүчний зохицуулах газрыг хороо болгон үйл ажиллагаа, үүрэг хариуцлагыг өргөжүүлэх, тус хороог орон тооны гурав, мөн хэрэглэгчийн төлөөлөл болсон орон тооны бус хоёр, нийт таван зохицуулагч удирдах асуудлыг шийдвэрлэсэн байна.
УИХ-ын 72 дугаар тогтоол болон “Эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар гарсан үр дүн:
1. Эрчим хүчний зохицуулах газар нь хороо болсноор зарим нэмэлт ажил, үүргийг хариуцах, түүнчлэн хуулийн хүрээнд бие даасан байдлаа хангах боломж нөхцөл бүрдэх аж.
2. Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх асуудал хэрэгжих. үнэ тарифийг уян хатан бодлогоор зохицуулах боломж нээлттэй болж байгаа юм байна.
3. Цаашид эрчим хүчний салбарын үнэ өртгийг тооцохдоо хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцож, үнэ тариф тогтоох зарчим шинэлэг байдлаар үйлчлэх болж байгаа аж. Өмнө нь нийт зардлыг дунджаар тооцон үнэ тарифыг тогтоодог байжээ.
4. УИХ-ын тогтоолын хүрээнд жил жилд үнэ тарифыг зохистой хувиар үе шаттайгаар нэмэгдүүлснээр эрчим хүчний салбар 2014 он гэхэд өөрийгөө бүрэн санхүүжүүлж, алдагдалгүй ажиллаж эхэлнэ. өөрөөр хэлбэл, ирэх 2014 оноос салбар төрөөс татаас авахгүй, бие даан ажиллана гэсэн үг.
5. Гадаадын хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах эрх зүйн болон эдийн засгийн орчин нөхцөл бүрдэж эхэлжээ. Тухайлбал, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг концессын гэрээгээр барьж байгуулах ажлын үр дүнд могойн голын уурхайг түшиглэн 60 мвт цахилгаан станц Хятад, Монголын хамтарсан “Шинэ Ази Майнинг” компани барьж байна. Тус компани 110 сая ам.долларын хөрөнгөөр цахилгаан станцыг барьж, 20 жилийн дараа төрд хүлээлгэн өгөх аж.
6. Эрчим хүчний ахуйн хэрэглэгчид сард 150 квт.ц буюу түүнээс бага цахилгааныг хэрэглэсэн тохиолдолд цахилгааны төлбөрт гурван жилийн турш одоогийн үнээр мөрдөх нь. Хэрэглэгчдийг огцом үнийн өсөлт, дарамтаас хамгаалах үүднээс төрөөс татаас олгож буй учир хэрэглэж буй цахилгааны бодит үнээс тодорхой хувиар хөнгөлж байгаа аж. Харин та 150 квт.ц-аас дээш хэмжээний цахилгаан хэрэглэсэн бол бодит өртөг зардал бүхий үнээр тооцоо хийх юм байна.
7. Төвийн бүсийн эрчим хүчний үйл ажиллагааны орлого нэмэгджээ. Өмнө нь 150 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг байсан төвийн бүс өдгөө 213 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. Орлого нэмэгдсэн нь компаниудын санхүүгийн тогтвортой байдал сайжрахад ихэд нөлөөлжээ.
8. Эрчим хүчний салбарын нийт алдагдал энэ онд буурчээ. Төвийн бүсийн 12 компанийн алдагдал 45 тэрбумаас 27 тэрбум төгрөг болж, алдагдал нийтдээ 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт нь тус салбарын хувьд том үйл явдал. Ирэх жилээс үнэ тарифын зохицуулалт хийгдсэн тохиолдолд алдагдал ихээхэн буурч нэмэх үзүүлэлттэй гарах нөхцөл бүрдэнэ, энэ тал дээр төр, хэрэглэгчидтэй хамтарч дэмжлэг авч ажиллана гэдэгт найдаж байна гэж эрчим хүчний зохицуулах хорооноос онцлов.
“Эрчим хүчний тухай хууль”-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан:
-Төрийн зохицуулалтаар үнэ тарифыг тогтоож, зөвшилцлийн хүрээнд шийдэж байгаа учраас өрсөлдөөний газраар үнийг дахин хянуулах шаардлагагүй гэсэн заалтыг “Эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлтөөр оруулна хэмээн УИХ-ын гишүүн А.Тлейхан онцлов. Учир нь, эрчим хүчний зохицуулах хорооны таван зохицуулагчийн нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч учраас ийн шаардлагагүй хэмээн үзжээ.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихтэй холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах юм байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР УРАГШАА
Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл өсөн нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ, түүний үнэ цэнэ улам өссөөр. Цаашдаа хязгааргүй хэрэгцээг хэмжээтэй нийлүүлэлт хангаж чадах болов уу. Бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд хөлд орж, “100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буй энэ үед эрчим хүчний салбарт дэлхийн чиг хандлагатай нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрмэлзэх болжээ.
Ирээдүйд үүсэх эрчим хүчний хэрэгцээг өнөөдрийн хэмнэж буй эрчим хүчээрээ хангах, хэмнэлт, урамшууллын тогтолцоонд суурилсан хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдсэн.
“Эрчим хүчний салбарт урт хугацааны өр бий. Гэхдээ тус салбар эрүүлжиж байгаа учраас цаашдаа төлөх хугацаанд бэрхшээл гарахгүй. Өөрийгөө санхүүжүүлэх зарчимтай болсон. Гэрээний хугацаанд өрөө төлөх боломжтой. 2014 оноос эрчим хүчний салбар жинхэнэ утгаараа зах зээлийн зарчмаар ажиллах талаар мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна” хэмээн А.Тлейхан гишүүн ярьсан.
Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN