Олдворыг Монголынх гэдгийг батлах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Олдворыг Монголынх гэдгийг батлах боломжтой гэв

Төв Ази тэр дундаа Монголын нутаг дэвсгэр дээр 75 сая жилийн тэртээ амьдарч байсан байж болзошгүй “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн олдвортой холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, академич Р.Барсболд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эл үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэлхийн хэвлэл мэдээллүүд цацах болсноор Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч, Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч дуудлага худалдаа өчигдөр болж, нэрээ нууцалсан эрхэм энэхүү үнэт ховор олдворыг худалдаж авсан. Хэдийгээр дуудлага худалдаа болсон ч Даллас хотын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улс “Тиранозаурус Батаар”-ыг Монголын газар нутгаас олдсон гэдгийг нотолж чадвал эргүүлэн авах найдвар байгаа аж. Тиймээс манай талаас АНУ, Канад зэрэг орны эрдэмтэдтэй хамтран ажиллахаар болжээ.

Мөн ЮНЕСКО-гийн 1976 оны конвенциор уг үнэт олдворыг Монголынх гэдгийг баталж чадвал эргүүлэн авах боломж байгаа гэдгийг сайд Ё.Отгонбаяр мэдэгдлээ.

Харин шүүхээс гаргасан шийдвэрээр бол Монгол Улсын хувьд энэхүү үнэт олдворыг арав хоногт багтаан Монголынх гэдгийг нотлох шаардлагатай болж байгаа. Цаг хугацаа маш давчуу байгаа үед дээрх олдворт судалгаа хийж нотлох боломж байгаа юу гэдгийг академич Р.Барсболдоос сэтгүүлч тодруулахад “Хүндрэлтэй биш, тогтоох боломжтой” гэсэн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр Олон улсын сээр нуруутны палентлогийн ерөнхийлөгчийн энэхүү “Тиранозаурус Батаар”-тай холбогдуулан хийсэн мэдэгдлийг онцлов. Тэрхүү ерөнхийлөгч “Тиранозаурус Батаар”-ыг хууль бусаар малтсан байх магадлал өндөр байна. Яагаад гэвэл шүд нь маш их хэмжээгээр гэмтсэн байна гэжээ. Мөн тэрбээр “Мэргэжлийн хүмүүс энэхүү аварга амьтныг малтаж гаргах бол аль болох шүдийг нь гэмтээхгүй бүрэн бүтэн гаргаж ирэх байсан” гэж мэдэгджээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж