С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар нэр дэвших эрхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар нэр дэвших эрхгүй гэв

Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Хэвлэлийн бага хуралд “Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөн, “Шударга иргэний фронт”, “Үндэсний хас” хөдөлгөөн, “Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбоо” болон 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр шархадсан хохирогчдын ээж нар оролцсон юм. Тэдний зүгээс хар түүх үлдээсэн долдугаар сарын 1-ний хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар ямар нэг байдлаар хариуцлага хүлээх ёстой гэв. Түүнчлэн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх бол нэр дэвшиж буй тойргийн Сонгуулийн төв штабын байрны гадна өлсгөлөн зарлана гэдгээ хохирогчдын ээж нар мэдэгдсэн юм.

“Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөний тэргүүн Б.Хосбаяр “Долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн хуучин дарга нарыг холбогдуулан шалгаж байгаа. Гэтэл шүүх хурал зориудаар хойшлогдоод байгаа нь тодорхой байна. Цагдаагийн дарга нар нь хэн буудах тушаал өгснийг нууж байгаа. Гэтэл хэн өгсөн нь тодорхой. С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёр энэ хэрэгт холбоотой байж таарна. Нэн түрүүнд долдугаар сарын 1-ний хэргийн буруутай эзнийг яаралтай олж тогтоомоор байна. С.Баяр Баянгол дүүрэгт нэр дэвшихээр сонгуулийн штабаа байгуулан зэхэж байгаа сурагтай. Гэтэл өөрөө гадаад явсан гэсэн. Харамсалтай нь, мэдэх хүн алга. Үймээний үеэр 275 залуу нэгээс найман жилийн хорих ял сонсч, хоригдсон.  Би ч бас хэлмэдсэн. Энэ 275 хүнийг цагаатгах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө ард түмнээсээ уучлалт гуйж байсан шүү” гэж байлаа. 

Дээрх хөдөлгөөнүүдийн гишүүд, дэмжигчид УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг УИХ-д дахин нэр дэвшиж сонгогдсоноор УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэх эрх ямба олж авна хэмээн сэрдэж байгаа аж. Тиймээс тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хүсэлтээ МАН-д хүргүүлэхээр болсон байна.

                                            Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж