Говь-Алтайн нэр дэвшигч тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн нэр дэвшигч тодорчээ

АН-ын ҮЗХ энэ сарын 23-нд хуралдаж, нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулахаа мэдэгдээд байна. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс аймаг, дүүргүүдийн АН хуралдаж тухайн тойрог, орон нутгаас УИХ-д нэр дэвшигчдийн анхны гарааг эхлүүллээ.

Энэ сарын 19-нд Говь-Алтай аймгийн АН-ын гишүүд өглөөнөөс шөнө дөл  болтол нэлээд ширүүхэн хуралджээ. Түүгээр гишүүдийн 80 гаруй хувийн саналаар нэр дэвшигчийг тодруулсан байна. Ганц мандаттай энэ тойрогт МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь, ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан, Ж.Авхиа генералын хүү А.Амгалан нар өрсөлдсөнөөс ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан 72,4 хувь, Ц.Оюундарь, А.Амгалан нар 20  гаруй хувийн санал авч, Б.Ариунсанд УИХ-д нэр дэвших эрхийг олгосон байна.

Б.Ариунсангийн хувьд АН-ын соцдек угшилтай анхны гишүүдийн нэг. Нийгмийн халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, ЭБЭХ-ний дэд сайд зэрэг албан тушаал хашиж байсан. Улс төрийн хэмээн нэрлэгддэг энэ албыг хашиж байхдаа нийгмийн халамжийн болон татварын  багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан, УИХ-аар батлуулж,  энэ салбарын эрх зүйн орчныг зохицуулахад том үүрэг гүйцэтгэсэн гэсэн магтаалыг салбарынхнаас хүртдэг,  Говь-Алтайн унаган хүүхэд аж. Мөн энэ нутгаас төрсөн докторуудын  нэг ажээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж