Л.Гүндалай аймгийн АН-ын даргаас огцроогүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай аймгийн АН-ын даргаас огцроогүй гэв

УИХ-ын гишүүн Л.Гүндалай сэтгүүлчдийг цуглуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед өөртэй нь холбоотой тарсан гэх зарим мэдээлэлд хариу өгөв.

Тэрбээр Хөвсгөл аймагт ажиллаж байгаад иржээ. Тэр хооронд аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулган дээр Л.Гүндалай гишүүн эмэгтэй хүн зодсон гэсэн мэдээлэл тарсан байсан гэв.

Гишүүний сэтгүүлчдэд хэлснээр ардчилсан эмэгтэйчүүдийн чуулган дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарыг үг хэлэхийг урьсны дагуу тэнд очсон байна. Хөвсгөл аймгийн сум бүрээс хоёр эмэгтэй төлөөлөгч оролцсон уг чуулган дээр Г.Оюунгэрэл гэдэг эмэгтэй Л.Гүндалай гишүүнийг үг хэлүүлэхгүй, сандал ч өгөхгүй байсан гэнэ. Сүүлд энэ эмэгтэй “Л.Гүндалай гишүүн намайг зодсон” гэсэн цуурхал дэгдээсэн гэж Л.Гүндалай гишүүн хэллээ. Тэрбээр “Би эмэгтэй бүү хэл эрэгтэй хүн ч зоддоггүй. Өнгөрсөн 2008 оны сонгуулийн өмнө намайг бас нэг дэд сайд эмэгтэй /Ж.Цолмон/-г зодсон гэсэн яриа гарсан. Тэгээд тэр нь удалгүй намжсан. Сонгууль болгоны өмнө Л.Гүндалай эмэгтэй хүн зодсон гэсэн яриа гардаг. Тэр талаар надаас асуух ёстой байсан. Эмэгтэй хүн зодсон гэдэг бол ор үндэсгүй гүтгэлэг. Хэн нэгний утсаар өгсөн яриаг үндэслэж энэ гүтгэлгийг тараасан байна. Үүнийг зохион байгуулалттай гүтгэлэг гэж үзэхээс аргагүй. Хөвсгөл аймгийн АН-ын эмэгтэйчүүдийн чуулганы 200 гаруй төлөөлөгч үүнийг үнэн зөвөөр гэрчилнэ” гэлээ.

Мөн тэрбээр өөрийгөө Хөвсгөл аймгийн АН-ын даргаас огцорсон гэдгийг үгүйсгэв. Тэрбээр аймгийн АН-ын даргаар Ч.Батцогтыг сонгосныг үгүйсгэн өөрийгөө дахин сонгогдсон гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. “Хөвсгөл аймгийн АН-ын даргын суудал үнэтэй цэнэтэйдээ биш. Салан тусгаарлагчдаар намын дарга болгомооргүй байна. Тэд бол МАН-аас мөнгө төгрөг авсан хүмүүс байгаа. Хэрэв олонх намайг дэмжээгүй бол би тамгаа өгөх байсан. Гишүүдийн 75 хувь намайг дэмждэг. Би намын дарга хэвээрээ байгаа. Аймгийн АН-ын хурал гуравдугаар сарын 18-нд болж намайг даргаар сонгох тухай шийдвэрээ гаргасан байхад хэсэг хүн тусдаа хуралдаж Ч.Батцогтыг намын даргаар сонгосон гэсэн мэдээлэл тараасан” гэлээ. Мөн МАН-ын гишүүн, одоо Хөвсгөлд МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй Л.Энх-Амгаланг АН-ын ҮЗХ-ны гишүүн байсан. АН-аасаа албан ёсоор гараагүй байгаа талаар Л.Гүндалай гишүүн мэдэгдэв.

Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт асуулт тавьж Тавантолгойн хувьцааны дансыг хөдөө орон нутагт 5000 төгрөгөөр нээж буй нь хуульд харшилж байгаа талаар асууснаа мэдэгдлээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж