Цирк, хөгжим хосолсон тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Цирк, хөгжим хосолсон тоглолт болно

“Дэлхий ээж”, “Эр хүн”, “Манайд ирээрэй” хэмээн бид бүхний зүрх сэтгэлд хоногшсон дуунуудыг зохиосон хөгжмийн зохиолч, судлаач, сурган хүмүүжүүлэгч нийтлэлч, редактор гэсэн олон салбарт оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа Р.Энхбазар энэ сарын 24-нд “Тэнгэр эцэгтээ  өргөх дуу” нэртэй цирк эстрадын тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоо ийнхүү нэрлэсэн учир нь түүний аав гавьяат жүжигчин Ж.Раднаабазар нь Монгол Үндэсний циркийг үндэслэгчдийн нэг. Тэрбээр аавынхаа мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан  аавыгаа алдаршуулж олонд таниулах  зорилгоор энэхүү тоглолтыг хийж байгаа аж. Түүний тоглолтод “Эр хүн”, “Залуусын уулзалтын дуу” зэрэг 1970, 80-иад онд хит болон залуучуудын дунд дуулагдаж байсан дуунууд эгшиглэх юм. Цирк эстрадын жанр нь социализмийн үед нилээд дэлгэрч байсан төрөл төдийгүй өнөө үед мартагдсан жанрыг үзэгчдэд сануулах  зорилготой гэнэ.

Цирк, хөгжим хосолсон энэ тоглолтод дуучин С.Сэрчмаа , Ардын жүжигчин А.Долгор залуу дуучин П.Жимсээ, “Инээмсэглэл” хамтлаг болон Монголын үндэсний “АСА” циркийн уран бүтээлчид шилдэг номеруудын хамт нэг тайзнаас мэндчилэх нь ээ.

Р.Энхбазар аавынхаа 100 жилийн ойг тэмдэглэхээр БСШУЯ-нд хүсэлт хүргүүлээд байгаа бөгөөд энэхүү тоглолтоор ойн нээлт болгон хийж байгаа аж. Хэрвээ түүний хүсэлтийг БСШУЯ хүлээн авбал ирэх намраас аавынхаа 100 жилийн ойг тэмдэглэхээр олон ажил хийхээр төлөвлөөд буйгаа дуулгасан юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж