Аялал жуулчлалын орлого их наяд давлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын орлого их наяд давлаа

Дэлхийн эдийн засагт аялал жуулчлалаас  орж ирэх орлого анх удаа нэг их наядаас давлаа. Ингэхдээ Герман, АНУ, Хятад улсууд энэ салбараас хамгийн арвин “ургац хураажээ”. Манай хойд хөрш ч лидерүүдээс нэг их хоцорсонгүй.

Дэлхийн аялал жуучлалын байгууллагын (UNWTO) мэдээгээр өнгөрсөн онд аялал жуулчлалын салбараас дэлхийн эдийн засагт 1,2 их наяд ам.доллар оруулжээ.  Үүнээс 196 тэрбум нь зорчигч тээврийн үйлчилгээнээс олсон орлого гэнэ. Олон улсын аялал жуулчлал, зорчигч тээврийн салбар нь дэлхийн экспортын үйлчилгээний 30 хувийг эзэлж байна. Экспортын ангиллын хувьд жуулчлал нь түлш, химийн болон хүнсний бүтээгдэхүүний дараа дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.

“Сүүлийн хоёр жилийн хувьд олон зах зээл дээр эдийн засгийн сэргэлт тэнцүү биш байсан ч олон улсын аялал жуулчлалын эрэлт тогтвортой байж чадав. Энэ мэдээ нь санхүүгийн хүндрэлтэй, дотоодын сулхан хэрэглээтэй, аялал жуулчлал нь гол экспортын салбар болсон орнуудад сайн мэдээ юм. Энэ хөдөлмөр ихтэй салбар гадаад худалдааны тэнцэрийг арилгаж, ажилгүйдлийг багасгах гол хэрэгсэл болж байна” хэмээн UNWTO-гийн ерөнхий захирал Талеба Рифаи тэмдэглэв.

Тэрбээр дэлхийн улс орны Засгийн газрууд аялал жуулчлалыг дэмжиж, илүү шударга татварын бодлого явуулж, визийн ажиллагааг хөнгөвчлөх, мөн жуулчдын хөдөлгөөнд анхаарна хэмээн найдаж буйгаа хэлжээ. Жуулчлалын салбар нь эдийн засгийн өсөлтийг өдөөн ажлын байр бий болгох чадвараа харуулж өглөө.
Өнгөрсөн оны хувьд аялал жуулчлалын  дэлхийн эдийн засагт оруулсан хамгийн их хувийг Европын орнууд (45%) оруулж, тэдний араас Ази, Номхон далайн бүс (28%) ба Америкийн бүс (19%) нэхэн явж байна. Европт жуулчид 463 тэрбум ам.доллар, Ази, Номхон далайн бүсийн орнуудад 289 тэрбум ам.доллар зарцуулжээ. Америкийн орнууд 199 тэрбум ам.долларыг жуулчдаас олсон байна.
Жуулчдын тоо BRIC (Бразили, Орос, Энэтхэг, Хятад) орнуудаас нэмэгдлээ. Тухайлбал, хятад жуулчдын гадаадад хийх жуулчлал 32,2 хувиар өсөн тэд 73 тэрбум ам.доллар зарцуулсан байв. Оросууд 32,5 тэрбум доллар зарсан нь өмнөх оны 22,1 хувиас хамаагүй их байна. Орос олон улсын аялал жуучлалаас олох орлогын хэмжээгээр дэлхийд долоод бичигдлээ.

Бразилийн жуулчид 2011 онд 21 тэрбум доллар  зарсан нь өмнөх оны зарлагаас нь 29,5 хувиар илүүтэй. Энэтхэг жуулчдын зарлага өмнөх жилийнхээсээ 32,6 хувиар нэмэгдэн 13,7 тэрбум долларт хүрчээ.

Олон улсын аялал жуучлалаас хамгийн их орлогыг Герман, Австрали, Норвеги, Бельги ба Канад олсон байв. Дашрамд, Герман нь жуулчлалын бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч болов. Тус оронд жуулчид 84 тэрбум ам.доллараа үлдээжээ. Хоёрдугаарт АНУ жуулчдаас 79,1 тэрбум доллар олсон байна. UNWTO-гийн мэдээгээр Хятад гуравт, 72,6 тэрбумын орлоготой орсон бөгөөд энэ жилийн дүгнэлтээр  100 тэрбумын орлого олон Германаас түрүүлж магадгүй.

Их Британи (50,6 тэрбум доллар) дөрөвт, Франц (41,7 тэрбум доллар) тавд чансаалагдав. Эхний аравт Канад (33 тэрбум доллар), Итали (28,8 тэрбум доллар), Япон (27,2 тэрбум доллар) ба Австрали (26,9 тэрбум доллар) зэрэг орнууд бичигдлээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж