Боловсон хүчнийг Дундговьд бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Боловсон хүчнийг Дундговьд бэлтгэнэ

Улаанбаатар хотоос 276 км-ийн зайд орших Дундговь аймгийг зориход хамгийн түрүүнд бэлтгэх ёстой зүйл нь замын бартааг сайн туулах автомашин. Угаас элсэрхэг говийн аймагт тулгардаг цөлжилтийн асуудал ч энд хурцаар яригдаж байна. Монгол Улсын Засгийн газар үүнийг харгалзан үзэж, Дундговь аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох, 2 хэлхээ бүхий 429 км үргэлжлэх эрчим хүчний дамжин өнгөрөх шугам татаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 4 жилд анхаарч ажилласан. Нийт 270 гаруй км замынх нь 104 нь шороон  зам байдаг. Түүнийг асфальт бетон хучилттай замтай болгохын тулд Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газар 2008-2012 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг орон даяар тайлагнаж байгаа. Анх нийслэлийн төв талбайд эхэлсэн аяныг Засгийн газрын гишүүд хөдөө орон нутагт үргэлжлүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Төв аймагт ажиллалаа. Байршлын хувьд стратегийн чухал гэж тодотгодог Дундговь аймаг Таван толгой, Оюутолгой гэсэн хоёр томоохон ордыг Улаанбаатартай холбох гүүр хэдий ч газрын доорх эрдэнэсээс илүүтэй хүний оюуныг түшиглэсэн хөгжлийн замыг сонгосон байна. Замтай, эрчим хүчтэй болсон тохиолдолд хөгжлийн бусад асуудлыг шийдэхэд хялбар болно.

Зэргэлдээ аймаг болох Дорноговьд Сайншандын аж үйлдвэрийн парк, Өмнөговьд хүнд үйлдвэр байгуулах галт тэрэг хэдийнэ хөдлөөд байгаа энэ үед тэнд ажиллах хүчнийг бэлтгэх мэргэжлийн сургалтын цогцолборыг Дундговь аймагт байгуулж, бас шинжлэх ухааны судалгааны хүрээлэнг нь ирэх онд багтааж барихаар төлөвлөж байна. Дуу хуурын өлгий нутаг Монгол улсад анхдагч болох томоохон театртай болохоор Төв халхын дуулалт жүжгийн театраа дахин байгуулж байгаа. Төсвийн хөрөнгөөс 6,8 тэрбум төгрөгөөр баригдаж байгаа энэ театр 2014 онд баригдаж дуусах юм.

Ер нь иргэд төрөөс нийгмийн халамж хүсэхээсээ илүүтэй өөрөө хөдөлмөрлөе, үйлдвэрлэе гэсэн сэтгэлгээгээр ханддаг болжээ. 4 жилийн өмнө авдаг байсан цалин 2 дахин нэмэгдэж, тэтгэвэр тэтгэмж 2.5 дахин өссөн. 4 жилийн өмнө ажилгүй байсан нэгэн өнөөдөр ажлын байртай болж,  бас амьжиргаагаа залгуулах жижиг, дунд үйлдвэр ч эрхлэх болжээ. Хөдөөгийн ард иргэдэд нөлөөлж байгаа энэ чиглэлийн асуудлыг Монгол Улсын Засгийн газар цаашид анхааран, төрийн дэмжлэгийг илүүтэй хандуулахыг хөдөөгийн иргэд Шадар сайд М.Энхболдоор дамжуулан төр, засагтаа уламжиллаа.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Мандалговьчуудад тайлагнасныхаа дараа Шадар сайд М.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг “Нээлттэй хаалганы өдөр”-т зочиллоо. Нээлттэй хаалганы өдөрт төрийн бүх үйлчилгээ нэг дор төвлөрч, мэдээллээ ч өгдөг, үйлчилгээгээ ч үзүүлдэг. Улирал тутамд нэг удаа ийм нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж уламжлал болсон болохоор иргэд ч ирээд сурчихжээ. Хамгийн их эрэлттэй байсан газар нь бүртгэл, мэдээллийн хэлтэс байлаа. Сонгууль дөхөж иргэд бичиг баримтаа цэгцлэх, шилжилт хөдөлөгөөнөө бүртгүүлэхээр олноор ирсэн байсан. 

Үүний дараа ажлын хэсгийнхэн хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа худалдаа эрхлэгчидтэй уулзсан. Аймгийн төвд байрлах “Мандал хүрээ” худалдааны төв хүнсний барааны хамгийн том төвлөрсөн цэг нь болдог. Зарим бараагаа хотоос татдаг ч аймагтаа үйлдвэртэй болчихвол ажлын байр нэмэгдэж, бас барааны үнэ ч буурах юм гэдгийг эндэхийн худалдаачид ярьж байсан. Аймгийн хувьд одоогийн байдлаар 30 гаруй фермер ажилладаг. Өнгөрсөн онд 15-ыг нэмж байгуулжээ. Одоо сүүний чиглэлийн фермер ядаж хоёрыг байгуулж чадвал аймгийн төвийнхөө дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тараг үйлдвэрлэж чадна гэж худалдаачид ярьж байна.

Ийнхүү Дундговь аймагт хөгжлийн түүчээ жинхэнэ утгаараа хүрчээ. Монгол Улсын Засгийн газраас говийн аймгуудад хандуулсан төрийн бодлого нүдээ олж, ард иргэдийн амьжиргаа өөрчлөгдөж байгаа ч цаг хугацаа, нийгмийн аясыг дагасан өөрчлөлтийг цаг тухайд нь тусгаж, анхаарал хандуулж байхыг Дундговьчууд Засгийн газарт уламжиллаа.

Эх сурвалж: http://pmis.gov.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж