iPad-ын дэлхийн нээлт энэ сарын 28-нд

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

iPad-ын дэлхийн нээлт энэ сарын 28-нд

Худалдаанд гарснаас хойш ердөө ганцхан сарын дотор нэг сая хувь борлогдож чадсан “Apple” компанийн iPad таблет компьютер өдгөө зөвхөн Америкийн зах зээлд худалдаалагдаж байгаа. Харин тус компаниас шилдэг бүтээлийнхээ дэлхийн нээлтийг тавдугаар сарын 28 хэмээн зарлалаа. Ингэснээр iPad таблет компьютер энэ сарын сүүлчээр АНУ-аас гадуур буюу Австрали, Канад, Франц, Герман, Итали, Япон, Испани, Швейцарь болон Их британи гэсэн дэлхийн есөн улсын зах зээлд нэвтэрнэ. Харин үнийн тухайд гаалийн татвар зэргийг харгалзан үзэж, улс бүрт харилцан адилгүй үнэтэй байх ажээ. Худалдан авахыг хүссэн хүмүүс тавдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн интернэтээр урьдчилсан захиалга өгч болох гэнэ.

“Apple” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “iPad” хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ смартфөүн болон лэптоп хоёрын завсрын, “гуравдагч шинэлэг бүтээгдэхүүн” хэмээн нэрлээд байгаа юм. Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой ажээ. Түүнчлэн “iPad” нь электрон номны үүргийг гүйцэтгэх бөгөөд хэрэглэгчид “Apple”-аас саяхан нээсэн “iBook Store”-д холбогдож, электрон ном татаж авч болох гэнэ. Мэдээж хэрэг номноос гадна төрөл бүрийн сэтгүүл, сонины электрон хувилбарыг унших боломжтой.

iPad нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж