1028 жолооч эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

1028 жолооч эрхээ хасуулжээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан жолооч нарын тоо эрс нэмэгдсэн байна. Өвлийн улиралд өдөрт дунджаар хоёр согтуу жолоочийг илрүүлж, эрхийг нь хасдаг байсан бол одоо энэ тоо арав давжээ. 2012 оны нэг сараас хойш автомашин жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын тоо 1000 давж, өнөөдрийн байдлаар 1028-д хүрээд байна.  Дархан хотын хэмжээнд 15 жолооны курс байдаг, жилд дунджаар 2000 гаруй шинэ жолоочийг бэлтгэдэг ажээ. Гэсэн хэдий ч жолооч бэлтгээд байдаг. Эргээд жолооч нартай холбоотой энэ мэт зөрчил дутагдал ч нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал яг өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд 21 хүн саатуулагдаад байгаагийн 16 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нар байгаа мэдээллийг өглөө.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал энэ мэт буурахгүй байгаа бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн хэрэг, зөрчил гаргах нь ч нэмэгдэж байгааг анхааруулсан. Мөн осол, хэргийн газраас санаатай зугтах тохиолдол ч бүртгэгддэг байна. Харин тэр бүрт нь хяналтын камерын нэгдсэн системийн тусламжтайгаар шуурхай илрүүлэн ажиллаж байгаа юм. Хамгийн гол нь жолооч нарыг автомашин жолоодож явах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй гэх сэрэмжлүүлгийг Замын цагдаагийн тасгаас өглөө.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан шалтгаанаар түр саатуулагдаад байгаа 16 иргэний дотор БНХАУ-ын иргэн багтсан нь анхаарал татсан юм. Аль ч улс оронд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож болохгүйг уг нь мэдмээрсэн. Нөгөө талаас жолооч нар мянгаараа эрхээ хасуулж байгаагийн шалтгаан нь  тухайн жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэлээ гэхэд хүн ам төвлөрсөн Дархан хотод дуудлагын жолоочийн үйлчилгээ байхгүйтэй холбоотой гэх шүүмжлэлийг дагуулж байна.

                                                                                                          М.Дэлгэржаргал /Дархан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж