Урлагийн сэтгүүлчид номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Урлагийн сэтгүүлчид номын дуу сонслоо

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан АНУ-ын ЭСЯ болон Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Соёл урлаг ба сэтгүүлзүй” сургалтыг тавдугаар сарын 18, 19-нд Монголын Үндэсний музейд зохион байгууллаа.

Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд болсон уулзалтад АНУ-ын “Arts Journal” онлайн сэтгүүлийн эрхлэгч, ноён Дуглас МакЛенан Монголд анх удаа хүрэлцэн ирж, сургалтыг удирдан явуулсан юм. Уулзалт, сургалт сэтгүүл зүйн салбарын урлагийн албаны сэтгүүлчдэд зориулсан бөгөөд энэ чиглэлийн анхны томоохон хэмжээний уулзалт гэдгээрээ онцлог байв. Уулзалтад сэтгүүл зүйн цахим, цаасан болон телевийзийн салбарт хүчин зүтгэж яваа редактор, сэтгүүлчид чуулж, Монголын сэтгүүл зүйн урлагийн салбарт тулгамдаад байгаа асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах болон шинэ дэвшилтэд технологийг хэрхэн ашиглах талаар олон хэлэлцүүлэг, яриа өрнүүллээ. Уулзалт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй цаашид урлагийн албаны сэтгүүлчид өөр хоорондоо санаа бодлоо хуваалцах, туршлага солилцохоор нэгдэн ажиллах тал дээр Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон юм.

Уулзалтаар

  • “Монгол дахь соёл урлагийн сэтгүүлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, боломж”
  • Соёл урлагийн сэтгүүлзүй – Түүх ба хамрах хүрээ: Өрнөдийн соёл урлагийн сэтгүүлзүйн зорилго, онол, туршлага
  • Соёл урлагийн сэтгүүлзүй: Агуулга ба түүнийг хэрхэн бичих
  • Соёл урлагийн сэтгүүлзүйгээр дамжуулан нийгмийн үнэт зүйл ба хөгжилд оруулах хувь нэмэр
  • Цахим мэдээллийн хувьсгал: Соёл урлагийн талаарх мэдээллийг хүргэх шинэлэг арга барил
  • Цахим технологи ба соёл урлаг. Цахим мэдээллийн сүлжээний үүрэг зэрэг тун сонирхолтой сэдвүүд багтсан юм.

Энэхүү ярилцлага, харилцан яриа хэлбэрээр өрнөсөн бөгөөд “Соёл урлаг ба сэтгүүл зүй” үдийн ярилцлагад Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Урлаг судлаач О.Сосор нарын уран бүтээлчид уригдан урлагийн албаны сэтгүүлчидтэй уулзсан. Энэ үеэр урлагийн салбарт тулгамдаад байгаа урлагийн шүүмжийн асуудлаар халуун яриа өрнөсөн бөгөөд урлагийн акулууд сэтгүүлчдийн хатуухан шүүмжилсэн хэдий ч үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
Сургалтыг удирдсан Дуглас Мак Ленан нь АНУ-ын “Arts Journal” цахим сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч нь юм. Тэрбээр 1999 онд соёл урлагийн мэдээллийг хүргэдэг 60 орчим блогчдыг нэгтгэн, “Arts Journal”-ыг үүсгэн байгуулжээ. Сэтгүүлч, шүүмжлэгч, илтгэгч Дуглас МакЛенаныг соёл урлаг болон технологийн чиглэлээр олон арван өгүүллэг бичиж байсан шилдэг уран бүтээлч юм. Дуглас Мак Ленан өмнө нь Нью Йоркийн Жулиардын Хөгжмийн их сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр магистарын зэрэг хамгаалсан бөгөөд тус сургуулийн шилдэг 100 оюутны нэгээр шалгарч байжээ. Тэрбээр хэсэг хугацаанд иөгөлдөр хуурчаар ажиллаж Ази, Европ, Хойд Америкт аялан тоглож байсан байна. Түүнчлэн Итали, БНХАУ-д ажиллаж, амьдарч байсан ба Бээжингийн Хөгжмийн дээд сургуульд нэг жил суралцжээ.

Түүний олон тооны шүүмж, өгүүллэгүүд нь “The New York Times”, “The Los Angeles Times”, “The Wall Street Journal”, “The London Evening Standard” зэрэг томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан бөгөөд дэлхийн алдартай хөгжимчдийн намтрын толь бичгийг зохиоход оролцсон байна. Тэрбээр урлагийн шүүмж судлалын хэд хэдэн томоохон шагнал хүртсэн ба Колумбийн их сургуулийн Үндэсний урлагийн  сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хөгжмийн сэтгүүлчдийн Deems Taylor /ASCAP Awards/ шагналыг хүртэж байжээ.

Дуглас Мак Ленан нь Колумбийн их сургуулийн дэргэдэх сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “Pulitzer Prizes” шагналын шүүмж судлалын ангиллын шүүгчээр болон мэргэжлийн бус сэтгүүлчдийг шалгаруулах  “Van Cliburn International Competition for Outstanding Amateurs” уралдааны шүүгчдийн ахлагчаар ажиллаж байсан юм. Тэрбээр Өмнөд Калифорнийн Мэдээлэл харилцаа, сэтгүүл зүйн сургуульд багшилдаг бөгөөд Клэйрмонтын их сургуулийн урлагийн менежментын магистрын зэрэг олгох тэнхмийн професороор нэг жил ажиллажээ. Түүнчлэн Дуглас Мак Ленан нь соёл ба технологийн чиглэлээр олон тооны соёлын урлагийн байгуулагад зөвлөхөөр ажилладаг ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж