Д.Пүрэвдорж: Сайхан сахал эрийн чимэг гэдэг биз дээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдорж: Сайхан сахал эрийн чимэг гэдэг биз дээ

Рок попынхон дундаа “Сахал” Пүүжээ нэрээрээ алдаршсан хөгжмийн зохиолч Д.Пүрэвдоржтой ярилцлаа. Дуу цөөтэй, даруухан түүний уран бүтээл нь хоосон чамирхалгүй энгийн хэрнээ аялгуу бүхэн нь зүрхэнд тусдаг шидтэй хэмээн фэнүүд нь магтдаг. “Нандин эрдэнэ” киноны дуу, “Улаанбаатарын үдэш”, бяцхан жаалуудын дуртай “Тавтай нойрсоорой” гээд зөвхөн дуунууд нь л гэхэд чамгүй урт жагсаалт хөврүүлнэ. Харин дотоод сэтгэл нь юуг өгүүлэх бол. Уншигч та сонирхоод үзээрэй. Тэрбээр энэ сарын сүүлчээр бие даасан анхны тайлан тоглолтоо үзэгч олондоо толилуулна хэмээж байсан ч хойшлуулсан гэнэ.

-Таны тоглолтыг хүлээсэн хүн олон байсан. Гэтэл яагаад хойшлуулчихаа вэ?

-Харин тийм ээ. Хүмүүс асуугаад болдоггүй. Уг нь энэ сарын сүүлээр хийе гэж бодсон юм. Гэтэл СТӨ-нд сул өдөр олддоггүй. Орой бүр хошин урлагийнхан тоглолттой болохоор өдрийн цаг л олдож байна.

-Өөр газар боломжгүй юм уу. “UB Palace”, Монгол бөхийн өргөө гээд олон хүн үзэх боломжтой танхимууд байгаа биз дээ?

-Дуунаас гадна хөгжмийн бүтээлүүдээ тоглуулах учраас “UB Palace”, Монгол бөхийн өргөө зэрэг танхимын тайз чанарын шаардлага хангахгүй л дээ.

-Таны тоглолтыг хэн зохион байгуулж байгаа вэ?

-Зохион байгуулагчаар “On and Off” продакшны захирал С.Ононбат ажиллах байсан юм. Гэхдээ тоглолтоо бүр больчихсон юм биш шүү дээ. Ирэх намар тоглоно. Сонгууль ч өнгөрөг. Улстөрчид бужигнаж байхад би тоглолтоо хийх гэж үймүүлээд яах вэ.

-Энэ таны анхны тоглолт. Нэг байтугай нэжгээд тоглолт хийх уран бүтээлтэй хэрнээ тоглолт хийхгүй явсны учир нь юунд байна?

-Өмнө нь хийх боломж зөндөө л байсан. Гэхдээ би дуунуудаа олонд хүрчихсэн гэж боддоггүй юм. Ямар ч сайн дуу клиптэй болохоороо л нийтэд амархан хүрдэг. Миний дуунууд дийлэнх нь клипгүй. Дуучдын маань боломж ч гардаггүй байх л даа. Гэхдээ рок попын клиптэй анхны дуу минийх болж байлаа.

-Хэн дуулсан, ямар дуу вэ?

-“Хөх тэнгэр” хамтлагийн “Зоогийн газар”.

-“Хөх тэнгэр” ч тухайн үедээ залуусыг байлдан дагуулж байсан гэдэг.

-Энэ хамтлагт анх гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Б.Дашдондог нар дуулдаг байлаа. Дараа нь Баачка, Өөжгий нар орсон. Би даралтат хөгжимчин нь байсан юм. Тэр үед “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан гэдэг буянтай хүн гадаадаас олон төрлийн хөгжмийн зэмсэг оруулж ирж бидний хүслийг улам оргилуулсан. Тэр үед уран бүтээл хийе гэсэн ч хөгжим байхгүй болохоор бид яг л хүлэгдчихсэн юм шиг байсан л даа. Бас нэг шинэлэг зүйлийг Сараа бид нар хийсэн. “Хөх тэнгэр” хамтлагийн сайн гэсэн дуунуудаар 1991 онд “Зүүдний говь” нэртэй цомог Сингапурт бичүүлж, хэвлүүлсэн юм. Тэр цомогт “Хархорин”, “Аниргүй шөнө” гээд олон гоё дуу багтсан.

-Таны анхны дуу хэдэн онд олны хүртээл болж байв?

-Миний дууны уран бүтээл рүү орсон үе гэвэл 1985 он юм. Гэхдээ хүүхдийн дуугаар эхэлсэн. Яагаад гэхээр тэр үед дууны уран бүтээлчид хүүхдийн дуу хийхээр “Найрамдал” зусланд цугласан юм. Тэгэхэд “Тавтай нойрсоорой”, “Зуны өглөө”, “Түүдэг гал” зэрэг дуу гарсан. Тэр үед хүүхдийн дуу нийгэмд их хэрэгтэй байна гэж үзсэн юм билээ.

-“Нандин эрдэнэ” киноны дуу таны анхны бүтээлүүдийн нэг үү?

-Анх хүүхдийн дуу хийгээд дараа нь өөр төрлийг ч сонирхож эхэлсэн юм. Хойно төгсч ирээд Хөгжим бүжгийн коллежид багшилж байхдаа киноны дуунууд гээд нэлээд уран бүтээл хийсэн. Ургацын баяр, залуучуудын наадамд ч дуу зориулж байсан.

-Багшийн мэргэжлээ яагаад шоу ертөнц рүү чиглүүлчихээ вэ?

-Тэр үед дуу хийнэ гэдэг шоунаас тэс өөр байсан л даа. Уран бүтээл хийе гэсэн хүсэлтэй дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагчид ямар ч ашиг харалгүй зүтгэцгээдэг байсан. Би тэдний л нэг.

-“Улаанбаатарын үдэш” дуу хэрхэн бүтсэн юм бэ?

-Одоо болтол дуулагдаж байгааг нь бодохоор муугүй уран бүтээл төрүүлж гэж боддог юм. Анх талийгаач Б.Бадрууган дуулсан. Түүнээс хойш олон дуучин дуулсан байна билээ. Одоо ч хэдэн залуу хөгжмийн найруулгыг нь өөрчлөөд захиалгаар дуулах гэж байгаа юм гэсэн. Би Б.Амархүү, С.Сэрчмаа нараар дуулуулах гэж байгаа.

-Та гурван жилийн өмнө “UB Night” нэртэй цомог гаргасан. Түүнд Таны анхны уран бүтээлүүдээс багтсан байна билээ. Тэр цомог ч бас таны анхных уу?

-Тийм шүү, анхных. Ер нь би хийсэн зүйлээ олонд харуулах гэж хичээдэггүй. Олонд танигдсан нь дуучдын буян, өөрийн аясаараа л нийтэд танигдчихдаг юм.

-Та дууг “гоё юм” гэдэг. Сүүлийн үед гоё юм хийж байна уу?

-Том хөгжмийн бүтээлээс илүү дуу л өлгийдөж байна даа. Орчин үеийн нэлээд хэдэн дуутай болсон. Ихэвчлэн залуучууд дуулсан. Заримыг нь хүмүүс аялж яваа сонсогддог. Бодвол танил болж байгаа юм байлгүй.

-Таны дээхнэ үеийн уран бүтээлийг сонсохоор нэг л намуухан. Тэр үе үнэртэх шиг болдог. Харин одооны аялгууг тань сонсохоор нэлээд доргио хэмнэлтэй санагддаг…

-Уран бүтээлчид цаг үеэ мэдрэх хэрэгтэй л дээ.

-“Улаанбаатарын үдэш” намуухан сонсогддог шүү, тийм ээ?

-Тийм. Гэхдээ “Камертон” хамтлаг нэлээд доргио болгосон байна билээ.

-“Инээмсэглэл” хамтлагт та хэдэн онд орсон юм бэ?

-Энэ хамтлаг 1980-аад онд бүрдсэн юм. Миний хувьд дунд үеэс нь орсон. Гурван жилийн өмнө 20 насныхаа ойг тэмдэглэсэн гэхээр байгуулагдаад арваад жил болж байхад нь орсон байх нь. Уран бүтээлүүд нь шинэлэг болохоор сонсогчид их хайртай байдаг юм.

-Та шөнийн клубүүдэд тоглодог, хэвээрээ юү?

-Хэвээрээ. “Black and White” нэртэй хамтлагтай 15 жил болж байна.

-Ингэж тоглох хэр ашигтай вэ?

-Тодорхой гэрээ хийдэг болохоор болоод л байдаг юм.

-Анх ингэж тоглох болсон санаагаа яаж олов?

-Сараа бид хэд рок попын анхны цомог гаргах гээд Сингапурыг зорьсон гэж дээр ярьсан даа. Тэнд байхад Б.Сарантуяа “Хэдүүлээ зүгээр байхаар оройд аль нэг клубт тоглож болох юм биш үү” гээд. Тэр санаагаа ажил хэрэг болгоод тэнд дуулдаг байлаа. Тэгээд нутагтаа ирээд үргэлжлүүлж хэрэгжүүлсэн гэсэн маань энэ.

-Сингапурт монгол дуу дуулдаг байв уу?

-Ихэвчлэн гадаад. Заримдаа “Хөх тэнгэр” хамтлагийнхаа дууг дуулна. Тэр үед сонсогчдыг жинхэнэ гайхашруулдаг байсан.

-Гайгүй мөнгө олж чадсан биз дээ?

-Боломжийн л үнээр тоглож байсан даа. Биднийг улсдаа ирснээс хойш гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Чингис хаан” хамтлагтайгаа очиж тоглож байлаа. Тэр улсад манайхан олноор очиж суурьшсан болохоор монгол үзэгч олонтой. Дагаж дуулаад л.

-Монголд ирээд дуулахад хүмүүс хэрхэн хүлээж авав?

-Нэг их сүйдтэй нэрд гараагүй байсан ч гэлээ сайн дуучинтай байсан болохоор сайхан хүлээж авч байсан.

-“Black and White” хамтлагийн хөгжимчид нь тогтвортой, харин дуучин нь солигдоод байдаг?

-С.Наран, С.Сэрчмаа, Ц.Хулан гээд үе үеэрээ гарсан дуучин бий. Тэд энэ хамтлагт орсноор сайн уран бүтээлч болох эхлэл тавигдсан гэж боддог. Тэгээд ч клубт дуулснаар асар их туршлага, чадвар олсон нь бие дааж уран бүтээл хийх замыг нь нээдэг байх.

-Одоо ямар дуучинтай байгаа вэ?

-Дажгүй дуулдаг гурван залуу бий.

-Төгөлдөр хуурчийн тань хувьд таныг багш гэж хүндэтгэдэг шавь байгаа юу?

-Э.Доржсүрэн гэж залуу байгаа. Хүмүүс Дооноо гэхээр анддаггүй юм. Ирээдүйтэй залуу бий.

-Та хөгжмөөс өөр ямар ажил хийдэг вэ?

-Өөр чадах зүйл байхгүй юм чинь юу хийх вэ дээ.

-Бизнес хийхгүй юу?

-Үгүй. Би чинь тоонд муу шүү дээ. Долоон нотоо үржүүлэхээс цаашгүй.

-Та угаасаа ийм үг цөөтэй, даруухан хүн үү?

-Даруухан биш байх гээд худлаа зүйл яриад байлтай нь биш дээ. Тэгээд ч хүнд хүрсэн олон бүтээлтэй биш.

-Та сахлаа хэзээнээс ургуулсан бэ?

-Үслэг ан гэдэг шиг нэлээд үсэрхэг хүн л дээ, би. Онгон сахалтайгаа хойд хөршид сурахаар явах гэж байхад Боловсролын яамнаас “Сургуульд явах гэж байж сахлаа ав” гэв. Тэгээд нэг хусчихсан чинь улам ургалгүй яах вэ. Дараа нь “Хөх тэнгэр” хамтлаг байгуулагдаад бид “Санзай” амралтад сар гаруй байрлаж бэлтгэл хийхээр очихдоо сахлын татуурга авч яваагүйгээс улам ургачихсан. Тэрнээс хойш ургаж байгаа юм. Гэхдээ одоо нэлээд шингэрээд байгаа шүү.

-Таныг уран бүтээлчид “Сахал” Пүүжээ гэж дууддаг. Үүнд дургүйцдэггүй биз дээ?

-Үгүй ээ үгүй. Саглагар мод ойн чимэг, сайхан сахал эрийн чимэг гэдэг биз дээ. Тиймээс юу гэж дургүйцэх вэ дээ.

-Хөгжмөөс өөр урлаг сонирхоно биз дээ?

-Сонирхолгүй яах вэ. Дуу хийдэг юм болохоор яруу найраг илүү сонирхоно. Бас уран зураг. Мөн сайхан хоол хийх миний хообий.

У.БАЯРСАЙХАН
“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж