Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийн дагуу Даллас хотын шүүхээс дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулах шийдвэр гаргаж, энэ хугацаанд багтаж Монголын тал “Тиранозаурус Батаар”-ыг монголын шорооноос малтаж гаргасан гэдгийг батлах учиртай юм. Үүнийг нотлохоор БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа билээ.
Харин өчигдөр Нью-Йорк хотын Херитэжийн дуудлага худалдаа болдгоороо болж, бараг бүтнээрээ шахам олдсон үлэг гүрвэлийн араг ясыг нэг сая гаруй ам.доллараар “болзолтой” худалджээ. Болзолтой гэдэг нь шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл худалдаж авсан хүн эзэмших эрхгүй гэсэн үг. Уг нь Даллас хотын шүүхээс дуудлага худалдааг хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ дуудлага худалдаа товлогдоод байсан өдөр энэ хэрэгт ажиллаж буй өмгөөлөгч Роберт Пейнтер болон Монголын Үлэг гүрвэлийн судалгааны институтын дарга палеонтологич М.Болорцэцэг нарын хүмүүс Херитэйжийн дуудлага худалдааны газарт очиход худалдааг явуулахаар бэлтгэл ажил өрнөж байжээ. Гэхдээ “Тиранозаурус Батаар”-ын талаарх шүүхийн маргааныг сонссон хүмүүс дуудлага худалдаанд оролцохоос татгалзаж, нэрээ татсан боловч нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм оролцохоо мэдэгдсэн гэнэ. Өмгөөлөгч Пейнтер энэ тухай Даллас хотын шүүгчид утсаар мэдэгдэж, улмаар шүүгч дуудлага худалдаа зохион байгуулагчидтай холбогдохыг хүссэн боловч татгалзаж, дуудлага худалдааг явуулахаар болжээ. Ингээд нэрээ нууцалсан эрхэм үлэг гүрвэлийн араг ясыг нэг сая гаруй ам.доллараар худалдан авсан байна. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг зөрчиж, дуудлага худалдаа явуулж буй байдлыг өмгөөлөгч Роберт Пейнтер бичлэг хийж, баримтжуулж авчээ. Тэрбээр энэ талаар шүүхэд хандаж, улмаар шүүхээс шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон, биелүүлэхээс татгалзсан, биелүүлээгүй гэх үндэслэлээр Херитэйж дуудлага худалдааны компанийн эсрэг Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. АНУ-ын хуулийн дагуу энэ тохиолдолд учирсан хохирлыг барагдуулах, эсвэл хорих ял оноох заалттай гэнэ.
Түүнчлэн өмгөөлөгч Роберт Пейнтер “Тиранозаурус Батаар”-ын араг яс Монголоос олдсон гэдгийг батлах хүртэл энэ олдворыг дуудлага худалдааны газарт бус, өөр зохистой орчинд байлгах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Мөн олдвороос шорооны дээж авч, лабораторийн нөхцөлд шинжилгээ хийх шаардлагатай тул энэхүү боломжоор хангаж өгөхийг хүссэн байна.
Тиймээс энэ ховор олдвор Монголын газар нутгаас олдсон гэдгийг нотолж чадвал “Тиранозаурус Батаар”-ыг монголчууд эргүүлж авах боломжтой юм.