Үнэн бүдгэрэвч нар хиртэхийн зуурт л

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Үнэн бүдгэрэвч нар хиртэхийн зуурт л

Аливаа зүйл их л амархан мартагддаг аж. Одоогоос дөрөвхөн жилийн өмнөх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гэсэн үг нийгэмд хэрхэн ойлгогдож байсан бэ. Бөөн очер дараалал, тасралтгүй олгох лиценз, ар өврийн хаалга, хүнд суртал, үймж бужигнасан дотоод гадаадынхан гээд хар захын гэмээр дүр зураг тэр үеийн зурагт, хэвлэлээр тасралтгүй гарч шүүмжлэлийн бай болж байсан нь яагаад мартагдаж, түүхийн архивт үлдэв. Монгол улсыг бараг элгээр нь хэвтүүлэх шахсан хуулийн буруу заалт, байгалийн баялгаас ашиг олох гэсэн галзуурсан тэмцлийн дүнд нийт газар нутгийн 32 хувь лицензэд эзлэгдэж, 48.2 сая гектар талбай хэдийнээ хэн нэгний халаасанд орж, худалдаалагдаж, ухаж төнхүүлж эхлэсэн хар он жилүүдийг зарлаагүй дайнтай зүйрлэмээр санагдана. 2009 оноос өмнөх энэ л бараан он жилүүдэд нийт 6000 орчим хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өөдгүй голдуу хүмүүсийн гарт орж, эх орон газар шорооныхоо төлөө зовнисон монгол хүн бүрийн сэтгэлийг өмрүүлж байсан.

Үе үеийн монгол хөвгүүдийн ясыг ивж, халуун амь бүлээн цусаар бидэнд ирсэн 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийн гуравны нэгийг хэдхэн жилийн дотор лизенз нэрийн дор хэн нэгэнд өгсөн байсныг бид мартаж болно гэж үү.

Гэвч монгол хүний буян заяа барагдаагүй байсныг гэрчлэх олон үйл явдал 2009 оны хоёрдугаар сараас эхлэн гэнэт өрнөж эхлэсэн.  Манай улсын уул уурхайн салбарт бий болсон эмх замбараагүй байдлыг цэгцэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт хийх үүрэг өвөртлүүлэн Доржпүрэвийн Батхуяг хэмээх залууг Ашигт малтмалын газрын даргаар томилж явуулсан байдаг. Хүнд хэцүү төрийн албыг дэндүү хүнд үед нь толгойлох түүхэн үүрэг энэ л хүнд ноогдсон. Д.Батхуяг ч төрийн үйл хэргийг үнэхээр шударга, зоригтой, чадварлаг гүйцэтгэснийг 2011 оны отгон өдрүүдэд төрийн өндөрлөгүүд гэнэт ярьж, сайшааж эхлэсэн нь одоо ч зурагтын бичлэгт үлджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар удаа дараагийн илтгэлдээ сүүлийн гурван жилийн дотор АМГ-ынхан маш эрчимтэй ажиллаж, эмх замбараагүй олгосон байсан 6000 орчим тусгай зөвшөөрлийн 2500-г цуцалж, газар нутгийн 32 хувийг эзлээд байсан лицензтэй талбайн 18 хувийг чөлөөлөн Монголын төрд буцаан өгсөн талаар талархан дурдсан байдаг. Үнэхээр ч  тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 50-иад саяд дөхсөн байсныг 54 хувиар багасгаж 25.9 сая гектар талбайг чөлөөлөн газар шороогоо хамгаалах нөр их ажлыг өнөөх Д.Батхуяг хэмээх залуу л зориглон хийж чадсан нь гайхалтай.

Газар шороогоо ухаж төнхөнө гэдэг сайн сайхан хүмүүсийн ажил биш болохоор ч тэрүү цуцлагдсан олон мянган тусгай зөвшөөрлийн цаана хүнлэг чанараа гээсэн өөдгүй муу хүмүүс их байсан нь тодорхой. Энэ ч утгаараа Д.Батхуягийн АМГ-ыг гурван жил толгойлохдоо хийсэн үйлдэлд нь олон хүмүүс баярлаж омогшиж байсан ч амь насанд халтай ажил шүү хэмээн захисан нь ч цөөнгүй байх.

Д.Батхуяг Хөвсгөлийн хүн, Хөвсгөл дотроо Хотгойдын хойч үеийн нэгэн төлөөлөл болж яваа залуу. Хотгойдын түүхийг монголчууд эх орон, тусгаар тогтнол, газар шорооны төлөөх халуун тэмцэлтэй холбож ойлгодог.  Бидний өвөг дээдэс 200 жил манжийн дарлалд сөхөрч, доройтож байхад шадар ван Чингүнжав хэмээх нэр хойд нутгаас гэнэт цуурайтаж, харгис хэрцгийгээрээ алдартай Манжийн хааны зүрхэнд шар ус хуруулж явсан гэдгийг түүхчид ярьдаг. Цогтой эх оронч Чингүнжав тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө баатарлагаар тэмцэж Бээжинд төрсөн ижий, төрөл төрөгсөдтэйгээ цаазлуулсан. “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээсэн Чингүнжавын цус өнөөдөр ч хойч үеийнх нь судсаар гүйж яваа нь тодорхой.

Бичигч бий бээр энэ түүхийг санамсаргүй сөхсөнгүй. Бидний өвөг дээдэс үеийн үед газар шорооныхоо төлөө тэмцэж хамгаалж ирснийг мартаж болохгүйн сургамжаар ийн бичив. Эдүгээгээс 2000 жилийн тэртээ Хүннүгийн их хаан Модун “Газар бол улсын эх” гэсэн алдарт үгээ мөнхөлж үлдээсэн. “Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээн өвөг дээдэс минь захиж үлдээсэн. Түүнээс хойш түүхийн хүрд эргэсээр 2009 онтой золгоход өнөөгийн монголчууд бид л газар нутгийнхаа 1/3-ийг хэн нэгний гарт тавиад туучихсан өөдгүй царайлж суусныгаа худлаа гэх үү. Бидний зол болж, үр хүүхдийн минь аз болж Ашигт малтмалын газрын даргаар Доржпүрэвийн Батхуяг томилогдоогүй бол, энэ хүнд албанд өөр хэн нэгэн очсон бол гэж бодохоос ч эвгүй санагдах. Зоригтой, хүчтэй, шударга энэ л залуугийн буянаар хойч үеийнхээ нүүрийг эгцэлж харах боломж бидэнд олдсоныг цаг үе аяндаа тунгаан харуулах болно.

Д.Батхуягийн Ашигт малтмалын газрыг толгойлохдоо хийж гүйцэтгэсэн ажлууд үнэхээр их юм билээ. Хүн болгонд хамаатай болохоор нь л тусгай зөвшөөрлийн тоо яриад байгаагаас биш цаана нь хэлээгүй гавьяа, бичээгүй үйлс зөндөө үлдэнэ. Тэрээр дөнгөж ажил авангуутаа удирдан ажиллах байгууллагынхаа зорилтыг “Дотоод удирдлагын чадавхийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шударга шуурхай болгох, геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн ажлын чанар, үр дүнг эрс сайжруулах, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, ашигт малтмалын лиценз, тусгай зөвшөөрөл тойрсон асуудлуудыг цэгцлэх зорилт тавина” гэж бичсэн нь одоо ч цаасан дээр тод хараар дурайн байна. Үнэхээр ч энэ нөхөр ажил авсан өдрөөсөө л эхлэн АМГ-ын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэж, эрх зүйн актуудыг шинэчлэн цөөлж, дотоод хэлтэс албадын уялдааг сайжруулан, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох “нэг цэг”-ийн үйлчилгээний зарчмыг нэвтрүүлсэн байна.

Д.Батхуяг төрийн ажилд үнэхээр сэтгэлтэй, эмх цэгцтэй хандаж байсны нэг илрэл нь 2009 онд ажил авангуутаа АМГ-ын бичиг хэргийг эмхэлж цэгцлэн “Архив, албан бичиг хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т байгууллагаа 98 оноогоор Тэргүүн байрт оруулсан байдаг. Нийгэмд хамгийн их хэл ам дагуулж байсан Ашигт малтмалын газрыг тойрсон авилгал, хээл хахууль, хүнд суртал, төрийн үйлчилгээний удаашралын асуудалд онцгой анхаарч агентлагийн “Ёс зүйн хороо”, “Мониторонгийн хэлтэс”-ийг тус тус шинээр санаачлан байгуулж ажиллуулжээ. Мөн тэрээр авилгын эсрэг хууль тогтоомж, Төрийн байгууллагын ажил үйлчилгээний хууль тогтоомж, стандартуудын мөрдөлт хэрэгжилтүүдийг хянан дүгнэж, алдаа гаргасан албан хаагчдад хатуу хариуцлага тооцож байсан нь дотроо олон хүний эгдүү дургүйг хүргэсэн нь мэдээж. Хэт задгайрсан, айхтар хүнд сурталтай, гар хүндрүүлэхгүй бол баргийн хөдөлдөггүй гэсэн нэр зүүгээд байсан АМГ-ынханд чанга даргын хатуу гар их л том цохилт болж байсан нь мэдээж. Тэгээд ч шударга үнэн гэдэг ямагт ширүүн байдаг хойно.

Д.Батхуяг даргын үед Монгол улсын төсөв уул уурхайн салбараас жинхэнэ утгаараа дорвитой томоохон хөрөнгө мөнгө төвлөрүүлж эхлэсэн байдаг. Энэ даргын үед уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулагчдын хариуцлага эрс өндөрсөж, хуулийн дагуу төлөх төлбөрөө нэг хоног хоцрооход л тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлдэг байсан учраас АМГ улсын төсөвт онцгой их орлогыг төвлөрүүлж өгчээ. Тэрээр “Та уул уурхайн салбарт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж л байгаа бол төлбөрөө хугацаанд нь төл” гэсэн ганцхан шаардлагыг бүх шатанд нь нэвтрүүлэн ажиллаж чадсанаар улсын төсөвт төвлөрүүлэх ёстой төлөвлөгөөт орлогыг 2009 онд 7.8 тэрбум, 2010 онд 9.1 тэрбум, 2011 онд 6.4 тэрбум төгрөгөөр тус тус давуулан биелүүлж гурван жилийн нийт дүнгээр 23.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт Давуу орлого болгон өгч байсан аж.

Нэг талд хавтгайруулан олгосон лиценцийг баруун солгойгүй цуцалж, нөгөө талд уул уурхайн салбарт цаашид ажиллах компаниудад хуулийн дагуу хатуу шаардлага тавьж ажилласан энэ гурван жилийг “Д.Батхуяг Ашигт малтмалын газрыг толгойлсон үе” хэмээн түүхэнд үлдэх бизээ.

Д.Батхуяг Ашигт малтмалын газрын даргын ажлыг авсан даруйдаа Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг явуулж эмх замбараагүй олгосон лицензийн асуудлыг яаралтай шийдэх ёстой талаар цохон тэмдэглэсэн байдаг аж. Энэхүү албан тоот өнөөдөр ч АМГ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн архив бичиг хэрэгт хадгалагдан үлдсэн нь тодорхой. Маш богино хугацаанд буюу гуравхан жилийн дотор 2500 тусгай зөвөөрөл цуцлагдсан нь дэндүү олон хүний дургүйг хүргэсэн ч шүүхийн байгууллагаар цөөн тооны гомдол шийдэгдсэн байдаг нь цаанаа нэгийг хэлээд байгаа биз. Өнгөрсөн гурван жилд шүүхийн шатанд гаргасан асуудал бүрт АМГ-ын үйл ажиллагаа хуулийн дагуу зөв байсан талаар дүгнэлт гарсан байдаг нь бас нэгийг өгүүлнэ.

Тэрээр төрж өссөн Хөвсгөл нутгийнхаа тусгай зөвшөөрөлд ч дэндүү “хайр найргүй” хандсан байдаг. Газрын зулай, тэнгэрийн цоорхой дор дэлхийн хүйс болон мэлтэлзэх Хөвсгөл далай бол Монголчууд төдийгүй хүн төрөлхтний амь амьдрал гэсэн хатуу үзлийг ярьж явдаг тэрээр Хөвсгөл аймгийн хэмжээнд олгосон байсан 149 тусгай зөвшөөрлийн 74-ийг хэдийнээ цуцлаад үгүй болгочихсон. Одоо ч эхлүүлсэн ажил нь үргэлжилж Хөвсгөлийн газар нутагт олгосон лицензүүд цуцлагдсаар байгаа гэх. Төрж өссөн  нутагт нь олгогдсон байсан тусгай зөвшөөрлийг 66 хувиар бууруулж чадсан тэрээр Хөвсгөл аймгийн газар нутгийг 50-р өргөргөөс хойш аймгийн тусгай хамгаалалтанд авхуулж чадсанаар энэ бүсд дахин лиценз олгогдох нөхцлөөс бүрэн хамгаалуулж чаджээ.

Д.Батхуяг нэг хүн битгий хэл нэлээд олон хүнд ч ахадмаар энэ олон ажлыг хийж гүйцэтгэж чадсан бөгөөд Монгол улсын уул уурхайн салбарт үйлчилж байгаа хууль тогтоомжийг яаралтай сайжруулах, шинэчлэх тал дээр ч түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм. Тэрээр 2009-2010 онд Монгол улсын Эрдэс баялгийн салбарын хөгжил, нөхцөл байдалд иж бүрэн судалгаа, шинжилгээ дүгнэлт хийлгүүлсэн бөгөөд энэ ажлынхаа үр дүнд “Ашигт малтмалын тухай хууль”-д зарчмын болон үзэл баримтлалын шинэчлэлт, өөрчлөлтийг нэн яаралтай оруулах нь зүйтэй гэсэн санал боловсруулж 2011 онд АМГ-ын зүгээс “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэсэн төсөл”-ийг Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид өргөн барьсан нь одоо УИХ-ын түвшинд батлагдахаар хүлээж буй.

Энэ мэтчилэн бидний мэддэг болсон хийгээд мэддэггүй олон ажлыг Д.Батхуяг 2009-2011 оны хооронд АМГ-ыг толгойлж байхдаа хийж гүйцэтгэжээ.

Сонсоход бахадмаар, самсаа ч шархирмаар түүний үйлсийг буруутгах, мушгих, өөртөө наах гэсэн арчаагүй үйлдэл гарах аваас ард түмэн бухимдаж, цаг хугацааны эргүүлэг ч  шийтгэх бизээ. Бурханы гэсгээл хожим ирдэг байсан нь хэдийнэ больж, одоо цагт муу үйлийн үр дагавар тэр дороо гардаг болсон нь хатуу үнэн хойно яая гэх билээ.

Үнэн бүдгэрч болох ч нар хиртэхийн зуурт л гэсэн агуу үг одоо бүхнээс тодорч харагдана, Монголчууд аа.

    Судлаач Л.Амарсанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж