“Тиранозаурус Батаар”-ын араг ясыг худалдсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

“Тиранозаурус Батаар”-ын араг ясыг худалдсан уу?

Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг дуудлагаар худалдаалахыг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан ч аварга үлэг гүрвэлийн ясыг өчигдөр Нью-Йоркийн Херитэжийн дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар зарсан тухай LiveScience.com сайтад гурван цагийн өмнө мэдээлсэн байна. Тус сайтад өчигдөр буюу энэ тавдугаар сарын 20-ны үдээс хойш Нью-Йоркийн Херитэж дуудлага худалдаагаар аварга үлэг гүрвэлийн ясыг шүүхийн зөвшөөрлийн дагуу худалджээ. Бараг бүтнээрээ олдсон “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг хэн гэгч худалдаж авсан нь тодорхойгүй байна.

Долоон жилийн өмнө Монголын говиос олдсон “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, малтлага хийж, хилээр нууцаар гаргасныг эсэргүүцэж, дуудлага худалдааг зогсоохыг шаардаж, эрдэмтэн, шинжээчид, АНУ-д амьдардаг монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан юм. Дээрх хэрэг дээр Роберт Пейнтер гэгч өмгөөлөгч ажиллаж байгаа билээ.

Даллас хотын шүүх аварга үлэг гүрвэлийн ясыг Монголын хилээр хууль бусаар гаргасныг нотлохоос нааш  худалдан авагчийн талд хүлээлгэн өгөхгүй байх нөхцөлтэйгээр дуудлага худалдааг явуулахыг зөвшөөрсөн юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тусгайлан томилсон өмгөөлөгч Роберт Пейнтер дуудлага худалдааг зогсоохыг шаардсан нэхэмжлэлийг үл харгалзан араг ясыг худалдсан “Heritage Auctions”-ыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.

Дуудлага худалдаа болох үеэр Нью-Йорк хотод хэдэн арван монголчууд цугларч,  “Хулгайлагдсан үндэсний өвийг Монголд буцааж өг” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Монголын Үлэг гүрвэлийн судалгааны институтын дарга палеонтологич М.Болорцэцэг “Монголоос хулгайлсан үлэг гүрвэлийн ясыг эх нутагт нь буцаах ёстой” хэмээн ярьсан байна. Дуудлага худалдааг явуулсан Нью-Йоркийн “Heritage Auctions” өнгөрсөн баасан гаригт “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-ын хилээр зохих хууль журмын дагуу нэвтрүүлсэн” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч “Heritage Auctions” харилцагчтай байгуулсан итгэлцлийн дагуу Тиранозаурус Батаар”-ын эзэмшигч болон худалдан авагчийн нэрсийг нууцалж байгаа юм.

АНУ-ын Үндэсний түүхиийн музейн палеонтологич Марк Норелл үлэг гүрвэлийн яс ихээр олддог Монгол нутагт үүн шиг хулгай, дээрэм цаашид улам нэмэгдэх вий гэхээс санаа зовж байгаа бөгөөд үлэг гүрвэлийн ясыг эх нутагт нь буцаахыг шаардсан монголчуудын нэхэмжлэлийг дэмжжээ. 2.4 метр өндөр, 7.3 метр өргөн бараг бүтнээрээ шахуу “Тиранозаурус Батаар”-ыг араг ясыг ердөө 1,052,500 ам.доллараар худалдсан гэх мэдээлэл гадны хэвлэлүүдээр гарч байна.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Ажлын хэсгийг ахалж буй албаны хүний хувьд албаны байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Тиранозаурус Батаар зарагдаагүй. Одоо бид энэ олдвор Монголоос гарсан, хууль бусаар гарсан гэдгийг нотлох естой. ЭСЯ-аар дамжуулж албан ёсоор хvcэлт тавьсан. Мөн шүүxээр шийдвэр гаргуулсан. Арав хоногт багтааж бид нотлох ёстой. Ажил ид үргэлжилж байна. Тиранозаурус Батаарын ажлын хэсгийг цуглуулжж, чиглэл өгч байна” гэх тайлбар өгснийг Shuud.mn сайтад мэдээлжээ. Мөн Ё.Отгонбаяр сайд Twitter хуудсандаа “Олдвор Монголоос гарсан, хууль бусаар гарсан гэдгийг нотолж чадвал ЮНЕСКО-ийн конвенцоор буцаан авах эрх үүснэ” хэмээн бичсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ч дээрхийн адил мэдээлэл өгч байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж