Швед-Чех (1:2, 1:1, 1:1)
Тэмцээнийг зохион байгуулагч орон Шведийн баг ДАШТ-д үргэлж түрүүлэх хэмжээнд яригддаг. Гэсэн ч “Тре Крунер” энэ удаа нутагтаа шөвгийн наймаас хэтэрсэнгүй. Тоглолтын эхний үед Чехийн шигшээ баг 2:1-ээр давамгайлсан бол дараагийн хоёр үед багууд нэг нэг гоол оруулснаар тоглолт 4:3-аар өндөрлөсөн.
АНУ-Финланд 2:3 (0:0, 1:1, 1:2)
Тэд хэсгийн тоглолтод таарахад “Сэм авга”-ынхан өрсөлдөгчөө талбайд нь 5:00-ээр бут ниргэсэн. Гэвч “Гэрийн нохойны сүүл өөдөө” гэгчээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Финландын залуус өрсөлдөгчөө шийдвэрлэх шатанд 3:2-оор сөхрүүлснээр хариугаа авч, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болов. Тоглолтын эхний үед шайб ороогүй бол хоёрдугаар үед багууд нэг нэгийг хийсэн. Харин шийдвэрлэх үед америкчууд нэг, цолоо хамгаалагчид хоёр шайб оруулсан юм.
ОХУ-Норвеги 5:2 (2:1, 0:1, 3:0)
ДАШТ-ий хамгийн олон түрүүтэй ОХУ-ын шигшээ багийг хагас шигшээд төвөггүй үлдэнэ гэсэн хоккейн тоймчдын таамаг зөрсөнгүй. “Ах нар” шилдэг наймаас хамгийн сулхан бүрэлдэхүүнтэй Норвегийг 5:2-оор хожлоо. Энэ тоглолтоос “Вашингтон Кэпиталз”-ийн Александр Овечкин, Алексей Семин нар шигшээ багтаа туслах болсон. “Вашингтон”-ы хослол салхийг хагалсан бол үүнээс хойш Александр Попов, Алексей Емелин, Николай Жердев, Илья Никулин нар тус бүр нэг шайб оруулсан. Харин Скандинавын хойгийнхноос Патрик Торесен, Пер-Оге Скредер нар оросуудын хаалгыг мялаажээ.
Канад-Словак 3:4 (1:2, 2:0, 0:2)
Хэсгийн сүүлчийн эрхийг зовж байж авсан Словак энэ жилийн ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай нэрлэгдэж байсан хүчирхэг Канадыг 4:3-өөр буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Словакын энэхүү амжилт “Бостон Брюинз”-ийн багийн ахлагч Здено Харатай салшгүй холбоотой. Үлэмж биет хамгаалагч хэсгийн сүүлийн гурван тоглолтод шигшээ багтаа тусалсан нь тэдний хамгаалалтын шугамыг хүчирхэгжүүлсэн. “Агч навчнууд” гуравдугаар үе эхлэхийн өмнө 3:2-оор тэргүүлж байв. Гэвч тоглолт өндөрлөхөөс таван минутын өмнө хаалгандаа хоёр шайб алдсанаар нутаг буцах тийзээ захиаллаа.
Финланд-ОХУ 2:6 (1:2, 0:2, 1:2)
Эдгээр баг сүүлийн жилүүдэд таарахад ихэвчлэн “Суоми” ялалт байгуулсан. Тэгвэл хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Ах нар” тэднийг нутагт нь 6:2-оор бут ниргэлээ. Тус тоглолтод ОХУ-ын шигшээ багаас ДАШТ-ийг мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж буй Евгений Малкин гурав, супер од Александр Овечкин, довтлогч Денис Кокарев, Сергей Широков нар тус бүр нэг шайб оруулсан. Харин Финландаас энэ жилийн залуучуудын ДАШТ-ий гол баатар Микаэль Гранлунд, Янне Нискала нар оросуудын хаалгыг мялаажээ.
Чех-Словак 1:3 (0:1, 1:0, 0:2)
Багийн спортын төрөлд Чех хөрш Словакаа үргэлж дээрэлхсээр ирсэн. Ганц хоккейн төрөлд л өгөө аваатай өрсөлддөг. Өнгөрсөн жилийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулсан ч шөвгийн наймд ч шалгарч чадаагүй Словакийн шигшээ баг хагас шигшээд мөнхийн өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авснаар 10 жилийн дараа шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй боллоо.
ОХУ – Словак 6:2
Чех– Финланд-3:2