Энэ удаагийн бизнес уулзалтын гол зорилго нь гадаад дахь салбар дэлгүүрийн харилцагч нартаа “Говь ХК”-ийн франчайзингийн тал дээр авч хэрэгжүүлж байгаа болон цаашид баримтлах бодлого, хөтөлбөрүүд дээр төлөөлөгчдийн санаа бодлыг сонсох, илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжуудыг судлах, ирээдүйн хамтын ажиллагааныхаа талаар авч хэлэлцэх зэрэг асуудлууд багтсан бөгөөд гадаад зах зээлд хамтран ажиллаж байгаа өөрийн салбар дэлгүүрийн түншүүдтэйгээ бизнес уулзалт хийж байгаа явдал Говь брэндийн гадаад зах зээлд эзлэх байр суурь, нэр хүндийг улам өсгөх ирээдүйд чиглэсэн онцгой үйл явдал болж чадсан юм. Нөгөө талаар Говийн дэлгүүрүүд байрлах улс орнуудад амьдарч буй Монголчууддаа Говь брэндийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор, илүү ойроос худалдан авах боломжийг олгож байгаа билээ.
Дэлгүүрийн эздийн бизнес уулзалт боллоо
Монголын ноос, ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК өнөөдөр дотоодын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлж 100% эх орондоо үйлдвэрлэсэн ноолууран болон тэмээний ноосон, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүдийг хилийн чандад буюу 30 гаруй орны зах зээлд харилцагч болон салбар дэлгүүрээрээ дамжуулан худалдаалж манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын 50%-ийг эзлэж байна. Говийн гадаад дахь 15 компанийн 20 гаруй салбар дэлгүүрийн топ 8 компанийн тэргүүлэгчдийг 05 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд эх орондоо урьж бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтанд Итали, Герман, Чех, Латви, Орос зэрэг орнуудад байрлах салбар дэлгүүрийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд 2 өдрийн бизнес уулзалтын хүрээнд “Говь” ХК-ийн удирдлагуудтай хамтарсан ажил хэргийн уулзалт хийх, Говь үйлдвэртэй танилцах аялал, 2012-2013 оны Намар, Өвлийн шинэ коллекцийн танилцуулга шоу, малчин айлд очиж ноолууран бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэл хэрхэн явагддаг тухай сонирхолтой байдлаар мэдээлэл авах зэрэг арга хэмжээнүүд явагдлаа.