Монголын Улаан загалмай нийгэмлэг/МУЗН/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2013 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-т МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар гарын үсэг зурлаа. Засгийн газраас 2012 оныг “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж, эмзэг бүлгийн айл өрх, иргэд, хүүхэд багачуудын эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх, гэр хорооллын усан хангамж, орчны эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулахад иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар болжээ. МУЗН гэр хороолол, сургууль цэцэрлэгт ус, эрүүл ахуйн чиглэлээр 1,3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бүхий “Шинэ эхлэл-шинэ боломж” төслийг Нидерландын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх юм. Төслөөр нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд 4 ус түгээгүүрийн газар барих, засварлах, 6 сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж, гэр хорооллын 160 өрхөд бие засах газар шинээр барих, засварлах ажлууд хийнэ. Мөн усны ач холбогдол, орчны эрүүл ахуй, ариун цэврийн мэдлэг, дадал олгох сургагч багш, сайн дурын идэвхитэн, үе тэнгийн сургагч хүүхдийг бэлтгэн, сургалт, сурталчилгааны гарын авлага, материалаар хангах ажээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн 4 дүүрэгт 60 мянган эмзэг бүлгийн иргэнд хүрч үйлчлэх юм байна.
Эх сурвалж: www.president.mn