Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ хавар нийт 122 мянган төллөх эх малаас төл хүлээн авна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 107 мянган төл хүлээн аваад байна. Энэ нь төллөлтийн хувиар авч үзвэл 88 орчим хувьтай гэсэн үг. Малчдын хувьд хаврын улирлын гол ажил болсон шинэ төл хүлээн авах ажил нь цаг агаарын хувьд ч харьцангуй таатай байсан нь төлийн бойжилтод сайнаар нөлөөлж байна гэдгийг хэлж байна. Сумдаар авч үзвэл Хонгор сум хамгийн их буюу 50 мянган төл хүлээн аваад байгаа бол Дархан сум 30 мянга, Орхон сум 14 мянга, Шарын гол сум 12 мянган төл хүлээн аваад байгаа юм. Харин малын төрлөөр авч үзвэл 268 ингэ ботголохоос 80 нь ботголоод байна. 3380 гүү унагалахаас 1327 нь унагалаад байна. 15 мянган үнээ тугалахаас 11 мянган тугал хүлээн авсан. 62 мянган хонины 93 хувь, 40 мянган ямааны 89 хувь нь тус тус төллөсөн. Гарсан төлийн бойжилт Дархан-Уул аймгийн хэмжээнд 99.8 хувьтай. Хорогдсон төлний хувьд 264 байгаагаас 170 хурга хорогдоод байна. Бог малын хувьд энэ сардаа багтаж төллөлт дуусах төлөвтэй байгаа бол бод малын хувьд ирэх зургадугаар сар гэхэд шинэ төл хүлээж авах ажил дуусна гэдгийг ХХААЖДҮГ-ын Мал үржлийн албанаас мэдээлэв.
М.Дэлгэржаргал / Дархан /