”Таванхан” тэргүүн дэвжээгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

”Таванхан” тэргүүн дэвжээгээр тодорлоо

МҮБХ-ноос жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргалаа. Дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн Луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах "Нутгаа дуурсгана" барилдаанд 18 аймгийн 17 дэвжээ оролцсоноос тэргүүн дэвжээгээр улсын начин Ш.Зоригт дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ тодорлоо. Таванхан дэвжээ 13 оноо 126 даваагаар тэргүүлж Луу жилийн тэргүүн дэвжээгээр тодорсон бол улсын арслан Б.Ганбаатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 10 оноо 115 даваагаар хоёрдугаар байр,  аймгийн арсланг Жамсран дасгалжуулагчтай Увс аймгийн Увснуур дэвжээ 10 оноо 102 даваагаар удаалав.

Шигшээ барилдаанд шалгаран үлдэж тэргүүн дэвжээний төлөө өрсөлдсөн анхны тэргүүн дэвжээ Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 4 оноо 79 даваагаар дөрөвдүгээр байр, Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 3 оноо 68 даваагаар тавдугаар байр, Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ 3 оноо 54 даваагаар зургаадугаар байрт тус тус шалгарлаа.

Мөн хэсгийн барилдаанаас гурваар гарч 7-9-р байрын төлөө өрсөлдсөн гурван дэвжээнээс Төв аймгийн Дүнжингарав 6 оноо 50 даваагаар 7-р байр, Дундговь аймгийн Түшээт ханы аварга дэвжээ 3 оноо 36 даваагаар 8-р байр, Ховд аймгийн Ховд дэвжээ 22 даваагаар 9-р байрт орсон юм.

Дэвжээдэд дараах шагнал өгсөн бол бөхчүүдэд хувийн давааных нь мөнгөн шагналыг нэмж өгсөн юм. Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн заан Т.Баасанхүү нийт даваагаараа бөхчүүдийг тэргүүлж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хувиасаа шагнал гардуулсан юм. Т.Баасанхүү 9 өдрийн турш нэг ч өнжилгүй 54 удаа барилдсанаас 47 давсан байна.

                                      Шигшээ барилдааны багийн дүн

Анхны буюу Бар жилийн тэргүүн дэвжээгээр Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 15 оноо 112 даваагаар илт давамгай түрүүлсэн бол Булган аймгийн Булганхангай дэвжээ 9 оноо 92 даваагаар удаалж, Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ 7 оноо 91даваагаар гуравдугаар байрт орж байсан юм. Харин Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 5 оноо 88 даваагаар дөрөвдүгээр байр, Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 5 оноо 83 даваагаар тавдугаар байр, Увс аймгийн Увснуур дэвжээ 1 оноо 74 даваагаар зургаадугаар байр тус тус эзэлж байсан юм.

Б.ЦОЛМОН

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж