Баян ходоодноос түрүү магнай руу
Уралдаж буй хурдан морьдын амжилтыг түрүү магнай, баян ходоод гэж бид нэрлэдэг. Гэтэл, олон улсад тухайн морины хурдыг цаг хугацаагаар нь хэмждэг болоод цөөнгүй жилийг үджээ. Тамирчны үзүүлж буй ажилтыг ч цаг хугацаагаар л хэмжиж, дээд доод амжилт спортын түүхийг бичиж байна. Үүнтэй адил, Монгол Улс хөгжиж байна уу, юунаас шалтгаалаад хөгжил нь царцанги байгааг мэдэхийн тулд хөгжлийг дотор нь хэмждэг боллоо. Таны өндөр болоод жинг хэмждэг шиг шалгуур үзүүлэлтээр нэгд нэгэнгүй өөрсдийгөө бид тодорхойлж байна. Нэг үгээр хэлбэл, манай улс өөрийн өрсөлдөх чадвараа тодорхойлж, өөртөө дүгнэлт хийх нөхцөл нь бүрджээ. Тиймээс эдийн засгийн тамир тэнхээгээ шалгахын тулд цаг хугацааг ч хэмждэг гэсэн үг. Монгол Улс дэлхийн улс орнуудын хаана нь яваагаа мэдэж авах өрсөлдөх чадварын тайланд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Ийм нэг өөрийгөө ойрхноос тольдох “Монголын Улсын өрсөлдөх чадвар: Бид хаашаа чиглэнэ вэ” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/-өөс анх удаа зохион байгуулж буй тус арга хэмжээнд гадаад дотоодын 80 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Хэлэлцүүлгийг ЭЗБӨЧСТ–ийн Ерөнхий захирал Ч.Отгочулуу нээж, эхний илтгэлийг тус төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан тавьсан юм. Түүний илтгэлийн нэр нь “Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын тавцанд”.
Дэлхийн тавцан дахь Монгол Улс
Монгол Улс өөрийн өрсөлдөх чадвараа өөрийн орны эдийн засаг, хөгжил, нийгэмтэй ойр буй 15 улстай 300 гаруй үзүүлэлтээр хэмжиж үзжээ. Аз болж манайх ардаа нэг орныг орхиж, өмнөө 13 орны тоосонд дарагджээ. Шилжилтийн эдийн засагтай дэлхийн хөгжиж буй 15 орны 14-т нь манайх жагсаж байна. Тиймээс одоогийн байрнаасаа ухрах бус урагшлахын тулд эдийн засгийн тогтвортой бодлогоо хэрэгжүүлэх. Иргэд нь олж буй орлогоосоо хуримтлал үүсгэх нь бидний амжилтын үндэс байх нь. Дараа нь нийтээрээ “мөнгөний найр”-аас татгалздаг болох. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар төсөвт орж буй хөрөнгөдөө тооцоотой хандах. Аль ч түвшинд засаглалаа сайжруулах үүрэгтэй аж. Энэ тохиолдолд манай улс дэлхийн тавцанд буй байр сууриа хадгалж үлдэх юм байна. Мөн авлигалтай нийтээрээ тэмцэж, түүнийг орчин тойрондоо бүрдүүлээгүй цагт та бидний өрсөлдөх чадварт оноо нэмэгдэх нь. Боловсролын салбартаа хөрөнгө оруулж, гадаад шууд хөрөнгө оруулалтад тулгуурлаж эдийн засгаа төрөлжүүлэхийг ЭЗБӨЧСТ-ийн ерөнхий захирал П.Цагаан “Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын тавцанд” илтгэлдээ онцоллоо. Цаашид орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих шаардлагатай байгааг тэрбээр хэллээ. Хөгжлийн хэмжүүр болсон өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд иргэн бүр өөртөө өөрчлөлт хийх шаардлагатай аж. Тухайлбал, өглөөд та хэдэн цагт сэрж байгаагаас Монгол Улсын хөгжлийн бүтээмж шалтгаалах нь. Өрсөлдөх чадварын хүчин зүйлс болох эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр дүн, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн үзүүлэлтээр жагсахад манайх нэлээн хойно, бүр сүүлд нь явж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Ашигт малтмалын баялгаас оюун баялаг руу”, “Хөдөлмөрийн зах зээл дээрх парадокс”, “Эрчим хүчний диваажинд хүрэх замд” илтгэлийг ЭЗБӨЧСТ-ийн мэргэжилтэнүүд сонирхууллаа. Тус илтгэлийг бид цуврал болгон танд хүргэх болно.
Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN