Бэкхэм “FIFA-2018”-ыг эх орондоо авчирна

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Бэкхэм “FIFA-2018”-ыг эх орондоо авчирна

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах өрсөлдөөнд Англи улс идэвхтэй оролцож байгаа. Найман жилийн дараа эх орондоо манай гаригийн хамгийн том тэмцээний нэгийг хүлээн авахын тулд Британи арлынхан олон янзын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин энэ долоо хоногоос зохион байгуулах ажилд Дэвид Бэкхэм нэгдлээ. Бэкс 2018 оны дэлхийн цомыг зохион байгуулах Английн багийн гол нүүр царай нь болох бөгөөд Английн хуучин ахлагчийн нэр хүнд дэлхийн цомын өрсөлдөөнийг Британи аралд авчирна гэдэгт тус хорооныхон итгэлтэй байгаа аж. Бэкхэмийн гол үүрэг нь Английн элч төлөөлөгчийн хувиар дэлхий нийтийн хандлагыг англид төвлөрүүлж, шийдвэр гаргах 24 гишүүний саналыг татах юм байна. ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2018 болон 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг аль улсад зохион байгуулах шийдвэрээ энэ оны 12-р сард гаргана. 2014 оны дэлхийн аваргыг Бразил улс зохион байгуулахаар болсон учир 2018 оны тэмцээнийг Европ тив хүлээж авах магадлал өндөр байгаа. Тиймээс өрсөлдөж байгаа хөгшин тивийнхний материал хэдийнэ олон зуун хуудастай болсон гэнэ. Урьдчилсан байдлаар ажиглахад 2018 оны дэлхийн цомыг зохион байгуулах гол өрсөлдөөн Португаль, Испани, ОХУ болон Английн хооронд өрнөх төлөвтэй байгаа юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж