Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

“Их Монголын алтан одод-2” сумочид болон үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолт лхагва гаригт 18.00 цагаас “Бөхийн өргөө”-нд болох билээ. Харин уг тоглолтод оролцох сумочид өнөөдөр Улаанбаатарт ирнэ. Их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй сумочид “Буянт-Ухаа” нисэх буудалд тоглолтын талаараа хэвлэлийн бага хурал хийх юм байна.

“Хакухо” сан, “TLG-13”, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон Лаа” компаниас хамтран зохион байгуулж буй сагсан бөмбөгийн шоу тоглолтын тасалбар 15.000 төгрөг байх бөгөөд орлогыг буяны үйлсэд 100% зориулах юм. Тухайлбал, Эх нялхсын эрд шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах бол 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл өгөхөөр болжээ.

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтын баатрууд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна шоуны үеэр болох бусад сонирхолтой тэмцээнд мөн өрсөлдөх юм байна. Үзэгчдийн дундах тэмцээнийг ч бас зохион байгуулагчид мартаагүй байгаа. Хэрэв таны аз таарвал үзэгчдийн тэмцээний ялагч болсноор Их аварга Хакухогийн гарын бэлгийг хүртэх боломжтой аж.

Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын тэргүүтэй сумочид өрсөлдөх бол үндэсний бөхчүүдийн багт аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ. Харин урлаг, спортын холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдартай тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжихээр болсон байна.

Өөр нэгэн шинэ мэдээлэл хүргэхэд, лхагва гаригт болох тоглолтын дараа Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Цайз” ресторанд 200 ам.долларын такстай дээд зэрэглэлийн хүлээн авалт болох ажээ. Хүмүүнлэгийн үйлсийг дэмжих хандивын хүлээн авалтад арлын орноос хүрэлцэн ирсэн сумочид, үндэсний бөхийн цолтнууд, урлаг, спортын одод оролцох болно.

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр”Монгол масс медиа” групп буюу “Боловсрол суваг” телевиз, NEWS.mn сайт, “Eagle News” TV болон “Sport box” зэрэг мэдээллийн сувгууд ажиллаж байгааг дашрамд дуулгая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж