Хятад эдийн засгийн хөөсөө хамж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Хятад эдийн засгийн хөөсөө хамж байна

Хүний төлөө нийгэм

Шанхай хотын хүүхдийн цэцэрлэгээр ороход бүх зүйл цэвэр цэмцгэр, бяцхан жаалууд тоглоом эвлүүлж, зураг зураад өчүүхэн ч завгүй. Арай томууд нь усан санд сэлж сурч байна. Сургагч багш нар нь дэргэдээс нь дэмжиж ирээдүйн усчид ч байдгаараа хичээнэ. Бас хүүхдүүдэд ганцаарчлан төгөлдөр хуурын хичээл зааж байна. Нэг багш ганц л сурагчтай тус тусдаа өрөөнд төгөлдөр хуурын дасгал сургууль хийж сууна. Цэцэрлэгүүд үүдэндээ цагдаа хамгаалалт гаргажээ. Үе үе хутга шөвөгтэй хүмүүс хүүхдийн цэцэрлэг, сургуульд халдаж багачуудын амь насыг бүрэлгэж, шархдуулж гэмтээсэн тухай дуулдах болсон. Түүнээс сэргийлж цэцэрлэгүүд ийнхүү цагдаагийн хамгаалалтад орсон бололтой. Орон сууцны гадаах тоглоомын талбайд европ хүүхдүүд цөөнгүй харагдав. Баруун зүгийн бүсгүйчүүд ч зөндөө юм. Шанхай хотдоо 60 мянга гаруй, Пудун дүүрэгт таван мянган гадаад хүн оршин суудаг гээд бодоход аргагүй биз ээ.

Хэдий 23 сая хүнтэй ч гэлээ Шанхайн гудамж талбай цэвэр, цэлгэр. Хүн тохьтой амьдрах бүх бололцоог хангаж хүүхэд тоглох, настнууд нарлах, залуус зугаалах талбайг орон сууцнуудын дунд харамгүй гаргажээ. Өвөрмөц гоёмсог цэцгийн мандал, төрөл бүрийн модод бүхий төглүүд хараа булааж, явган хүний замууд өчүүхэн ч энхэл донхолгүй цэлийх нь нутагтаа байнга машинд шүргүүлэх шахам давчдаж явдаг бидэнд түр зуурын амсхийлт болов. Бид хүнээ нийгэмд нь тохируулах гэж багадсан гуталд чихүүлсэн хөл шиг зовоодог бол тэнд нийгмийг хүндээ зохируулан хөгжүүлж байгаа ажээ.

Шанхайд орон сууцны үнэ Монголынхоос хямд, хэрэв бид орчуулагчийн үгийг буруу дуулаагүй бол нэг метр квадрат нь дунджаар 800-1100 ам.доллар гэнэ. Орон сууцыг хувьдаа худалдан авч болох ч байрны доорх газар нь төрийн өмч.  Газар хувьчилна гэсэн ойлголтгүй, 70 жилээр эзэмших эрхтэй. Гэхдээ 70 жил дуусахад дахин сунгах эрхтэй гэх зэргээр үе дамжин оршин суух бололцоог хангажээ.

Машины түгжрэл таван сая автомашинтай Бээжинд ч, түүнээс арай олон унаатай Шанхайд ч алга. Газар доогуур метро, хонгил авто замууд, газрын дээрх давхар давхар гүүрэн зам ийнхүү түгжрэх зовлонгоос салгажээ. Бээжинд авто машины дугаарын эцсийн тоо тэгш, сондгой байхаас хамааран өдөр өдрөөр ээлжлэн замд гаргадаг нь ч нөлөөлсөн байна.

Бээжинд ч, Шанхайд ч түгжрэл байхгүй атал хэдхэн минут замын хөдөлгөөний нягтрал нэмэгдэхэдээс зорчигчид ихэд эмээнэ. Үнэхээр хором хормоор хэмжигдсэн хөгжил дэвшил, өөрчлөлт дэлхийд өрнөж байхад замд түгжрэн зүүрмэглэж хайран цагийг үрнэ гэдэг орчин цагт гамшиг ажээ.

Манай багийн орчуулагч, Хөххотоос уригдан ирсэн Чимгээ бүсгүй Монголын сэтгүүлч биднийг “дарга нар аа” хэмээн “авгайлна”. “Бид дарга биш ээ, жирийн сэтгүүлчид” гэхэд “Монголын хамаг бүдүүн хэвлэлийн сурвалжлагч гэдэг дарга байлгүй яахав. Манай Хятадад сэтгүүлчдийг ихэд хүндэлдэг” хэмээн бууж өгөх янзгүй. Чимгээ үргэлж л “Дарга нар аа, гялалзаарай” хэмээн биднийг шавдуулна. Шалтгаан нь түгжрэлээс сэргийлж буй нь тэр. Дараагийн газарт хүрэхэд хангалттай хугацаа байхад ч “Гялалзаарай” л гэнэ. Зам зуур сайндаа таван минутын саатал гарахад “Хэлээгүй юү. Гялалзаарай гээд байхад. Саатчихлаа” хэмээн шогширно. Гэтэл Улаанбаатарын замын түгжрэлд цаг зав, ажил төрөл, уур уцаар бүхнээ өдөр тутам барж байдаг бидэнд бараг хурдны замаар яваа мэт. Хажуугийн гоё барилга, цэцэрлэгийг тогтоож харж амжаагүй шахамд “түгжрэл” арилчих юм.

Харин Шанхайд айдастай нэг зүйл нь дугуйтай хүмүүс. Бээжин шиг тусдаа дугуйн замгүй тул үдэш орой зам хөнлөн гарах гэж явахад гэрэл дохио ч үгүй дугуйтнууд жирийгээд ороод ирэх нь тун осолтой.

Хятад эдийн засгийн хурдаа сааруулна

Хятад улс өдгөө эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Улс орны тогтвортой хөгжлийн шатанд орж буй нь энэ таван жилийн онцлог ажээ.  Сүүлийн хэдэн жилд Хятадын ДНБ жил бүр дунджаар арав илүү хувиар нэмэгдэж, ДНБ-ий нийт үзүүлэлтээрээ Японыг гүйцэж, дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ороод буй. Гэвч нэг тэрбум гурван зуун сая илүү хүн амтай өмнөд хөрш нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээрээ дэлхийд 100 гаруй орны дараа ордог ажээ. Хүний амьдрал хаана ч ижил тул тэрбумтан баячуудын тоо нь нэмэгдсээр буй Хятадад ядуус 23 орчим сая байгаа нь Шанхай хотын хүн амын тоотой тэнцэнэ. Гэхдээ нийт хүн амтай нь харьцуулбал энэ тоо маш бага хувь эзэлдэг.

Аль ч хотод очиход төмөр аяганд задгай зоос хийн шажигнуулж гуйлга гуйгсад тааралдана. Шанхайн тансаг хороолол дунд жаахан хүүгээ тэврээд машины замын дундуур алхаж, гэрлэн дохион дээр зогссон жолооч нараас тонголзон мөргөж гуйлга гуйх залуухан бүсгүй харагдав. Ямар ч гэсэн түүнийг гар хоосон буцаах хүн гарсангүй. Хэд гурван юань сарвайгаад  “Яв” хэмээн зангах юм. Хүүхдээ цэвэрхэн хувцаслаж өөрөө ч тийм муу хувцас өмсөөгүй бүсгүй цааш ажлаа үргэлжлүүлэхээр одов. Аль ч газрын хүнд тэгш амьдрал заяадаггүй хойно доо.

Ямар боловч нийгмийнхээ дундаж давхрагыг тэлэх зорилтыг Хятадын Засгийн газраас  тавьж өндөр өсөлттэй эдийн засгийнхаа “хөөс”-ийг үлээж бодит төвшинд нь хүргэхээр шийджээ. Ингээд эдийн засгийнхаа өсөлтийн хурдцыг сааруулах бодлого барьж эхэлсэн байна.

Хятадын Засгийн газар анх удаа “Хүн бол бүхний үндэс” гэсэн зарчим барихаар болжээ. Эдийн засгийн хөгжлийн гайхамшигтай өндөр үзүүлэлтүүд удаан дэлбэрдэг бөмбөг тавьсан мэт үйлчилж баян, ядуугийн ялгааг эрчимтэй нэмж, хүмүүсийн орлогын ялгаа ,бүс нутгуудын хөгжлийн төвшин хэт зөрүүтэй болсон, эдийн засаг экспортод хэт чиглэсэн нь Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эсрэг тал боллоо хэмээн дүгнэжээ. Үүнээс шалтгаалж Хятадад бараа, үйлчилгээний үнэ багагүй нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жил 7,2 хувиар өссөн гэнэ. Өргөн хэрэглээний хэд хэдэн барааны үнэ , тэр дундаа улаан буудайн үнэ 11,8 хувь, жимс 15,6 хувь, хүнсний ногоо бараг 19 хувиар өссөн мэдээлэл байдаг аж. Үнэхээр бидний орсон цөөн хэдэн дэлгүүр, захын барааны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нэмүү болсон нь харагдаж байв. Иймээс Хятад улс эдийн засгийн өсөлтөө сааруулан бодит хөрсөн дээр нь буулгаж, гол нь иргэдийнхээ амьжиргааг дээш татах зорилт тавьж эхэлжээ.

Эдийн засгийн өсөлтийн сүүдэртэй тал яг одоо Монголын эдийн засагт үйлчилж эхэлжээ гэсэн бодол тэр үеэр төрж байлаа. Эдийн засгийн өсөлтийн хурдац түргэсч, Хятадыг бараг гүйцэж түрүүлээд ганцхан жилийн дотор ядуурал 10 хувиар буурсан хэмээж буй ч бодит байдал дээр миний мэдэх Бат, Доржийн амьдрал хэдэн жилийн өмнөх яг тэр буурин дээрээ байгаа нь үнэхээр хөөсөн эдийн засгийн жишээ гэлтэй.

Урлагийн гудамж, Хориотой хот, Ма овогтын эдлэн

Сэтгүүлчид аяллынхаа үеэр түүх, соёлын газруудаар орсон юм. Бээжин хотын баруун дүүрэгт “798 урлагийн гудамж” хэмээх газар бий. Анх Герман-Хятадын хамтарсан үйлдвэрийн газар байсныг 2002 оноос уран бүтээлчдийн урлан, үзэсгэлэнгийн танхимууд, дуудлага худалдааны бирж болгон тохижуулжээ. Зөвхөн Хятадын бус орон орны уран бүтээлчдийн бүтээлийг эндээс харж болно. Үйлдвэрийн 798 дугаар цех байрлаж байсан тул “Урлагийн гудамж 798” нэрээр уг бүсийг алдаршуулжээ. Францын Ерөнхийлөгч байсан Н.Саркозе, Германы Шредер нарын нэртэй улстөрчид ирж үзэж сонирхож байсан байна. Монголоос барималчин Б.Дэнзэн уг газраар орж байжээ.

Танхимуудын нэгд олон хөхтэй үнээг үй түмэн хүн, мал шавааран хөхөж дэлэн дэхь сүүг нь ховх сорж буй баримал тавьжээ. Эх дэлхийнхээ баялгийг хэрхэн хайр найргүй сүйтгэж буйг үүгээр үзүүлсэн байна. Гэрлийн кабель утсыг бөөгнүүлэн зангидаж овоолоод дээр нь машин тэрэг шаваарч шахцалдан байгааг дүрсэлсэн нэгэн өвөрмөц бүтээл байсан нь Данийн уран бүтээлч жирэмсэн эхийн амаржиж буй үеийн өвдөлтийг харуулсан нь тэр аж. Машин тэрэг нэгэн дор овоорч бие биеэсээ түрүүлэх гэж дайралцан дуу дохиогоо зэрэг зэрэг хангинуулан зүтгэсэнтэй ижил их зовиур тарчлааныг ээж хүн үрээ төрүүлэхдээ мэдэрдгийг түүгээр харуулжээ. Урлагийн өвөрмөц сонин бүтээлүүдээс өгсүүлээд зүгээр л хуучин өмд, цамц, хувцас хунарыг зүйн оёж хананд зүүсэн зэрэг олон мянган үзмэрийг Урлагийн гудамжнаас харж болох ажээ.

Бээжин хотын төв, Тянь Ань Мэний талбайд орших хааны ордон буюу Хориотой хотод мөн зочиллоо. Ер нь Бээжинг зорьсон хүн бүр үүгээр дайраад гардаг нь ёс билээ. Тиймээс түмэн хэлийн хүн нэгэн дор цугдардаг газруудын нэг нь энэ юм. Уг ордныг  Мин улсын Юн лэ хааны дөрөвдүгээр он буюу 1406 онд эхлэн байгуулж, Юн лэ хааны 18 дугаар он буюу 1420 онд барьж дуусгажээ. Манж Чин улсын төр 1911 онд мөхөх хүртэл 500 гаруй жилийн тvvхэнд нийт 24 хаан энд ямбалан, төр гvрний их хэргийг шийдэж байжээ. Мин улсын Юн лэ-гээс Чөн Чжэнь хvртэл14 хаан, Манж Чин улсын Эеэр засагчаас Хэвт ёст хаан хvртэл 10 хаан уг хотод залран сууж бvх Хятадыг захирч байв. Манж Чин улсын сүүлчийн эзэн хаан Фу И 1912 оны арванхоёрдугаар сард хаан суудлаас бууснаар Хааны ордныг  музей болгох үндэс суурийг тавьжээ. 

Хааны ордон буюу Хориотой хотын  барилгын талбай нь 160 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд 8700 гаруй өрөө бvхий орд харш vлджээ. Энэ нь дэлхийд хамгийн том бөгөөд бvрэн бvтнээрээ үлдсэн эртний орд харш гэдгээрээ онцлог. Хааны ордон дөрвөн талаараа 10 метр орчим өндөр ханан хэрэмтэй. Хэрмийн гадуур 50 метр гаруй өргөн суваг татан усаар дүүргэж хамгаалалтын зурвас татсан нь одоо ч янзаараа.

Хааны ордонд 9999 бүтэн, нэг тал өрөө бий гэдэг. Эртний домгоор Хурмаст тэнгэрийн орд өргөө 10 мянган өрөө тасалгаатай байдаг ажгуу. Хятад заншлаар хаан нь хурмастын хvv тул Хурмастын ордноос хагас өрөөгөөр дутуу орд өргөөг цогцлоожээ.

Шанхайд зочлохдоо тэндээс нэлээд зайтай эртний Зу Жиажиао хэмээх эртний түүхт тосгонд очлоо. 1700 жилийн түүхтэй эл тосгон одоо жуулчны бааз болжээ. Ма овогт хэмээх чинээлэг эрхмийн эдлэн газарт хөл тавьсан юм. Ма овогт таван эхнэр, гурван хүү, гурван охинтой. Тухайн үедээ Германы соёлыг ойр хавьдаа түгээгч, давсны наймаа хийж хөрөнгө цуглуулаад улмаар сургууль, гэрийн театр байгуулж эдлэнгээ олны хөлийн газар болгосон хүн байжээ.  Эрчүүд толгой дараалан сахалтай байхад мань Ма овогт л ганцаараа мулзан байсан нь нэлээд өвөрмөц нэгэн байсныг илтгэнэ. Ма гэдэг нь морь гэсэн үг бөгөөд далайн хөвөөнөөс морин толгойн хэлбэртэй хад олж бэлгэшээн үүдэндээ залсан нь одоо ч хэвээрээ. Нэгэн байрных нь үүдэнд зэргэлдээ хоёр ихэр худаг байх агаад нэг худаг руу өнгийхөд усанд нь нөгөө худгийн дэргэд зогсох хүний дүрс харагддаг нэн өвөрмөц бүтэцтэй юм. Таван баганат сэхээвч бүхий нь таван эхнэрийг нь бэлгэджээ. Багана бүрийн оройгоос савартаа эрдэнэ атгасан бар доош унжиж байгааг дүрсэлсэн нь албан тушаал ахиж, будаа тариа, мөнгө хөрөнгө арвин байхын бэлгэдэл ажээ. Түүний дор суусан хүн албан тушаал, мөнгө баялгаар дутдаггүй гэнэ. Тушаал ахих дуртай нөхдийг аваачиж суулгавал хэрэг болох болов уу гэсэн хошин бодол төрж байв.

Хятадад социалист хувьсгал өрнөхөд Ма овогтын эд хөрөнгийг хурааж, гэрийн эзэн удалгүй өөд болж, хүүхдүүд нь АНУ, Тайвань руу гаран явцгаажээ. Харин хураасан хөрөнгийг манайхан шиг устгачихсангүй, жуулчны бааз болгон үлдээсэн нь сайшаалтай. 

БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан төрийн бус байгууллагын урилгаар  өмнөд хөршийн өнөөгийн байдал, түүх соёлтой зурвасхан танилцсан сэтгүүлчдийн аялал ийнхүү өндөрлөлөө.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж