Ц.Элбэгдорж: -УИХ дээр танайтай холбоотой ямар асуудал яригдаж байгаа билээ?
Л.Амарсанаа: -Цахим үнэмлэхээр сонгууль өгүүлэх боломжгүй болсон тул УИХ дээр гурван заалт бүхий нэг тогтоолыг ярьж байгаа. Нэгд Засгийн газрын 1999 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхийг 2012 оны сонгуулийн санал хураалтад ашиглах, хоёрт энэ сонгуульд Иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээлэл болон иргэний фото зураг, хурууны хээн өгөгдлийг ашиглаж сонгогчийг таньж шалгах ажиллагааг зохион байгуулах тухай юм.
Ц.Элбэгдорж: -Хөдөө орон нутагт сум, баг дээр наадахыг чинь ашиглах боломж байгаа юу? Техник хэрэгсэл нь очих уу?
Л.Амарсанаа: -Бид болно гэж үзэж байгаа. СЕХ-н дээр илүү тодорхой мэдээлэл өгнө байх. Бид та бүхэнд үзүүлнэ.
Ц.Элбэгдорж: -Регистрийн дугаараа хийхэд л мэдээлэл гарах уу?
Л.Амарсанаа: -Хурууныхаа хээг хийхэд л болно. Сонгуулийн хэсгийн хороо бүр дээр санал өгөх сонгогчийнх нь тоогоор мэдээлэл суулгасан нэг компьютер байх юм. Гэхдээ энэ техник хэрэгсэл СЕХ-ны мэдэлд байгаа. Тэд тендер зарлаж авсан. Тиймээс хоёр байгууллага ажлаа зохицуулаад мэдээллийн сангаа суулгаад 1908 хэсгийн хороонд албан ёсоор хүргүүлэх юм. Бид тэгж ойлгож байгаа. Нэг анхаарах чухал асуудал бий. Тэр уншуулж буй хурууны хээ, сангийн мэдээлэл хоёрыг хооронд нь таниулах програм хангамжийг СЕХ тендерээр хийх байгууллагыг нь шалгаруулж суулгах юм. Үүнд цаг хугацаа бага үлдлээ гэж бид санаа зовж байна.
Ц.Элбэгдорж: -Энэ талын зохион байгуулалт, санхүүгийн асуудал шийдэгдсэн үү?
Л.Амарсанаа: -Шийдэгдсэн. Одоогоор ямар нэг мөнгөний яриа гарахгүй байгаа. Техник хэрэгслээ аваад ирсэн гэсэн.
Ц.Элбэгдорж: -Сонгуулийн хуулийн 20 дугаар зүйлд заасанчлан сонгогчдын бүртгэл, нэрсийн жагсаалтыг алдаа давхардалгүй гаргана. Үүнийг УБЕГ удирдлагаар хангана, итгэмжлэгдсэн ажилтан ажиллуулна гээд байгаа. Энэ ажлууд хийгдсэн үү?
Л.Амарсанаа: -Хийгдсэн. Нийслэлд хэсгийн хороодын сонгогчдын тоог 3000 хүртэл, аймгийн төвийн суманд 2500 хүртэл, бусад хэсгийн хороод 2000 хүртэл гэж хуульд заасан байгаа. Ингээд бодохоор 1000 хүртэл сонгогчтой хэсгийн хороонд нэг, 2000 хүртэл бол хоёр, 3000 хүртэл бол гурван итгэмжлэгдсэн ажилтан ажиллахгүй бол цаг хугацааны хувьд техник ажил нь багтахааргүй байгаа. Тооцоогоор 1908 хэсгийн хороонд 2934 итгэмжлэгдсэн ажилтан ажиллахаар байна. Энэ улсууд мэдээллийн сантай харьцах учраас албан ёсоор тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Бүх хүнтэйгээ энэ талаар ярилцаад сонголтоо хийчихсэн байгаа.
Ц.Элбэгдорж: -Монгол Улс хэдэн оноос хойш хүнээ бүртгэсэн юм. Танай архивт хэдэн оноос хойшхи цаасан дээрх бүртгэл байгаа вэ? Иргэн нас барснаас хойш мэдээллийг нь хэдэн жил хадгалдаг юм?
Л.Амарсанаа: -1951 оноос анх бүртгэсэн. Нас барснаас хойш 70 жил хадгалах ёстой.
Ц.Элбэгдорж: -Нэг тоо лавлая. Иргэний шинэчилсэн бүртгэлээр 2010 оны арванхоёрдугаарын 31, 2012 оны тавдугаар сарын 1-ний тоо хоорондоо 300-гаад мянган хүний зөрөөтэй байсан. 2010 онд надад өгсөн мэдээллээр 95 хувийг нь бүртгэчихлээ гэж байсан санагдана. Хүн амын өсөлтөөр бол ийм их баймгүй. Энэ тоон өсөлтийн учрыг асуумаар байна. Хоёр жилийн дотор ингэж өсөхгүй шүү дээ.
Л.Амарсанаа: -Нэгд тэр үед бүртгэлд өөрсдөө зориуд ороогүй үлдсэн хүмүүс байгаа. Хоёрт бичиг баримтын зөрчилтэй хүмүүс нэлээн байсан. Өөрөөр хэлбэл бичвэрийн зөрөөтэй гэсэн үг. Гуравдугаарт гадаадад амьдарч байгаа 16-аас дээш насны иргэдийн бүртгэлд хүндрэл байсан. Тавдугаар сарын 1-ний байдлаар гадаадад байгаа 32885 иргэн бүртгүүлсэн байна. Хилээр гарсан бүртгэлээр үүнээс олон байх ёстой.
Ц.Элбэгдорж: -Энэ чинь нийт гадаадад байгаа бүртгэх ёстой иргэдийн хэдэн хувь болж байгаа юм бэ?
Л.Амарсанаа: -Манайхны гаргасан тоогоор 103-104 мянган хүн байна. Тэгэхээр цаана нь 70-аад мянган хүн бүртгэгдээгүй байна гэсэн үг.
Ц.Элбэгдорж: -Монголдоо байгаа хүмүүсийн бүртгэгдсэн тоо 1 940 875 гэсэн. Энэ зуун хувь байж чадах уу? Эсвэл хамрагдаагүй улсууд байна уу? 64 мянгаас бусдыг нь асууж байна.
Л.Амарсанаа: -95 орчим хувь гэж гарч байгаа. Сонгуулийн насныхан нь 98.4 хувь байгаа. Хилийн чанадад байгааг оруулаад шүү.
Ц.Элбэгдорж: -Таван хувь бүртгэлд хамрагдаагүй гэдэг чинь 150 мянга орчим хүн гэж үзэж болох уу? Нөгөө шинэчилсэн үнэмлэхээр санал өгнө гэсэн хүмүүс яаж өгөх юм? Хэдийд иргэний үнэмлэх өгөх хугацаа зогсох юм?
Л.Амарсанаа: -Тэр орчим тооны гэж болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс хуучин иргэний үнэмлэхийг олгохоо зогсоосон. Тэр үеэс тавдугаар сарын 1-ний хооронд үнэмлэхийг орлох зурагтай лавлагааг 64940 хүн авсан байгаа. 16-гаас дээш насныхан. Үүнээс сонгуулийн насныхан нь 40 орчим мянган хүн байна. Түрүүн би УИХ-ын тогтоол гарах тухай дурдсан. Түүний гурав дахь заалт нь “Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болгосон, шинээр авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын сонгуулийн насны иргэдэд иргэний шинэчилсэн цахим үнэмлэхийг хэвлэж тараах ажлыг зохион байгуулах” гэсэн байх юм. Тэгэхээр иргэний үнэмлэхний оронд лавлагаатай байгаа хүмүүст УИХ-аас тогтоол гарч үүрэг өгвөл цахим үнэмлэхийг хэвлэж олгох болно.
Ц.Элбэгдорж: -Иргэний үнэмлэх өгөхийг хэзээ зогсоох билээ?
Л.Амарсанаа: -Иргэний үнэмлэх биш. Хоёр янзын шилжилт хөдөлгөөн байгаа юм. Засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг сонгууль зарласан өдрөөс санал хурааж дуусах өдрийг хүртэл зогсоож байгаа. Дөрөвдүгээр сарын 28-аас зургадугаар сарын 28 хүртэл гэсэн үг. Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө зогсооно гэсэн заалттай. Энэ сарын 28-наар зогсооно гэсэн үг.
Ерөнхийлөгч үүний дараа “Иргэний бүртгэлийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийг будлиангүй шударга явуулах нь чухал. Ингэхдээ өмнөхөөсөө сургамж авч, 2009 оноос хойш Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төвшинд, бүртгэлийн газрын хүрээнд бүгд анхаарч ажилласнаар өнөөдрийн үр дүнд хүрч буй гэж бодож байгаа. Энэ үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар буруу ашиглах явдал байж болохгүй. Иргэд хөндлөнгийн хяналт тавих ёстой. Дээр нь үүрэг хүлээсэн байгууллагууд хяналт тавьж байгаа. Ямар нэгэн буруу үйлдэл гарах юм уу, өмнө нь гарч байсан үйлдэл давтагдвал хуулиар хариуцлага хүлээдэг болсон. Тиймээс маш өндөр хариуцлагын асуудал байгаа. Үүнийг сайн ойлгоорой. Төр харах юмаа харж байгаа, хянах юмаа хянаж байгаа шүү. Сонгуулийг яг хуулийн дагуу, иргэний бүртгэлийн дагуу ямар нэг алдаа мадаггүй, хэл яриагүй явуулахад бид бүхэн анхаарах ёстой” хэмээн анхааруулсан. Харин УБЕГ-ын дарга Л.Амарсанаа дарга “Бид хуулиар хүлээсэн үүргээ сайн ухамсарлаж байгаа. Үүнд төр засаг итгэлтэй байж болно. Бүх зүйл иргэдийнхээ хяналтад байгаа” гэлээ.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн зохион байгуулалт, санал хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа. “Энэ удаагийн сонгууль хосолсон тогтолцоогоор явагдана. Анх удаа гадаадад оршин сууж байгаа иргэд саналаа өгнө. Сонгогчийн нэрсийн жагсаалт иргэний шинэчилсэн бүртгэлд тулгуурлаж байгаа. Мөн анх удаа санал өгөх, саналын хуудас тоолох ажлыг автоматжуулсан, анх удаа хоёр сонгууль нэг өдөр, нэг саналын хуудсаар авах гэж байгаа зэрэг олон онцлогтой тул хийж бэлтгэх ажил их байна” гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав танилцуулсан юм.
Энэ жил 26 тойрог, 1908 хэсгийн хороогоор нэг сая 839 мянга 984 сонгогчийн нэрсийн жагсаалтыг УБЕГ-аас цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч, сонгуульд оролцох 11 нам, хоёр эвслийг бүртгэжээ. Хилийн чанадад ажиллаж буй 39 ЭСЯ, дипломат корпусын газраар дамжуулан саналаа өгөх иргэдээ бүртгэж эхэлсэн байна. Энэ жилийн сонгуулийн нэг чухал зүйл бол саналын хуудсыг тоолох ажиллагааг АНУ-ын “Доминион Вотинг Системс” компанийн саналын хуудсыг автоматаар тоолох хайрцаг гүйцэтгэх юм. Нийт хэсгийн хороодод байрлуулах болон явуулын, нөөцийн гэх мэтчлэн 2500 автомат хайрцаг авчрах ёстойгоос 1200 гаруйг нь авчирч бэлэн болгожээ. Сонгуулийн тухай хуулийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Сонгогчдод арга зүйн туслалцаа үзүүлэх журам баталлаа. Саналын хуудсыг ирэх зургадугаар сарын 6-наас хэвлэж эхлэхээр төлөвлөж байгаа гэв.
Ерөнхийлөгч, сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим сонирхсон асуултаа тавьж хариулт авсны дараа нь тэрээр санал өгөх, саналын хуудсыг автомат хайрцагт хийх, саналын хуудсыг тоолох ажиллагаатай танилцсан юм. Сонгогч санал өгөх байранд орж ирээд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлж бүртгэлийн хуудсаа авна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу тухайн сонгогчийг үндсэн мэдээллээс гадна фото зургийн мэдээллийн сан, биеийн дахин давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулсан мэдээллийн сантай тулгаж байгаа тул сонгогч дахиж саналаа өгөх боломжгүйг компьютер харуулах аж. Үүний дараа саналын хуудсан дээрх тэмдэглэгээг зааврын дагуу хийгээд хуудсаа автомат хайрцагт хийнэ. Хааш нь ч харуулж, яаж ч хийсэн сонгогчийн саналыг уншаад автоматаар бүртгэнэ. Энэ явцад санал тооцогдохгүй байх, “алга болох” боломжгүйг туршилтаар харуулсан.
СЕХ-ны үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр хэлэхдээ “Жирийн иргэнээсээ эхлээд улсын Ерөнхийлөгчөө хүртэл хэн ч бай сонгуулиа шударга явуулах боломжтой юм байна гэсэн тэр итгэл үнэмшлийг л олж авах нь чухал байгаа юм. Сонгуулийг хуулийн дагуу, шударга явуулах чиглэлд 2009 оноос хойш олон ажил хийсэн байгаа. УИХ, Засгийн газар, холбогдох яам газрууд бүгд анхаарч ажилласан. Миний хувьд сая ИБЕГ-т очиход эрх зүйн хувьд, санхүү, техник хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд иргэний бүртгэл давхцах, хүндрэл учрах зүйлгүй болжээ. Ийм боломж бүрэн бүрджээ гэсэн итгэл үнэмшил төрж байна. СЕХ-ны даргын саяын танилцуулгыг харж байхад сонгууль явуулахад, одоо төлөвлөж байгаа ажлуудаа хэрэгжүүлээд ажиллахад сонгуульд өмнө нь гардаг байсан будлиан маргаан гарахгүй байх эрх зүйн зохицуулалтыг сайн хийж өгсөн, амьдралд хэрэгжих боломжтой юм байна” гэсэн юм. Мөн өмнө нь манай хуульд хариуцлагын тухай асуудал их сул байдаг байсан. Хуулиа батлахдаа баахан үүрэг, эрх ярьж байгаад хариуцлага дээрээ очоод мартдаг байсан. Энэ удаад хариуцлагын асуудлыг УИХ-ын сонгуулийн хуульд ч, НИТХ-ын сонгуулийн хуульд ч хийж өгсөн гэж ойлгож байгаа. Хариуцлага алдах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах юм бол ямар хариуцлага тооцохыг Захиргааны хариуцлагын болон Эрүүгийн хуульд заасан. УБЕГ болон СЕХ-ны хамтын ажиллагааны харилцан уялдаа маш чухал байна. Энэ талаар ямар нэг хүндрэл гарахгүй гэж бодож байна” гэсэн юм.