Энэ номонд дунд, богино хугацааны зорилгоь ажлын зохион байгуулалт, уулзалт зохион байгуулах, хэрхэн цагаа зохицуулан ажиллавал эрүүл мэндэд хоргүй вэ гэх мэт олон мэдээлэл байсныг бүгдийг нь энд дурдах боломжгүй юм. Тиймээс энэ бүгдээс өдрийн ажлаа хэрхэн төлөвлөх, түүнийгээ үнэлэхтэй холбогдсон хэсгээс дурдъя.
Эхний ээлжинд цагаа хэрхэн, юунд зарцуулж байгаа одоогийн байдалдаа шинжилгээ хийнэ. Ингэхдээ ажил дээрээ хэдэн цагт ирсэн гэдгээс эхлэх бөгөөд ямар ажилд хэдэн минут зарцуулж байгаагаа бичих хэрэгтэй. Ингээд тодорхой хугацааны дараа тухайн тэмдэглэлээ бүгдийг нь нэгтгэхээр хамгийн их цаг зарцуулдаг ажлууд гарч ирэхээс гадна яг ямар хэрэггүй зүйлд цагаа зарцуулаад байгаа нь гарч ирнэ. Мөн хугацааны аль мөчлөгт гол ажлуудаа амжуулж байгаа болон өөрийн үр бүтээлтэй цагийг мэдэж авахад хэрэг болно.
Дараагийн үе шат нь шинэ төлөвлөгөөгөө боловсруулна. Мэдээж хамгийн жижиг хэсэг болох өдрийн төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг нь болдог мөн дунд хугацааны зорилгоо биелүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тиймээс тухайн өдрийнхөө төлөвлөгөөг хийж чадахгүй л бол хэзээ ч зорьсондоо хүрч чадахгүй гэсэг үг. Өдрийн төлөвлөгөө нь долоо хоногийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байдаг ба үүнийгээ хийхдээ Нэг өдрийн төлөвлөгөөгөө өмнөх өдөр нь бэлдэх ба аль болох урд хийсэн шинжилгээн дээрээ үндэслэж хугацаагаа тооцоолно. Хийх ажлын дарааллаа хамгийн чухалаас нь эхлэн дарааллуулна, үүнийхээ дараа хамгийн яаралтайгаар нь эрэмбэлнэ. Доорх зураганд хамгийн түрүүнд хийгдэх ажлууд нь A, B, C, D гэсэн дарааллаар хийгдэнэ.
Өөртөө хэт их ачаалал өгч болохгүй. Мэдээж ажлын 8 цагийг бүгдийг нь үр дүнтэй ажил хийж өнгөрөөнө гэж байхгүй. Гаднаас утасны дуудлага орж ирэх, имэйлд хариу өгөх болон бусад гадаад хүчин зүйлээс хамаарсан цаг зарцуулалтыг мөн тооцох хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс гар утсыг ихээр хэрэглэх болсон тиймээс утсаар ярихдаа аль болох товч, тодорхой ярих нь цаг хэмнэхээс гадна мөнгийг ч давхар хэмнэдэг. Тиймээс утсаар ярихынхаа өмнө багахан хугацааг ярих зүйлийнхээ талаар бага зэрэг бодох, төлөвлөх хэрэгтэйг онцолсон байна лээ. Ингээд одоогийн мөрдөж байгаа төлөвлөгөөний дагуу ажлаа амжуулж чадахгүй бол дахин эхнийхээ үе шат руу шилжинэ. Нэг зүйл нэмж хэлэхэд хүнд "үгүй" гэж хэлж сурах хэрэгтэй ихэнхи хүмүүс тэгэж хэлдэггүйн улмаас цаг төлөвлөлт нь алдагддаг гэж байсан. Манайхан ч "үгүй" гэж хэлж бараг чаддаггүй хүмүүс дээ.
Би энэхүү цаг төлөвлөлтийг хагас жил хэрэгжүүлж үзсэн үнэхээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг юм билээ. Харин энд ирсэнээс хойш хичээл, гэрийн даалгавар гэсээр бусад зүйлд бараг цаг зарцуулах боломжгүй болсон мөн хийж байгаа зүйл маань цөөхөн учир цаг төлөвлөөд байх зүйлгүй. Миний хувьд ер нь өглөөнөөс орой хүртэл л компьютер дээрээ сууж байдаг. Одоо хичээл амарсан учир ном, сонин, өгүүллэг унших, программ боловсруулах, түүнтэйгээ холбоотой мэдээлэл хайх гэх мэтийн ажлуудыг хийж байсан ба яг юун дээр нь цагаа дэмий үрээд байгаагаа мэдэхийн тулд шинжилгээ хийв. Тэгсэн интернэтээс Монголын талаарх мэдээ уншихад бараг 3 орчим цаг зарцуулж байна. Сүүлийн үед эхнэр маань "a man, locked on the laptop" гэж дууддаг болоод байгаа. Одоо цагаа төлөвлөөд тэрхүү дэмий үрж байсан цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх, хааяаа блог бичих зэргээр өнгөрөөдөг болоод байна.
Та ч гэсэн дээр дурдсан зүйлүүдийг туршаад үзээрэй. Амжилт хүсье.