…Жаахан Бархас замын хөдөлгөөний дүрмийг сайн мэднэ. Тэр байнга гарцаар зам хөндлөн гардаг байсан. Нэгэн удаа сургууль руугаа гарцаар гарч явтал архи уусан согтуу жолооч түүнийг дайрч амь насыг бүрэлгэн түүний мөрөөдлийг байхгүй болгосон…
Энэ бол нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг 25 дугаар эмийн сангийн урд УНИ 09-66 улсын дугаартай машинд дайруулан бурхны оронд очсон 10 настай Бархас хүүгийн ангийн нөхдийнх нь хийсэн зурагт хуудсан дээр бичигдсэн мөрүүд. Эх орондоо хэрэгтэй сайн хүн болно гэсэн мөрөөдөл тээж явсан энэ жаал согтуу жолоочийн гайгаар дэндүү эрт нөгөө ертөнц рүү оджээ. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж байсан энэ жаалхүү чухам хэний өмнө, ямар буруу үйлдэл хийснийхээ төлөө ийм том шийтгэлийг амсана вэ? Угтаа түүнд буруу байхгүй. Машин хэмээх төмөр хүлгийг жолоодож явсан Ш.Алтанхуяг гэх жолоочийн буруу. 70 хувийн согтолттой байсан тэрээр дайрсныхаа дараа 15 метр газар чиржээ. Одоо тэрээр хэрхэн шийтгүүлэхээ хүлээж суугаа.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд өртсөн 250 осол бүртгэгдэж, үүний улмаас гурван хүүхэд нас барж, 267 хүүхэд гэмтэж бэртжээ. Зам тээврийн осол өмнөх жилийнхтэй харьцуулахад 15,2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 26,5 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ.
Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь явган зорчиж яваад осолд өртсөн бол, үлдсэнийг нь тээврийн хэрэгслээр зорчиж байгаад өртсөн хүүхдүүд эзэлж байна. Явган зорчиж байгаа хүүхдүүд ихэнхдээ сургууль орчмын замд зам хөндлөн гарах гэж байгаад зам тээврийн осолд өртдөг ажээ. Мөн хүүхдүүд бөөнөөрөө буюу хоёр, гурваараа явж байгаад зам тээврийн осолд өртөж байгааг мэргэжилтнүүд сануулж байсан юм.
Зам тээврийн ослоор нас барж байгаа хүүхдүүд ихэвчлэн гарцаар гарч байх үедээ дайруулсан байдаг бол дийлэнх хувийг нь жолоочийн буруутай үйлдэл эзэлдэг аж. Энэ онд нас барсан гурван хүүхдийг согтуу жолооч дайрсан байна. Хэдийгээр шийтгээд, торгоод, эрхийг нь хасдаг ч өнөө хэр нь замын хөдөлгөөний осол буурсангүй.
Гэхдээ явган зорчигч, жолооч гэлтгүй хүн бүхэн замын хөдөлгөөний соёлд суралцах нь зүйн хэрэг. Харамсалтай нь согтуурхсан үедээ жолоо барин хүний амь насыг хохироож, өөрөө шоронд орох хүн цөөнгүй. Явган зорчигчдод ч гэсэн замын хөдөлгөөний соёл дутмаг байгааг албаны хүмүүс сануулж байна.
Ухаан сууж амжаагүй бяцхан жаалуудад буруу бий гэж үү? Насанд хүрсэн бид ч бяцхан хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм зэргийг эртнээс зааж өгмөөр. Магадгүй өнөөдөр та жолооны ард суухаасаа өмнө тунгааж үзээрэй. Таны буруутай үйлдлээс болоод Монгол Улсын нэг иргэн нас барж болох юм. Болзошгүй ослоос та өөрийгөө болон бусдыг сэрэмжлээрэй. Магадгүй Бархас шиг олон жаал ирээдүйд эрүүл энх дэгэж дэрвэж явах боломж жолооч таниас шалтгаалах ч юм билүү.
Автомашинд дайруулах үзэгдэл дэлхий нийтээр ер буурахгүй байгаа ч ямар нэгэн ухуулан таниулах сурталчилгаа явуулаад ч хүчрэхээргүй тийм хар үзэгдэл болжээ. НҮБ-аас хүртэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар тусгайлан хэлэлцэж, тогтоол хүртэл баталж байсан түүхтэй. Ингээд ч дийлсэнгүй. Дэлхийд нэг цагт дунджаар хоёр хүүхэд зам тээврийн ослоор нас барж, арван минутанд дунджаар 10 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэсэн эмгэнэлтэй судалгаа бий.