МОХ-ны удирдлагуудыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

МОХ-ны удирдлагуудыг огцрохыг шаардав

МУИС-ийн оюутны холбоо, Оюу­тан Конгрессын төлөөлөл өнгөрөгч баасан гаригт Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлав. Тэд МОХ-ны удирд­лагуудын оюутнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө биш өөрсдийнхөө төлөө ажиллаж, мөнгө угааж байна гэлээ. МОХ-ноос зөвхөн “Тэнгэр даатгал” гэх байгууллагад даатгал нээлгүүлэхээр гэрээ хийсэн нь олон мянган оюутны эрх ашгийг зөрчиж байгаа ноцтой асуудал. МОХ хоёр жилийн хугацаатай бүтэц бүрэлдэхүүнээ сольж шинэчлэх ёстой гэж дүрмэндээ заасан. Энэ хугацаа нь 2012 оны нэгдүгээр сарын 23-нд дуусчихаад байтал бүх оюутнуудын чуулганыг зарлахгүй байгаад ч дургүйцлээ илэрхийллээ.

“МОХ-ны удирдлагууд өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж, хувийн компани мэт болголоо. Оюутны эрхийг зөрчиж байгаа олон асуудал бий. Тавантолгойн хувьцааг оюут­нуу­даас хууль бусаар авах гэсэн, “Тэнгэр даатгал”-ын нэрийг барьж оюутнуудыг хүчээр даатгалд хамруулж бизнес хийсэн, нийтийн тээврийн хөнгөлөлтийн картаар түрий барьж даатгалын мөнгө авсан. 90 мянган оюутан хөнгөлөлтийн карт авдаг гээд бодохоор 90 сая төгрөг тэдний халаасанд орж байна. Мөн нийтийн тээврийн хөнгөлөлтийн картыг тараах ажил хийсэн оюутнуудын урамшууллын мөнгийг өгдөггүй. Зөвхөн МУИС-ын хэмжээнд 10 мянган наалтны 10 сарын хугацаан дахь 12 сая төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа. Яривал их олон асуудал бий” гэж МУИС-ын оюутны холбооны дэд тэргүүн Г.Чойжамц ярьж байна.

Энэ жилээс эхлэн МОХ оюутнуу­дыг даатгалд хамруулах болсон. Гэх­дээ даатгал нээлгэх эсэхийг үл хамааран үнэгүй зорчих билетний үндсэн үнэ дээр 1000 төгрөг нэмж авах болжээ. Угтаа 3200 төгрөгөөр үнэгүй зорчих билет захиалдаг бай­сан бол 4200 төгрөгөөр авдаг бол­сон гэсэн үг. Оюутнууд нийтийн тээврээр явахын тулд заавал “Тэнгэр даатгал”-д даатгуулсан байх ёстой болж байна. Нийтийн тээврээр үнэ­гүй зорчих наалт тараах ажилд оролц­сон оюутнуудад нэг наалт бүрийг нь 120 төгрөгөөр үнэлэн урам­шуу­лал олгодог. Харин МОХ-ноос урамшууллын мөнгөө МУИС, ХААИС, ШУТИС, ЭМШУИС зэрэг олон сургуулиудад өгөөгүй удааж байгаа гэнэ.

Энэ талаар МОХ-ны удирдлагуу­даас тодруулахад “Биднийг огцрохыг шаардаж байгаа нь ХААИС, МУИС, ШУТИС-ийн цөөн хэдэн оюутны шаардлага. Монголын мянга, мян­ган оюутнууд ингэж бодохгүй бай­гаа. Бид өнгөрсөн хугацаанд оюут­нуудын эрх ашгийн төлөө олон зүйл хийсэн. Үүнийг баллуурдаж болох­гүй. Засгийн газраас автобусны хөнгөлөлтийн билетийг 10000 төгрөг бол­гох гэж байсан, бид үүнийг долоон жилийн турш 4700 төгрөгт барьсан. Хэсэг оюутны шаардлагаас болж бид огцрохгүй. Энэ бол тухайн сургуу­лиудын удирдлагын л явуулга” гэж МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга н.Бямбагэрэл ярьж байна.

“Тэнгэр даатгал”-аас энэ талаар асуусан боловч тодорхой хариулт өгсөнгүй. Харин энэ асуудлыг МОХ-ноос асуух хэрэгтэй гээд утсаа тасалсан юм. “Тэнгэр даатгал”-ын компани нь ХАС банкных, харин тус банкны захирал асан Сангийн сайд Ч.Ганхуяг МОХ-г тэргүүлдэг болсоор удаж буй. “Энэ бол Монголын бүх оюутнуудын эрх ашгийг зөрчиж байгаа том асуудал. Биднээр ашиг олдог хэсэг хүмүүс бий боллоо” гэж Г.Чойжамц ярилаа.

Одоогоос таван жилийн тэртээ яг ийм хөдөлгөөн байгуулагдаж нэг хэсэг бужигнаж байгаад таг бол­сон. Хөдөлгөөнийг толгойлж явсан хүмүүс МОХ-д “албан тушаал” дээр очоод чимээгүй болсон билээ. Оюут­ны эрх ашиг чухам хаана явааг одоо мэдэх арга алга. 2009 онд бас л нэг иймэрхүү хөдөлгөөн маягийн зүйл гарч ирээд замхарсан. Оюутнуудын төлөө гэж уриа хашхираад явж байсан хүмүүс бас л МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Мон­голын залуучуудын холбоонд очиж, “зэрэг” нэмсэн билээ. Энэ удаа ч бас оюутнуудын нэрээр шоудаагүй л байгаасай. МУИС-ын оюутны холбооны залуусыг харж л байя.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж