Гишүүдийн эзгүйд хууль батлагдав

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Гишүүдийн эзгүйд хууль батлагдав

Хаврын турш налайж суусан эрхэм гишүүдийн олонх нь чуулганыг өндөрлүүлэхийн даваан дээр ажлаа хаяж, эзгүй үед нь УИХ нэг өдрийн дотор 10 шахам хуулийг баталдаг болов. Тухайлбал, УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар 30 шахам асуудал хэлэлцсэнээс 10 гаруйг нь баталсан юм. Үдээс өмнөх хуралдаанд 20 гаруй гишүүн, үдээс хойшхи хуралдаанд 10 хүрэхгүй гишүүн оролцов. Нэг гишүүн дээд тал нь зургаа, хамгийн багадаа гурван кноп дарж байж санал нь хүчинтэй болж байв. Баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлав. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар иргэдийн газар өмчлөх эрх 2018 оны тавдугаар сарын 1-н хүртэл сунгагдлаа. Албан мэдээгээр 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 255458 иргэн 28287.68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж авчээ.

Гадаад зээлийг нэмэв

УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдаанаар нэг амьсгаагаар шахан баталсан асуудлуудын нэг нь гадаад улсуудаас авах зээлийн хэлэлцээрүүд. Төв банкнаас 2011 оны дөрөвдүгээр улирлаар гаргасан дүнгээр Монгол Улсын гадаад орнуудаас авсан зээлийн нийт хэмжээ 6.8 тэрбум ам.долларт хүрчихээд буй. Гэтэл “Монгол Улсын гадаад зээл байх ёстой хэмжээнээсээ хэтэрлээ. Төв банк яг одоо Монгол Улс хэдий хэмжээний гадаад зээлтэйг ч мэдэхгүй байна” гэж шүүмжилдэг эрхэм гишүүдээс энэхүү зээлийн хэлэлцээрийг батлах үед нэг нь ч байсангүй.  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 77.8 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг гишүүдийн 72.7 хувийн саналаар тус тус баталлаа. Франц улсаас авах 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг өргөжүүлэхэд зарцуулах аж. Зээлийн хугацаа 20 жил, хүү нь жилийн 0.73 хувь юм байна. Тус төв нь улсын хэмжээнд гэмтлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц эмнэлэг бөгөөд жилд 12 мянга гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж, 6500 хүн мэс засал хийлгэдэг аж. Үзлэгийг өдөрт 300 хүнд хийдэг, жилдээ 160 мянгад хүрдэг гэнэ. Тиймээс төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий болжээ.

Харин Австри улсаас авах 40 сая еврог Монгол Улс хоёр салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. Нэг нь эрүүл мэнд, нөгөө нь боловсролын салбар. Чуулганаар баталсан гурав дахь зээл нь Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн санхүүжилтийн хэлэлцээр байлаа. Нийт 15 сая ам.долларыг 25 жилийн хугацаатай авч ашиглахаар зээлийн хэлэлцээрт тусгасан нь гишүүдийн 72.2 хувийн саналаар батлагдлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 71.1 хувийн саналаар батлав. Санхүү эдийн засгийн хямралын үед Монгол Улс гадаадаас зээл хүсэхэд Япон улс энэхүү зээлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх санал тавьж, тусалсан. Одоо харин хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийг ийнхүү хэрэгжүүлэх гэж буй. Энэ хүрээнд нэг тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.долларын зээл авна. Түүнийг макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн үр ашгийг дээшлүүлж, ядуу иргэдийг хамгаалах, эмийн хөнгөлөлтийн хүрээг нэмэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс санхүүжүүлэх болон сурагчдын сурах бичгийг төрөөс даах зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.

Дөрөв дэх нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл. Зээлийн хэмжээ 20 сая ам.доллар, түүгээр Монгол Улс мэдээлэл, технологийн аутсорсингийн төв байгуулах юм байна. Тав дахь нь, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Эрчим хүчний үр ашиг II төсөл”-ийн Зээлийн болон төслийн хэлэлцээр болов. Эрчим хүчний үр ашиг төслөөр 8,5 сая евро, Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслөөр 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг тус тус авах аж.

Гадаадын 10 гаруй оронтой Дипломат харилцаа тогтоолоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улс Андорикийн хаант улс, Бүгд найрамдах Гамби улс, Бүгд найрамдах Гондарус улс, Бүгд найрамдах Малави улс, Бүгд найрамдах Наври улс, Бүгд найрамдах өмнөд Судан улс, Доминникийн хамтын нөхөрлөлийн улс, Самовогийн тусгаар тогтнолын тусгай улс, Соломоны арлуудын улс, Тували улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн олонхийн саналаар баталсан.

Төгсгөлд нь Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгасан авч, гишүүд унагаснаар эл төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн юм. Ингэснээр УИХ-д ирээд хоёр жил шахам гацсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн санаачилсан эл хууль хэлэлцэгдэх боломж бүрдэв. Эл төслөөр санал хураалгахын өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “10 мянган төгрөг хулгай хийсэн иргэн 10 жилийн ял сонсдог, 10 тэрбум төгрөг хулгай хийсэн албан тушаалтан ч адилхан 10 жил авдаг байж таарахгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль нь маш хүнд, шударга зарчим алдагдсан байдаг. Тийм учраас эл төслийг гишүүд дэмжих ёстой. Энэ хуулийн төслийн ард асар олон иргэний эрх, эрх чөлөө, хувь заяа байгаа. Төрөөс явуулж байгаа бодлого уян хатан байх ёстой, тэр тусмаа хийсэн хэрэг, учруулсан хохиролд нь нийцсэн ял ногдуулдаг болох ёстой. Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл л үйлдэгддэг” гэсэн юм. Ингээд Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдээр санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь байнгын хорооноос оруулж ирсэн “Төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн саналын томъёоллыг сөрж, кноп дарснаар эл төсөл хэлэлцэгдлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж