Мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалт

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалт

УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдлээ. Сар гаруйн дараа хийх иргэдийн сонголтод нөлөөлөхуйц нэг гол хүчин зүйл нь улс төрийн намуудын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, гаргаж буй бодлого. Энэ бол тэдний сонгогчдод санал болгож буй нэр дэвшигчдээс илүү анхаарал татахуйц баримт бичиг. Иргэд сонголтоо хийхийн тулд эхлээд тухайн улс төрийн намын дэвшүүлж буй бодлогыг, дараа нь тэр бодлого хэнээр дамжиж хэрэгжих гэж байна вэ гэдгийг харж сонголтоо хийдэг. Харин манайхны хувьд энэ эрэмбэ дараалал тухайн тохиолдол бүрт өөр өөрөөр тавигдах нь элбэг. Иргэд, сонгогчдын хувьд ч ихэнхдээ “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр”, эсвэл “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэх нүүдэлчний уламжлалт сэтгэлгээгээр хандах нь бий.

Өнгөрөгч 2008 оны сонгуулиар сонгогчдыг хамгийн их цочролд оруулсан зүйл нь одоо УИХ-д олонхи суудалтай байгаа хоёр намын амласан амлалт. Сонгуулийн сурталчилгааны эхэн үед Ардчилсан намын дэвшүүлсэн “нэг сая төгрөгийн хувьцаа” сонгогчдоос илүү оноо цуглуулаад байсан бол сурталчилгаа дуусахаас долоохон хоногийн өмнө зарласан МАХН-ын “1,5 сая төгрөг” сонгогчдын олонхийн байр суурийг эргүүлсэн гэж болно. Үүний улмаас өмнө нь бодож боловсруулсан намуудын мөрийн хөтөлбөр, боловсруулсан бодлого бүхэн тамхины ороодос, жорлонгийн цаас болоод өнгөрсөн билээ.

Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр намын амласан амлалт аль аль нь биелсэнгүй. Биелүүлэх ч боломжгүй гэдгийг эрт ухаарсан хоёр намынхан энэ удаагийн сонгуулиас эхлэн “мөнгөн амлалт авахгүй, мөрийн хөтөлбөртөө ч оруулахгүй, сонгогчдын саналыг худалдаж авахгүй” хэмээн тохиролцож сонгуулийн хуульдаа хүртэл хориглосон заалтыг хүлээлгэх хариуцлагатай нь давхар зааж өгсөн. Үүнийх нь үр дүн гэвч энэ удаагийн сонгуулиар харагдах болов уу.

Улс төрийн намын сонгуульд оролцож буй мөрийн хөтөлбөр гэдэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд тус намаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, боловсруулсан бодлого. Үүнийгээ сонгогчдын өмнө дэлгэж тавьж, үнэлүүлж цэгнүүлнэ гэсэн үг. Энэ утгаараа тухайн нам засгийн эрх авсан тохиолдолд зайлшгүй хийж хэрэгжүүлэх ёстой ажлаа хэрэгжих боломж бололцоо, үндэслэл, тооцоотой нь хамт мөрийн хөтөлбөртөө дэвшүүлэх ёстой. Ингэж байж сонгуулийн маргааш ялсан нам нь сонгогчидтойгоо гар барин гэрээ байгуулдаг. Хэрвээ энэ нам эрх барьсан хугацаандаа энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол дараачийн сонгуулиар “уучлаарай, баяртай”-гаас өөр сонголт байхгүй.

Харин Ардчилсан нам болоод Ардын намын нөхдүүдийн аудитын байгууллагаар шалгуулж, СЕХ-нд хүргүүлсэн мөрийн хөтөлбөрийн аваад үзвэл мөрийн хөтөлбөр гэхээсээ мөрөөдлийн жагсаалтаа л дэлгэж тавьсан байна. Нэгэнт Сонгуулийн хууль тогтоомжуудад “мөнгөн амлалт авч болохгүй” гээд заачихсан, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авахыг хориглочихсон учраас намууд энэ удаа “мөнгө л биш бол юу ч байсан яах вэ” гэдэг өнцгөөс харж, ёстой л амлаж болох бүхнийг амласан байна. Овор хэмжээний хувьд тус тусдаа хэдэн хэвлэлийн хуудас ном болохуйц зузаан, агуулгын хувьд бол амьтны аймаг, агаар мандал, айл гэрийн соёл, ах дүүгийн хүмүүжлээс авахуулаад санаанд орсон болгоноо шүүрч авсан хоёр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих, хэрэгжихгүй, хэрэгтэй, хэрэггүйгээр нь үнэлж цэгнэх байтугай, хоорондынх нь ялгааг ч олж харахад бэрхтэй болсон байна. Нэг ёсондоо харж байгаа асуудлуудаа л жагсааснаас биш, хаана яаж хэрэгжих юм гэдэг шийдэл нь байхгүй хий хоосон мөрөөдлийн жагсаалтаас иргэд сонголт хийж чадах уу. Сохроор сонголт хийгээд хэн нэг нь яллаа гэхэд энэ бүх амлалтыг эрх барьж байгаа хугацаандаа хийж чадах уу.

Мэдээж чадахгүй гэдгийг хаана хаанаа, хэн хэн нь мэдэж байгаа байлтай. Гэхдээ чадах, чадахгүй нь хамаагүй, хэн илүү амлаж чадсан нь ав гэдэг хуучин зарчим одоо хэр нь энэ намуудад үйлчилж байгаа юм байна. Ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялах нь чухал болохоос биш, ялсан хойноо юу хийж чадах нь чухал биш болжээ л гэж харагдахаар байна.

Мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалтыг бий болгохын тулд нам тус бүр тодорхой хэмжээгээр хүн хүч, хөдөлмөр гаргасан л байгаа. Ардчилсан нам сүүлийн хоёр жил, Ардын нам жил гаруйн хугацаанд ард түмнээ сонсч, аян хэлэлцүүлэг зохион амьтан хүний ам хэлнээс ч бишгүй нэг чангаасан. Тэрнийхээ ч үр дүнд Ардчилсан нам “Монгол хүн 2020”, Ардын намынхан “Хөгжлийн мод” энэ тэр гэсэн хөтөлбөр ярьж, ард иргэдийн чихэнд хоногшуулахаар хэрдээ зүтгэсэн билээ. Харин тэр цуглуулсан мэдээллээ хөгжлийн хөтөлбөр, концепци болгож цаасан дээр буулгана, хүн бүхэнд итгүүлж үнэмшүүлнэ гэдэг огт өөр төвшний асуудал. Үүний тулд улс төрийн нам гэж байдаг, бодлогоо тодорхойлдог, боловсон хүчнээ бэлтгэдэг. Хэрэв тийм зүйлгүйгээр зүгээр л хүн бүхэнд таалагдах, хүссэн бүхнийг нь гүйцээх, амлаж болох бүхнийг амлах байдлаар явбал энэ улс орон дампуурна биз дээ.

Дөнгөж жил хагасын өмнө УИХ-аар баталсан Төсвийн тогтворжилтын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд “Улсын төсвийн урсгал зардлыг төсвийн орлогын тэдэн хувиас хэтрүүлэхгүй ээ, төсвийн алдагдлыг тэдэн хувьд барина, төсвийн хөрөнгөөр хийж буй хөрөнгө оруулалтыг хумина, төр өөрөө хамгийн том худалдан авагч байхаа болино” гэх мэтчилэн төрийн эрх мэдэл, төсвийн зарлагыг  хязгаарласан өчнөөн олон заалтууд бий. Гэтэл дөнгөж жил хагасын дараа улс төрийн намуудын сонгуульд авч орж байгаа мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалт нь баталсан хууль, гаргасан бодлогынхоо эсрэг явж байна.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж