Кёкүтэнхо макүүчи зиндаанд анх удаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Кёкүтэнхо макүүчи зиндаанд анх удаа түрүүлэв

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын нацу башё хэний ч таамаглаагүй үр дүнгээр төгсч, Кёкүтэнхо Н.Цэвэгням макүүчи зиндаанд анхны түрүүгээ авлаа. Монгол хүн арлын оронд сумо бөхийн дэвжээнээ барилдаж эхэлсэн цагаас хойш 20 жилийг ардаа үдсэн энэ үед сумо бөхийн Монголын “алтан хараацайнууд”-ын нэг гэж болох Кёкүтэнхо түрүүлсэн нь бахархалтай, басхүү өвөрмөц ялалт байлаа. Тэрбээр ийнхүү 38 насандаа дээд зиндаанд түрүү авч байгаа юм.

Тавдугаар сарын 6-20-нд үргэлжилсэн хаврын башёд дээд зиндаанд Монголын найман бөх зодоглосон. Кёкүтэнхо Н.Цэвэгнямын тухайд баруун жигүүрийн маэгаширагийн долоогоос босч барилдан, 12 даваа, гурван унаатай башёг өндөрлүүлж, улмаар сүүлийн өдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Точиозантай нэмэлт барилдаан хийж, хатакикоми мэхээр ялснаар түрүүлэв.

Монгол хүний хүч чадлыг сумогийн дэвжээнээ мэдрүүлж, анх хөл тавьсан Монголын анхны зургаан сумочийн нэг Н.Цэвэгнямын энэ ялалт макүүчи зиндаанд авсан монголчуудын 50 дахь түрүү байснаараа онцлогтой байлаа. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг макүүчи зиндаанд анхны түрүүгээ авсанд нь баяр хүргэж, цахилгаан шуудан илгээсэн байна.

Дээд зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 10 даваа, таван унаа, озэки Харумафүжи Д.Бямбадорж 8-7, озэки Какурюү М.Ананд 8-7, Асасэкирюү Б.Дашням 6-9, Токитэнкү А.Хүчитбаатар 7-8, Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7, Шотэнро Д.Нямсүрэн 9-6 гэсэн амжилтаар хаврыг башёг үдлээ.

Тэд маргааш эх орондоо хүрэлцэн ирж, тавдугаар сарын 23-нд болох “Их Монголын алтан одод-2” шоунд үндэсний бөхчүүдтэй сагсан бөмбөгөөр өрсөлдөх билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж