Дампуурлаас сэргэлт рүү

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Дампуурлаас сэргэлт рүү

Хэмнэх сэтгэлгээ…

Монгол Улсад  хэмнэх сэтгэлгээг үл төрүүлэхүйц, эдийн засагжаагүй
хоёрхон зүйл бий. Хамгийн хямд үнэтэй учраас хайрлах, хэмнэх сэтгэхүй
ард түмнийх нь дунд хөгжөөгүй хэмээн олон улсын байгууллагын мэргэжилтэн
биднийг дүгнэжээ. Тэр нь ус, цахилгаан.
Ус, дулаан, цахилгаанаа хэмнэж чаддаггүй улс хэзээд алдагдалтай, ашигтай
бус ажилладаг байна. Та өдөрт хэчнээн  хэмжээний цахилгаан, дулаан
хэмнэж чаддаг вэ? Үүнийгээ л тооцохгүй бол  бодитой бус үр ашиггүй
зарцуулсан эрчим хүчний мөнгийг та төлсөөр байх нь. Сар бүрийн эхний
долоо хоногт тог цахилгаан, дулааны мөнгөө бид банк явж төлдөг. Тухайн
сард гарч буй мөнгөний хэдэн хувийг нь та үр ашиггүй, зарцуулсан эрчим
хүчид төлсөн бол оо. Ингэж нэг удаа ч болов тооцож үзсэн үү. Хэмнэлтийн
сэтгэлгээ хаана байна вэ?

Цаашдаа хэмнэлтийн горимд өөрөө, мөн үр хүүхдээ сургахгүй бол танайх
эрчим хүчний сул зарлагаас толгой өндийхгүй байж мэдэх нь. Тиймээс 
өрхийн төсвөө алдагдалд оруулахгүйн тулд, өөрөө ч үнийн дарамтад
өртөхгүйн төлөө  өнөөдрөөс эхлээд ногоон эдийн засгийг дэмжин, байгаль
дэлхийгээ хайрлаж, хэмнэлтийн сэтгэхүйд нийтээрээ шилжих шаардлагатай
тулгарч байна.

УИХ-ын 2010 оны “Түлш эрчим хүчний
салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 72 дугаар тогтоол нь
сөхөрч яваа эрчим хүчний салбараа дэмжиж, сөгдөж унахаас нь өмнө
өндийлгөх гэсэн зорилго агуулсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарыг
аварч үлдэхийн тулд 2014 он гэхэд хэрэглэгчдийн нэг кВт.ц цахилгааны
үнийг 115 төгрөгт хүргэхээр болжээ. Тус тогтоол нь иргэдээ тог
цахилгаантай, гэрэл гэгээтэй, халуун, дулаан аж төрөх тогтвортой орчин
бүрдүүлэхэд орших аж. Тиймээс эрчим хүчний үнэ тарифыг бүхий л талаас нь
судалж, хэрэглэгчдийн үнийг үе шаттайгаар нэмэх, зарим хэрэглэгчээ
хамгаалах арга хэмжээг давхар авсан байна.

Уул уурхайн салбарын хэрэглэгчид өнөөдөр нэг кВт.ц цахилгаанд 100 төгрөг
төлж байгаа нь хамгийн “үнэтэй” тариф, манай улсын хувьд.Төвийн бүсэд
амьдарч буй иргэд өдгөө нэг кВт.ц цахилгааныг 84 төгрөгөөр худалдаж авч
байна. Гэхдээ 84 төгрөг нь эрчим хүчний бодит үнэ биш. Эцсийн
хэрэглэгчдэд 100 гаруй төгрөгөөр гэрэл цахилгаан очихоор байгаа. Тиймээс
иргэдийн амьжиргааны түвшинтэй уялдуулан үнийг чөлөөлөх 2014 оныг
хүртэл улсын төсвөөс жил бүр 15 тэрбум төгрөг Төвийн бүсэд  зарцуулах
ажээ. Энэ мөнгө бол иргэд дээр очих ачааллыг багасгах түр зуурын арга.
Харин хоёр жилийн дараагаас эрчим хүчний салбар биеэ дааж ажиллах эрх
зүйн орчныг бүрдүүлсэн тул төрөөс олгодог татаас зогсох нь. Бодит үнээр
төлбөрөө төлнө гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн сэтгэлгээгээр цахилгаан,
дулаанд хандаж амьдарвал танайх эрчим хүчдээ багагүй мөнгө зарцуулах
болох нь ээ.

150 кВт.ц-аас илүүгүй бол хөнгөлөлт эдлэнэ

Танайх сардаа ийм хэмжээний, үүнээс бага цахилгаан хэрэглэдэг бол нэг
кВт.цахилгаанд 79 төгрөг 80 мөнгө төлнө. Харин заасан хэмжээнээс их
цахилгаан хэрэглэвэл бодит үнээр нь худалдан авна. Эрчим хүчний
зохицуулах хорооноос150 кВт.ц-аас дээш эрчим хүч хэрэглэж буй айл өрхийн
үнэ тарифыг нэмэх юм байна. Тогтоолд ч ийм зүйл заалт бий ажээ.
“Хэдийгээр айл өрхийн тариф  79 төгрөгөөс 84 төгрөг болж, үнэ өссөн ч
зардлын өсөлтийг нөхөж чадахгүй байна” хэмээн Эрчим хүчний зохицуулах
хорооны зохицуулагч Н.Мягмарсүрэн учирласан юм.  Хамгийн хямд шөнийн
тариф зөвхөн Монголд л бий. Эрчим хүчний салбартаа хөнгөлөлттэй,
халамжийн бодлого хэрэгжүүлдэг улсад мөн л манайх багтаж байна. Эмзэг
бүлгийн, гэрэлтүүлгийн гээд эрчим хүчний хямд тарифын систем бас л
үйлчилдэг. Тэгэхээр сэтгэлгээгээ өөрчлөх цаг иржээ. Өртгөө нөхсөн үнэ
тариф мөрдсөнөөр  дорх үр дүн гарах аж.


Үнэ тарифаа үнэлж үзэхүй

“Цахилгаан эрчим хүчний үнэ  өөрийн өртгөөс хямд яваа. Өртгөөс хямд зарж
байгаа учраас алдагдалтай. Өнгөрсөн онд эрчим хүчний салбар Монгол
Улсын хэмжээнд нийтдээ 39 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
байна. 2001 онд батлагдаж, 2011 онд шинэчлэгдсэн Монгол Улсын Эрчим
хүчний тухай хуульд Бодит зардлыг хаасан ашигтай үнэ тариф мөрдөнө гээд
заачихсан байдаг аж. Гэтэл ашгийн төлөө бус өртгөө л нөхөхийн төлөө тус
хороо өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Гол шалтгаан нь эрчим хүчний үнэ
тариф нэмэх нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж улстөрчид үздэг.
Тэгэхээр жил бүр бага багаар нэмсээр хоёр жилийн дараа хэрэглэгчдийн нэг
кВт.ц цахилгааны үнийг 115 төгрөг болгох бодлого баримтлах юм байна.

Бодит өртгөө нөхсөн үнэ тариф мөрдөхийн тулд

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, 
дамжуулах, түгээх,  хангах дөрвөн төрлийн үйл ажиллагаа явуулж, эрчим
хүч ч дээрх шат дамжлагуудыг дамжин хэрэглэгчдэд очдог. Эдгээр шат
дамжлагын санхүү, эдийн засгийн нөөц бололцоог өртгөө нөхсөн  үнэ тариф
хангах юм байна. Алдагдалгүй үнэ тарифаар эрчим хүч борлуулснаар
компаниудын засвар үйлчилгээ чанаржиж  техник технологио сайжруулах
техникийн алдагдлаа бууруулах боломж гарч улмаар  найдвартай үйл
ажиллагаа нь дээшилж   хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ хүрнэ. Ингэснээр
хэрэглэгч мөн хожих нь байна.
2. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Одоогийн алдагдалтай үнэ тарифаар цаашилбал хэн ч  хөрөнгө оруулахгүй, хэн ч сонирхохгүй.
3. Хэрэглэгчдэд хэмнэх сэтгэлгээг бий болгоно.
4. Ногоон эрчим хүч, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд үр өгөөжтэй.

Эрчим хүчийг индексжүүлнэ

Эрчим хүчний салбарын үнэ тарифыг 2014 оноос  индексжүүлж, эдийн засгийн
тооцоо судалгааг тун нарийн хийх гэнэ. Индексжүүлэх гэдэг нь эрчим
хүчний үнийг гол зардлуудын өөрчлөлтөөс хамааруулан  автоматаар 
өөрчилнө гэсэн үг. Тус салбарын гол зардалд түлшний/ нүүрс,мазут
тээврийн/ зардал ордог. Станцын зардлын 50 гаруй хувийг түлшний зардал
эзэлнэ. Мөн валютын ханшны зөрүүний зардал гэж бий. Учир нь, манайх бүх
сэлбэг хэрэгслээ гаднаас авч валютаар төлдөг. Жилдээ 200 гаруй сая кВт.ц
эрчим хүч импортолж мөн л  валютаар тооцоо хийнэ.  Урт хугацаатай
зээлийн хүүг ч валютаар төлнө. Хэрэв эрчим хүчний үнийг индексжүүлсэн
тохиолдолд түлшний үнэ, валютын ханш, хэрэглээнийн үнийн индексээс
хамаарч, цахилгаан, дулааны үнэ өсөж, буурах боломжтой болох юм байна.

“Жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим
хүчний хэрэглээг хангах асуудал эрчим хүчнийхний толгойны өвчин болж
байна. Мэдээж шинэ эх үүсвэр яаралтай барих хэрэгтэй. Үүнээс гадна
хэрэглээгээ хэмнэх ёстой. Хэмнэлтийг дэмжсэн бодлого барих нь чухал.
Жишээ нь дулааны алдагдал маш их байна. Цонх, хана, хаалгаар их дулаан
алддаг. Манайхан хэтэрхий үрэлгэн байна” гэж Н.Мягмарсүрэн
ярьсан.Тэрбээр “Эрчим хүчний салбар сүүлийн хоёр жилд өндийж байгаа.
Хуучин сөнөлөө гэдэг байсан. Богино хугацаат өр төлбөр буурч байна. Өмнө
нь авлага нь өглөгөөсөө бага гардаг байсан. Одоо авлага нь өглөгөөсөө
илүү гарч байна. Өрийн сүлжээ тайлагдаж эхэлсэн. Гэхдээ энэ нь бүх юм
сайхан болчихсон гэсэн үг биш сайжрахын эхний шинж тэмдгүүд” гэсэн юм.

Нүүрсний уурхай, станцын олон жилийн хуучин өр төлбөрөөс өнгөрсөн онд
нэлээд буурчээ. Уурхайд авсан нүүрснийхээ  мөнгийг тухай бүр нь төлөөд
явах шинэ тогтолцоо руу шилжсэнийг  салбарынхан онцлов. Алдагдалтай
ажиллаж байсан эрчим хүчний салбар ямартаа ч гаргасан зардлаа нөхөж,
эдийн засгийн эерэг баланстай ажиллах цаг удахгүй ирэх биз нь. Гадаадын
хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт орж ирэх хандлага мэдрэгдэж
эхэлснийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн.

Б.Баяртогтох

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж